Байр суурь: Мега төслүүдтэй холбоотойгоор тендерийн хуулийг өөрчлөх хэрэгтэй

Байр суурь: Мега төслүүдтэй холбоотойгоор тендерийн хуулийг өөрчлөх хэрэгтэй

Байр суурь: Мега төслүүдтэй холбоотойгоор тендерийн хуулийг өөрчлөх хэрэгтэй

Нийслэлд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотойгоор Төрийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад дотоодын ААН-үүдийг оролцуулдаггүй, гаднын компанид давуу эрх олгодог гэх шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Хамгийн сүүлд гэхэд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дотоодын компаниуд оролцох боломжгүй байсан талаараа мэдээлэл хийж, тендерийн хатуу шалгууртай холбоотой асуудлыг хөндөж байсан юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд өргөн барихаар бэлдэж байгаа. Тус хуулийн төсөлд тусгах хувийн хэвшлийнхний санал болоод холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн байр суурийг хүргэж байна.


ТЕНДЕР ШАЛГАРУУЛАХ ПРОЦЕССТ ХҮНИЙ НӨЛӨӨ ИХ БАЙНА

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнөх алдаануудыг засъя гэсэн зорилготой явж байгаа. Засгийн газрын түвшинд хуулийн төслөө боловсруулаад, яамнуудаас саналаа аваад, хувийн хэвшлүүдтэй хэлэлцүүлэг хийгээд явж байна. Одоо Засгийн газраас гараад, өргөн мэдүүлээд УИХ дээр хэлэлцэх явцдаа ч гэсэн нэмэлт асуудлуудыг тусгаад явах боломжтой. Нэгдүгээрт бид нар судалгаа хийгээд үзэхэд ААН-үүд тендерт оролцох зардал маш өндөр байна, олон материал бүрдүүлж байна, тэр дотроо нэг материалаа олон янзаар явуулж байгаа асуудлыг шийдэж өгөөч гэдэг зүйлийг хэлж байна.

ААН-үүд тендерт ороход хүндрэлтэй байдаг эхний зардал бол тендерийн баталгааны асуудал байгаа. Энэ баталгааг цаашид 10 тэрбум төгрөг хүртэл тендерт оролцвол баталгаа байршуулахгүй байх сонголт өгч байгаа.

Хоёрдугаарт нийгмийн даатгал болон татварын хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлтэй ААН-үүд тендер шалгаруулалтаас хасагдаж байгаагаас өрсөлдөөн багасч байна. Тэгэхээр цаашид зохицуулалтыг өөрчлөөд тендерт оролцох үед нь хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлтэй гэдэг асуудлаар сонгон шалгаруулалтаас хасахгүй, харин гэрээ байгуулах үедээ өр төлбөрөө барагдуулсан байх гэдэг зохицуулалт орж байгаа.

Түүнчлэн тендер шалгаруулалтад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх асуудал байгаа. Одоо явагдаж байгаа тендерийг харахаар ААН-үүд 2000 удаа тендерт оролцсон байлаа гэхэд тендерийн систем дотор тэр компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2000 удаа хадгалагдсан байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх шаардлага байна. Түүнчлэн тендер шалгаруулах процесст хүний нөлөө маш их байна. Тэгэхээр аль болох автоматжуулах, хиймэл оюунаар шийдэх боломжийг судлах шаардлагатай гэх зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан.

Хуулийн төсөлд тусгагдсан зарим зүйл заалтууд ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Шилжилтийн хугацаа шаардлагагүй буюу шууд батлагдаад хэрэгжих боломжтой заалтууд мөн бий.

Сэлбэ дэд төвийн асуудлын тухайд манай газарт шаардлага хүргүүлсэн байсан. Шаардлагатай танилцахад дотоодын ААН-үүдэд боломж олгоогүй гэдэг асуудлыг дурдсан байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол тухайн шаардлагыг тендер зохион байгуулж байгаа төрийн байгууллага өөрөө сонгон шалгаруулдаг. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол хоёр талтай асуудал нэг болохоор оролцогчдод тавьж байгаа шалгуур өндөр байна гэдэг тал байгаа. Нөгөө талд нь болохоор муу ААН-ийг шалгаруулаад байна гэдэг асуудал хөндөгддөг. Хууль эрх зүйн хүрээнд олон компани нэгдэж орох боломж байдаг. Тэгэхдээ үүнд тодорхой шалгуур байгаа.

ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД САНХҮҮГИЙН ЧАДАВХТАЙ КОМПАНИ ОРОЛЦОХ ЁСТОЙ 

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ:

-ААН-үүдээс олон санал ирж байгаа. Хамгийн их давтагдаж байгаа саналд тусгаснаар худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа процессыг өөрчлөх хэрэгтэй байна. Тухайн худалдан авах ажиллагааг зарласан төрийн байгууллагууд юу худалдаж авах гээд байгаа, ямар шалгуураар авах гээд байгаагаа тодорхой гаргах түүнд нь үндэслээд мэргэжлийн хүмүүс бичиг баримтыг нь боловсруулах шаардлагатай. Мөн хөндлөнгийн үнэлгээ давхар хийж эцсийн шийдвэр гаргахад нь дэмжлэг, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг больё гэдэг саналыг хэлж байна.

