Хашаандаа мод тарихаар төлөвлөж байгаа бол амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой мөн гэр, байшингийнхаа аль хэсэгт ямар мод тарих нь илүү тохиромжтой зэргийг сайтар судлаарай. Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар арваннэгдүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.
Ихэнх айлууд чацаргана, үхрийн нүд гэх мэт жимсний мод тарьдаг. Тэгвэл жимсний модыг салхигүй хэсэгт 3 метр зайтай тарина. Харин хайлаас, улиас, бургасыг салхинаас хамгаалж баруун хойд зүгт тарьвал зүгээр. Хэлбэржүүлэлт хийх боломжтой, гоёлын мод болох гүйлс, буйлс, голт борыг явган хүний зам дагуу тарих нь илүү тохиромжтой. Мөн шар хуайсыг хашлага хамгаалалтын зорилгоор тариарай. Төгсгөлд н зөвлөхөд моносыг бие засах газар, муу усны нүхний ойролцоо таривал эвгүй үнэр дардаг байна. Ямар модыг хэрхэн тарьж, арчлах талаар мэдээллийг хүргэе.
Улиас мод нь 20 орчим метр өндөр ургадаг. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах дуу чимээг намсгах ус хөрс хамгаалах ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой юм байна. Харин хайлаас модны хувьд монголын нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг бөгөөд өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг аж. Тэгвэл гацуур модны хувьд 20 м гаруй өндөр ургадаг. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.
Шинэс: 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.
Сахалт хус: 20-30 м хүртэл өндөр ургадаг. Энэ хус нь манайд ургадаг хуснаас ялгаатай нь мөчир нь доошоо унжиж ургадаг.
Монос: Цагаан баг цэцэгтэй бөгөөд цэцэглэх үедээ сайхан үнэртэй мойл жимсний мод юм.
Агч мод: 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Шар хуайс: 6 м хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Ган тэсвэртэй сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой юм.
Голт бор: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Том навчтай 4-5 м өндөр ургадаг.
Бургас: Хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарихад тохиромжтой.
Үхрийн нүд: Энэхүү бут нь өөрөө өөртөө тоос хүртээдэг учраас ганц ширхэг бут байсан ч үр жимсээ өгч байдаг. Сүүдэвтэр газар ус чийг ихтэй нөхцөл шаарддаг тул хашааны ёроол модны доогуур эсвэл байшингийн араар таривал илүү зохимжтой.
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ.
Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах шидтэй төдийгүй тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг байна.
Холбоотой мэдээ