"Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирсэн жуулчдад чин сэтгэлээсээ тусалж, мэдээлэл өгөх нь хамгийн сайхан мэдрэмж" гэх түүнийг Б.Билэгт гэдэг. Тэрбээр 27 настай. Австри улсын Вена хотноо бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа аялал жуулчлалын салбарт ажиллажээ. Тэр нийслэл хотынхоо Төв талбай дээр байрлах "Жуулчны мэдээллийн төв"-д хоёр дахь жилдээ мэдээллийн ажилтан, хөтөчөөр ажиллан гадаадын жуулчдад тусалж, мэдээлэл өгч байгаа аж. Түүнтэй ажил мэргэжлийнх нь тухай ярилцаж, танилцлаа.
-Өдөр бүр өөр өөр улсын жуулчидтай уулзаж, эх орныхоо тухай мэдээлэл өгөх их сонирхолтой юм. Б.Билэгтийн хувьд хэдэн улсын хэлээр ярьдаг вэ?
-Баярлалаа. Би англи хэлнээс гадна герман хэлээр ярьдаг.
-Дөнгөж сая Герман улсаас ирсэн жуулчин орж ирлээ. Танаас ямар тусламж хүссэн бэ?
-Герман улсаас ирсэн жуулчин маань Монголд ганцаараа аялж байгаа гэнэ. Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл аймаг руу аялсан тухайгаа ярилаа. Монгол орны үзэсгэлэнт байгаль үнэхээр таалагдсан гэж байна. Ирэх Даваа гаригт нутаг буцах гэж байгаа учраас манай төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу явах автобусны маршрутыг асууж, мэдээлэл авлаа. Нийслэлээс 2025 оны тавдугаар сараас эхлэн Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу автобус үйлчилж эхэлсэн. Нийтийн тээврийн цагийн хуваарь аваад явлаа.
-Монголд аль улсын жуулчид олноор ирж байна вэ?
-Миний харж байгаагаар Европоос ирсэн гадаад жуулчид их ханддаг. Саяхан гэхэд, франц, герман, америк жуулчид орж ирлээ. Харин Ази жуулчдын хувьд тур оператур компанид хандаж, олноороо групп аялал хийдэг учраас арай бага хандаж, мэдээлэл авдаг юм.
-Гадаад улсын жуулчид ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?
-Манай төвд Монголд ганц нэгээрээ аялахаар ирсэн гадаад жуулчид мэдээлэл, тусламж авахаар ханддаг. Тэдний зүгээс нисэх онгоцны буудлын байршил болон Тэрэлж, Цонжинболдог, Хустайн нуруу гэх мэт хоттой ойр газрууд руу явах автобус, такси, галт тэрэгний хуваарь их асуудаг. Үүнээс гадна Улаанбаатар хотод үзэж харах газруудыг асууж, монгол орны үзэсгэлэнт байгаль, газар нутгийн талаар мэдээлэл авахыг хүсдэг. Бидэнд байгаа бэлэн дата мэдээллээсээ хараад, мэдээлэл өгдөг. Өнгөрсөн хугацаанд зургаан Жуулчны мэдээллийн төвөөр 2024 онд гэхэд нийт 50-55 мянган жуулчинд мэдээлэл өгч ажилласан байна.
-Улсын Төв талбай дээр байрлаж ажиллаад хэр удаж байна. Аялал жуулчлалын улирал яг эхэлж байна. Өдөрт дунджаар хэчнээн жуулчин ханддаг бол?
-Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбай дээр байрладаг "Жуулчны мэдээллийн төв"-ийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2024 оны аравдугаар сараас эхлэн нээсэн. Яг ийм мэдээллийн төв нийслэлд зургаа бий. Тодруулбал, манай төвөөс гадна хамтран ажилладаг байгууллагууд болох"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дахь жуулчны мэдээллийн төв, Төв шууданд байрладаг төвөөс гадна Налайх дүүрэгт нэг, Хүүхдийн 100-д хоёр төв ажилладаг.
Төв маань өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд тогтмол ажиллаж байгаа. Урин дулаан цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлж байна. Ер нь дөрөвдүгээр сарын дундаас Монголыг зорин ирж байгаа гадаад жуулчны тоо нэмэгдэж байна. Өдөрт ойролцоогоор 10-15 гадаад жуулчин хандаж, мэдээлэл авдаг.
