Ц.Элбэгдорж "Hoover Institution"-д хүндэт зочин гишүүнээр элсэв

Ц.Элбэгдорж "Hoover Institution"-д хүндэт зочин гишүүнээр элсэв

Ц.Элбэгдорж "Hoover Institution"-д хүндэт зочин гишүүнээр элсэв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж "Hoover Institution"-д хүндэт зочин гишүүнээр элсэв. Энэхүү томилгоо 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2028 оны гуравдугаар сарыг хүртэл хүчинтэй байна. Ц.Элбэгдоржийг хүндэт зочин гишүүн болж буйтай холбоотойгоор "Hoover Institution" цахим хуудсандаа доорх нийтлэлийг оруулжээ.


Хүний эрх, ардчиллын төлөөх идэвхтэн Ц.Элбэгдорж Орос, Хятад хоёр их гүрний дунд орших 3.5 сая хүн амтай, дундаж орлоготой үндэстнийг удирдсан олон жилийн туршлагаасаа "Hoover"-т хуваалцах болно. Монгол бол коммунизмыг ардаа орхиж, дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгт нэгдсэн орон.

Ховд аймгийн Зэрэг сумд төрсөн Ц.Элбэгдорж малчин айлд өсч, том болжээ. Хожим нь тэр Украины Львов хот дахь Цэрэг-Улс төрийн институтийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1990-ээд онд Монголын тайван замаар ардчилалд шилжих хувьсгалын удирдагч, ардчилсан Үндсэн хуулийн санаачлагчдын нэг "Эби" гэх нэрээр гарч ирж, улс төрийн карьераа эхлүүлж байв. Коммунист дэглэмийг задалж, Монголыг ардчилсан, олон талт, нээлттэй орон болгоход тусалсан хүн бол Ц.Элбэгдорж.

Ц.Элбэгдорж 2009, 2013 онд дараалан ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө 1998 болон 2004-2006 онд хоёр удаа ерөнхий сайдаар ажилласан. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэрбээр ардчилсан шинэчлэл, ил тод байдал, хүний ​​эрхийг хамгаалах, цаазын ялыг халахыг дэмжин ажилласнаар Монголыг хүний эрхийг хамгаалах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улс болгосон. Түүний удирдлага дор Монгол Улс хүчирхэг гүрнүүдтэй дипломат харилцаагаа бэхжүүлсний зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн стратегид суурилсан тэнцвэртэй гадаад бодлогыг баримталж, Монгол Улсын бүрэн эрхт байдлыг Хятад, Оросын хооронд хадгалж чадсан юм.

Тэрбээр "Hoover Institution"-д хүндэт зочин гишүүнээр элссэн тухайгаа хэлэхдээ "Ардчилал, засаглал, дэлхийн аюулгүй байдлын талаар чухал хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой гэж харж буй энэ институцийн хүндэт зочин гишүүн болох нь нэр төрийн хэрэг. Монголын замнал ардчиллын тогтвортой байдлын амлалт, сорилтуудыг харуулсаар ирсэн. Үүнийгээ хуваалцахын сацуу дэлхийн өнцөг булан бүрээс суралцана гэж найдаж байна. Тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буй энэ үед ардчилсан институцийг бэхжүүлэх, сайн засаглалыг дэмжих, аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулах нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Тогтвортой байдал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн улс төрийг бий болгох ‘Hoover’-ын амин чухал ажилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна" гэсэн юм.

Ц.Элбэгдорж эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгчийн хувьд НҮБ, Мюнхены аюулгүй байдлын бага хурал, Мадридын клуб зэрэг дэлхийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Эдгээр байгууллагаар дамжуулан тэр дэлхийн засаглал болон мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Тэрбээр Нелсон Манделагийн үүсгэн байгуулсан "The Elders" байгууллагын мөн гишүүн бөгөөд дэлхий дахины энх тайван, хүний эрхийг дэмжин ажилладаг.

Тэрбээр 2022-2024 онд Стэнфордын Фриман Споглигийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Уолтер Х.Шоренштейн нэрэмжит Ази Номхон далайн судалгааны төвд Бернард, Сюзан Лиутогийн зочин зөвлөхөөр ажиллаж байсан.

Мөн Монгол дахь ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, хамгаалахын тулд "Элбэгдорж институци"-ийг 2008 онд үүсгэн байгуулж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: Hoover

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж