"Майкрософт"-ын үүсгэн байгуулагч Билл Гейтс бүх эд хөрөнгөө бусдад тарааж, хандивлах 20 жилийн хугацааг өөртөө олгожээ. Өөрөөр хэлбэл, тэр 2045 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд бүх эд хөрөнгөө тарааж дуусаад, "Гейтсийн сан"-г хаахаар төлөвлөж байна.
"Гейтсийн сан" байгуулагдсан эхний 25 жилдээ 100 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивлажээ. Ирэх 20 жилд энэ дүнгээ хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Билл Гейтс мэдэгдээд байна.
Өдгөө 69 настай Гейтс маш олон ном уншсаны эцэст энэ шийдвэрийг гаргасан аж. "Миний уншсан хамгийн сайхан бүтээл бол Эндрю Карнегигийн 1889 онд бичсэн ‘Баялгийн сайн мэдээ’ нэртэй эсээ. Чинээлэг хүмүүс өөрсдийн нөөц баялгаа нийгэмд эргүүлэн өгөх ёстойг тус бүтээл нотолсон байдаг. Энэ нь өнөөгийн бидний мэдэх буяны үйлсийн үндэс суурийг тавьсан тэр үеийн радикал үзэл санаа юм" гэж тэр хэлжээ.
Мөн тэрбээр "Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр шаналж буй нярай, хүүхэд, эхчүүдийн нас баралт болон полиомиелит, хумхаа, улаанбурхан зэрэг өвчнийг таслан зогсоох, ядуурлыг бууруулахад туслахыг хүсч байна. Дэлхийн хамгийн баян орнууд хамгийн ядуу хүмүүсийнхээ төлөө зогсох эсэх нь тодорхойгүй байна" гэв.
"Гейтсийн сан"-д хангалттай нөөц байгаа ч засгийн газрын дэмжлэггүйгээр ахиц дэвшил гарах боломжгүй гэдгийг Гейтс анхаарууллаа.
Эцэст нь тэрбээр "Намайг нас барсны дараа хүмүүс миний талаар юм юм л ярих болно. Гэхдээ тэр баян хэвээрээ үхсэн гэж л лав ярихгүй гэдэгт итгэлтэй байна. Хүмүүст туслах боломжит нөөцийг хадгалахын тулд шийдвэрлэх шаардлагатай олон яаралтай асуудал байна" гэсэн юм.
3,595.11






















































Холбоотой мэдээ