Дотоодын компаниудыг тендер шалгаруулалтад оруулахгүй байгаа асуудал байхгүй. Бүтээн байгуулалтад оролцох ААН-үүдэд тавигдах шаардлагатай холбоотойгоор тийм асуудал үүсч байж магадгүй. Гэхлээ энэ бол төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулаад ААН-үүдийг хязгаарлаагүй. Тухайн ААН-үүд гол нь тухайн тавигдаж байгаа шалгуурт нийцэж үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх шаардлагатай л гэдэг асуудал үүсч байгаа.

Томоохон бүтээн байгуулалтад бол тухайн ажлыг хийх мэргэжлийн чадавхтай, санхүүгийн чадавхтай байж орно уу гэхээс бүх жижиг компаниуд орох боломжгүй. Тиймээс тухайн худалдан авах гэж байгаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний хэмжээ, төсөв зэргээс шалтгаалаад ямар ямар компани яаж оролцож болох вэ гэдэг шалгуураа бол өөрчилж болно.

ОРОЛЦОГЧ ЗАХИАЛАГЧИЙГ ШАХАХ БОЛОМЖ БАЙДАГГҮЙ

"Ти Ти Жи" ХХК-ийн захирал Э.Тэнгистамир:

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтууд шаардлага хангахгүй байгаа нь худалдан авах ажиллагаа зохион байгуулсаны дараа гарч байгаа гомдол, шүүхийн шат руу явж байгаа асуудлуудаар илэрч байгаа юм болов уу гэж харж байна. Тийм учраас тус хуулийг дахин шинэчлэн найруулах шаардлага байсан. Ялангуяа томоохон мега төслүүдтэй холбоотойгоор өөрлөлт хийхгүй бол том том төслүүд явах боломжгүй болно. Хууль бол том, жижиг компани гэлтгүй улс орныг хөдөлгөдөг, хөдөлгөдөггүй бизнес гэхгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л ААН, иргэнд эрх тэгш үйлчлэх зарчимтай.

Улсаас журамласан техникийн болоод санхүүгийн чадавхыг шалгасан шалгуур үзүүлэлтүүд хатуу байдаг. Татварын өргүй байх ёстой, бүх шимтгэлээ урьдчилаад төлсөн байх шаардлагатай байдаг. Улс бол татвар бүрдүүлэх бүх асуудлаа үүгээр дамжуулж хийж байж ААН-үүдийг оролцуулдаг. Гэвч эргээд тухайн ААН ажлыг авсны дараа болон ажил гүйцэтгэж байх үед гарах зардал, учрах асуудлууд дээр, эсвэл төлбөр мөнгөний асуудлууд дээр сүүлийн жилүүдэд маш хүндрэлтэй байгаа. Төлбөр мөнгийг өгөхгүй удаах гэх мэт. Гэрээний үүргийг шаардах хэр нь, захиалагч талаасаа төлбөрийг хийх тал дээр маш удаашралтай байдаг. Үүнийгээ төсөвтэй холбодог, улс төртэй холбодог.

Ямарваа нэгэн шалтаг, шалтгаанаар удааж байгаа нь бизнес эрхэлж байгаа, үүргээ гүйцэтгэсэн ААН-үүдийн хувьд хамгийн том хүндрэл байдаг.

ААН-ын орлогын албан татварын тухайд хэн ч болов тайлангаар тайлагнасан татвараа төлөх үүрэгтэй. Харин нэмэн өртгийн албан татварын тухайд сар сардаа хувьсаж байдаг. Гэтэл тухайн сард байгаа бүх дүнгээ ирэх сард урьдчилж бүрэн төлөх гэдэг бол хатуу заалт. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг учраас ашигтай, ашиггүй ажилладаг асуудал гардаг. Оролцогч бол захиалагчийг шахах боломж байдаггүй. Ерөнхийдөө төлөвлөгөө гэж байдаг. Гэрээний нөхцөлүүд тавигддаг. Тиймээс ААН-үүд анх байгуулсан гэрээ, нөхцөлүүдийг сайн хараад тухайн ажил үйлчилгээнд оролцох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 66.181.180.113

ТЕНДЕРИЙН ХУУЛИЙГ НЭН ДАРУЙ ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛСООН

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.9.41.33

Улсын сан баян төсвийн мөнгө их байгаа энэ үед хагартлаа идэж овоо хэдэн хулгай цавчааны авилгачин тэрбумтангууд төрөх бололтой.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.124

Ацсанны мега төсөл бхав дээ, нүүрсний мөнгө, оюутолгойн мөнгөө хувааж цусалчаад төөрөгдүүлж бна уу, өмнөх юмаа ярья, мөнгөө авая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж