“Сентра гоулд” руу мөн бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

“Сентра гоулд” руу мөн бууджээ

Сэлэнгэ
аймгийн Мандал сумын тавдугаар баг буюу Түнхэл тосгонд алт олборлох үйл
ажиллагаа явуулж байсан “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү энэ
сарын 2-ны өглөөний 07.30 цагт  “Онги “ голын тэргүүн Ц.Мөнхбаяр мөн  
С.Самбуу, н. Баяраа, н.Батбаатар нарын дөрвөн хүн  буудсан гэх хэргийг
өнөөдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй. Тэдэнд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 153.2-оор бусдын эд зүйлд халдсан, буу зэвсэг
хэрэглэсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн билээ. Эх сурвалжийн
мэдээллээр  гол  усаа хамгаалах гэсэн иргэний хөдөлгөөний гишүүд  тус
өдөр “Пураам” компаниас гадна бас нэгэн компани руу гал нээсэн тухай
мэдээлэл бий. Энэ талаар “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”
ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваатай уулзаж дараахи  асуултад хариулт авлаа.

-Танай хөдөлгөөний  дөрвөн  гишүүн “Пураам” компаниас гадна бас нэг компани руу халдсан гэх мэдээлэл байна л даа?

-Тийм.
Манай хөдөлгөөний дөрвөн гишүүн тухайн хэрэг гардаг өдөр “Пураам”
компанийн техник хэрэгсэл рүү буудахаас өмнө “Сентра гоулд” компанийн
машин техник  ёнкос руу арав гаруй удаа буудсан юм билээ. Гэтэл тэр
компани өнөөдрийг хүртэл хууль цагдаагийн байгууллагад хандаагүй.  Манай
“Улс  Үндэстнээ аварья” бүлгэмийнхэн  гол мөрний урсац бүрэлдэх эх,
усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий  газарт хууль
бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэл ажлаа хийж буй   “Боро гоулд”
компанийн толгой компани “Сентра гоулд” компанийн  удирдах албаны
хүмүүстэй өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний  өдөр уулзаж шаардлага
хүргүүлсэн. Гэвч тус компани шаардах бичигт  ямар нэгэн хариу өгөөгүй
өнөөдрийг хүрсэн. Тиймээс буу шийдэм хэрэглэхээс өөр арга байгаагүй.

-“Центра гоулд” компани хаана байрладаг ямар учиртай компани вэ?


Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсэрт  “Ноён Уул” гэж  бий. Тэр
уулын хоёр амыг “Пураам” болон “Центра гоулд” компани 168 га газар
нутгийг эзэмшдэг. Тухайн эзэмшлийн газрыг  тойруулаад  торон шон
татчихсан буу барьсан гэрээт хамгаалагчтай тийм л газар. Тус компани
Ноён- Уулаас “Бороо гоулд” руу 50 км засмал зам тавьсан байгаа. Мэдээж
олборлосон алтаа “Бороо гоулд” руу зөөнө гэсэн үг шүү дээ. Өмнө нь тэр
нутаг дэвсгэрийг Гачууртын  н.Чинбат эзэмшиж байгаад   тус компанид
зарсан гэсэн.

-Тэгээд танай гишүүдийг халдахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хэрэг үү?

-Үгүй
гэсэн. Тухайн үед  манай гишүүдийн хоёр нь тус компанийн техник
хэрэгсэл рүү буудсан гэсэн. Харин тэд өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа
нь хууль бус үйл ажиллагаа явуулахаар цэхэж бэлтгэл ажлаа дуусгаад
байгаа энэ үед олон нийтийн анхаарлыг татчих юм бол, хэрэг бишдэнэ гэж
бодож байгаа биз. Манайхан  буун дуу гаргасны дараа тус компанийн Канад
ерөнхийлөгч уржигдар нийслэлд ирж төрөх эмнэлэг барьж  өгөх тухай
гэрээнд гарын үсэг зурж байна лээ.

-Буун дуу гаргасан хөдөлгөөний гишүүд өмнө нь тэр компаниас мөнгө нэхэмжилсэн гэх мэдээлэл ч бий?

-Тийм
зүйл огт байхгүй. Бид өмнө нь тэр компанийн удирдлагатай уулзаж Монгол
орны экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар нутгаа
хамгаалахад нэн чухал энэ хуулийг хэрэгжүүлээч гэсэн шаардлагыг тавьсан.
Өмнө нь бид  Засгийн газарт ч шаардлага хүргүүлсэн. Гэтэл хоёр сарын
хугацаанд ямар ч хариу ирээгүй. Түүгээр ч барахгүй  тус компанийн
захирал  “ Долоон жил энэ газрыг эзэмшинэ” хэмээн ам бардам хэлж байсан.

-Танай хөдөлгөөнийхөн буу шийдэм хэрэглэхээр зэхэж байсныг та бүхэн
мэдэж байв уу. Ингэж буу шийдэмдээ тулахыг зарим хүмүүс эсэргүүцэж
байгаа. Тэмцлийг тайван замаар хийж болох байлаа гэж үзэх хүн ч цөөнгүй
бий л дээ?
-Манай хөдөлгөөнийнхөн Сэлэнгэ аймгийг зорихоос өмнө олон
нийтэд мэдээлэл өгсөн шүү дээ. Хэрэв дээрх шаардлагыг  хэрэгжүүлэхгүй
бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж.  Буудсан  гэдгээр буруутгах гэсэн
оролдлого ажиглагдаж байна.  Ер нь тайван замаар жагсаал цуглаан
хийгээд үр дүнд хүрсэн тохиолдол бий юу.

-Харин?

– Байхгүй .Өнөөдөр буун дуу гаргахаас өөр арга алга.

-Ийм
эрсдэлтэй  арга замаар тэмцэх нь өөрөө хууль бус шүү дээ. Аюултай мөн
сөрөг үр дагавар гарахыг ч үгүйсгэж болохгүй байх л даа?

-Хувийн
ашиг сонирхолоо хангахын төлөө хэнийг ч юуг ч золиослохоос буцахгүй
болсон эрх мэдэлтнүүд болон тэдний хууль бус далд орлогыг бүрдүүлэгчдийн
нэг хэсэг болсон алтанд шунагчдын гайгаар газар шороо сүйтэж байна. Ус
ургамал хордож дуусч байгаа нь бидний нүдэнд илт байгаа шүү дээ. Энэ
хууль бус үйлдлээ таслан зогсоохыг удаа   дараа бид шаардсан боловч  эрх
бүхий хүмүүс энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй. Тиймээс бид газар нутаг
ой мод ус ургамлаа хамгаалахын тулд бүх боломжоо дайчлан нэгдэн тэмцэх
болно.

-Тухайн үед буун дуу гаргасан танай дөрвөн гишүүнийг
уул руу зугтаасныг цагдаагийнхан бүсэлчихлээ гээд л нэлээн дуулиан
болсон доо?

-Манай дөрөв буудаад зугтаасан юм байхгүй.
Цагдаагийнхан ч араас хөөцөлдөөгүй шүү дээ. Одоо эл хэргийг хууль
хяналтынхан шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл хийх боломжгүй. Тэд
маргааш гэхэд Улаанбаатарт ирэх байх. Тэгэхээр олон нийтэд хандаж
тодорхой мэдээлэл хийнэ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж