Өнөө цагт гоо сайхны хүлээлт, бие махбодийн “төгс” дүр төрхийг хэт шүтэх үзэгдэл дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгааг судалгаанууд харуулж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн дарамт, гоо үзэсгэлэнгийн стандарт, сошиал орчны төгс дүрслэл нь “жингээ хасах ёстой” гэсэн хэт хүслийг төрүүлж, энэ нь хүлээлтийг бий болгож, зарим тохиолдолд энэ нь сэтгэцийн эмгэг рүү шилждэг эмзэг асуудал болоод байна. Үүнийг гоо сайхны ухамсарт “идэвхтэй төөрөгдөл” гэхээр болсон бөгөөд эмэгтэй хүний өөрийн биедээ хандах сэтгэл зүй, ойлголт буруу тийш эргэх үед хооллолтын эмгэгийн үндэс тавигддаг.
Жингээ хасах тухай бодол зөвхөн эрүүл мэндийн зорилгоос урган гарч байгаа мэт харагдавч гүн сэтгэл зүйн дарамттай, өөрийгөө голох сэтгэлтэй хосолсон үед анорексиа нервоза гэх сэтгэцийн эмгэг рүү дөхөх аюултай.
Энэ эмгэгийн үед хүн өөрийн биеийг хэт тарган гэж үзэн, туйлын бага хооллож, зарим тохиолдолд хоол идсэн ч шингээхгүй байх зорилгоор бөөлжих, туулгах эм уух, хэт дасгал хөдөлгөөн хийх зэргээр бие махбоддоо эрсдэлтэй ханддаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор анорексиа нь үхлийн магадлалтай сэтгэцийн эмгэгүүдийн нэг юм (WHO, 2019). Харамсалтай нь энэ эмгэгийг анзаардаггүй, бүр “сайхан харагдаж байна” гэхчлэн урамшуулдаг хандлага нийгэмд түгээмэл байдаг. Монгол эмэгтэйчүүдийн биеийн онцлогийг авч үзвэл, түүхэн уламжлал, уур амьсгал, генетик бүтэц нь булчингийн бүтцээр нягт, ясны масс илүү, бодисын солилцооны хурд дунд зэрэг байдаг тул биеийн жингийн стандартын үзүүлэлтийг европ эмэгтэйтэй адилтгах нь оновчгүй юм. Монгол эмэгтэйчүүд ерөнхийдөө бэлхүүс, гуя орчимд өөх хуримтлагдах онцлогтой байдаг нь генетик түвшинд бүрдсэн “хадгалах” үйл явцын үр дүн гэж үздэг (Tserendejid et al., 2020). Тиймээс европ төвтэй гоо сайхны стандартыг шууд хуулах нь эрүүл мэндэд төдийгүй сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, өөрийн биеийн онцлогийг үгүйсгэх, жингээ хасах тухай хэт хүлээлтэд автсанаар сэтгэцийн хямрал руу хөтөлдөг.
Хамгийн харамсалтай нь, нийгмийн мэдээллийн хэрэгслүүд эмэгтэй хүний “гоо сайхны хэм хэмжээг” хэт нэг талыг барьсан байдлаар харуулж, төгс биеийн дүрслэлийг туйлшруулдаг. Инстаграм болон TikTok дээр “before-after” зураг, тураах бүтээгдэхүүний реклам, дасгалын хөтөлбөрүүд эцэс төгсгөлгүйгээр эргэлдэж, энэ нь сэтгэл зүйн хувьд эмзэг, ялангуяа өсвөр насныхан болон 20-иод насны эмэгтэйчүүдэд өөрийн биедээ үл нийцэх шаардлага тавихад хүргэдэг (Fardouly et al., 2015). Судалгаагаар гоо сайхны дүрслэл үзэх хугацаа их байх тусам өөрийгөө үнэлэх үнэлгээ буурч, сэтгэл гутрал, түгшүүртэй холбоотой хандлага нэмэгддэг болохыг баталжээ.
Зарим охид, бүсгүйчүүд өөрийн жинг 40-45 кг хүртэл бууруулахыг хүсэж, өөрийн өндрийн хувьд хэвийн жингээс үлэмж бага болгож, бие физиологийн үндсэн хэрэгцээг хангахгүй байх хэмжээнд хүртэл хоолоо хасдаг.
Энэ нь зөвхөн бие махбодид төдийгүй, тархины үйл ажиллагаанд ч нөлөөлж, анхаарал төвлөрөл буурах, дааврын тэнцвэр алдагдах, сарын тэмдэг зогсох, ясны нягт буурах зэрэг олон хүндрэлийг дагуулж болдог (Westmoreland et al., 2016). Гэвч нийгмийн магтаал, “туранхай бол гоё” гэх нийтлэг хандлага нь энэ байдлыг улам өөгшүүлж, эмгэгийг таних, эрт тусламж авах боломжийг хааж байдаг.
Тиймээс жингээ хасах зорилготой бол сэтгэл зүйгээ эрүүл болон эмгэгийн зааг дээр шинжлэн харж сурах хэрэгтэй. Эрүүл амьдралын хэв маяг, биеийн жингийн зохистой хяналт нь зорилго, өөрийгөө хайрлах, хамгаалах үзэл санаатай байх үед ач тустай. Харин өөрийгөө голж, өөрийн биеийг “асуудал” гэж үзэн, хэт туйлширсан, өөрийгөө шийтгэсэн байдлаар жингээ хасах үйлдэл нь сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг болж болдгийг ойлгох хэрэгтэй. Жингийн талаарх ойлголтыг олон талтай, хувь хүний онцлогт суурилсан, соёлын болон биологийн ялгааг хүлээн зөвшөөрсөн байдлаар хэлэлцэх нь эмэгтэй хүний сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх нэг чухал алхам юм.
Турж л байвал үхсэн ч яахав уриатай хүүхнүүдийн сүрэгт зориулав.
Биологич Г.Эрдэнэбаяр
Зочин 10 цагийн өмнө 139.5.219.133
уулын мод урттай богинотой бас бүдүүнтэй нарийнтай байдаг шиг хүн бүр л гоолиг нарийхан байх албагүй таргалалт өвчин биш гэхдээ ХЭТ таргалалт бол хоолны дэвтэй болж ходоод сунасан бдаг
Нэргүй 2025-05-09 59.153.113.244
юм болгоныг сэтгэцийн эмгэгтэй өвчтэй гэж харж хэлж байгаа нөхдүүд өөрсдөө ч бас л өөрчлөлттэй сэтгэц эмгэг өвчтэй юм даа
Жаргал 2025-05-09 122.201.31.62
Турж л байвал үхсэн ч яахав уриатай хүүхнүүдийн сүрэгт зориулав.
Нэргүй 2025-05-09 122.201.31.62
Турж л байвал үхсэн ч яахав уриатай хүүхнүүдийн сүрэгт зориулав.