-Хэл ус ойлголцохгүй байхаас авхуулаад хөгжилтэй явдал хэр тохиолддог вэ?
-Өмнө нь "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хотын төв хооронд ганцхан автобус үйлчилдэг байсан. Тэрнээс болж гадаад жуулчдад хүндрэлтэй асуудлууд тулгарна. Жишээлбэл, нэг герман эмэгтэй жуулчин шөнийн цагаар нисэх онгоцны буудал явахаар болсон чинь тэр чиглэлийн бүх автобус зогсчихсон байсан. Тэр эмэгтэй онлайнаар надтай холбогдож, автобусны жолоочтой яриулсан.
Тэр жолооч автобусаа бааз дээрээ байршуулчихаад, хувийн унаагаараа тэр эмэгтэйг нисэх онгоцны буудал руу хүргэж өгч байсан.
Бас өнгөрсөн өвөл идэр хүйтэнд хоёр хятад жуулчин "Онгоцноосоо хоцрох гээд байна" гэж тусламж хүссэн. Би тэр хоёр жуулчныг дагуулаад замын голоор гүйж, арайхийн таксинд суулгаж өгч байлаа. Өвлийн улиралд гадаад жуулчид энэ төв орж ирээд автобус унаагаа хүлээх боломжтой байдаг. Зөвхөн гадаад хүмүүс гэлтгүй монголчууд өвлийн улиралд энэ байранд орж ирж их дулаацдаг.
-Гадаад жуулчидтай нүүр тулж ажилладаг хүний хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд төр засгаас аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч байгаа учраас гадаад жуулчдын тоо ч эрс нэмэгдэж байна. Тулгамдаж байгаа асуудал гэвэл "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хотын төв хооронд тогтмол нийтийн тээвэр үйлчлэх хэрэгтэй байсан. Саяхнаас энэ асуудлыг шийдэж, хөтөчтэй долоон автобус үйлчилж байна. Энэ бол аялал жуулчлалын салбарт маш хэрэгтэй үйлчилгээ. Дэлхийн өнцөг булан бүрээс Монголыг зорин ирэхэд хотын төв рүү нь орох унаа байхгүй байна гэдэг том асуудал шүү дээ. Мөн хоттой ойрхон аялал жуулчлалын газруудад нийтийн тээврийг гаргаж өгөх хэрэгтэй.
Жишээлбэл, Цонжинболдог руу нэг гадаад жуулчин явах гэхээр хувиараа такси хөлслөх юм уу тур опературт хандах шаардлагатай болдог. Мэдээж энэ зардал нь жуулчдад үнэтэй тусдаг.
Ер нь Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот их тайван, гадаад жуулчдад эрсдэл багатай газар шүү дээ. Өмнө нь ганц нэг халаасны хулгай гардаг байсан бол одоо харьцангуй багассан гэж бодож байна. Гомдол гаргаж байсан жуулчин орж ирээгүй.
-Та бүхэнд гадаад жуулчид монгол орны талаарх ямар сэтгэгдлийг хэлдэг вэ?
-Гадаад жуулчдын ихэнх нь Монголын говийн үзэсгэлэнт газрууд руу аялж байна. Мөн Хөвсгөл, Өвөрхангай, Архангайн нутаг буюу Орхоны тал, Хархорин хотыг маш ихээр сонирхдог. Бүгдээрээ Монголын байгалийн сайхан, нүүдэлчин ахуйг сонирхож, сайхан сэтгэгдлийг хэлдэг юм. Монголчуудыг их найрсаг, зочломтгой ард түмэн гэдэг. Аялал жуулчлалын салбарын мэдээллийн ажилтан, хөтөчөөр ажилладаг ганц гадаад хэл шаардахгүй.
Харилцааны чадвар, мэдрэмж шаардахаас гадна улс орныхоо, нийслэлийнхээ үүх түүхийг судалж, үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.
Монгол орны талаар гадаад жуулчид өөр өөр төсөөлөлтэй ирдэг. Бидний зүгээс эх орноо сурталчилж, эерэг сэтгэгдэл үлдээхийг хүсдэг. Миний хувьд улс төр, газар зүй, хот төлөвлөлтийн талаар сонирхож, мэргэжил эзэмшсэн учраас илүү дөхөм байдаг.
-Өөрийнх нь хувьд эх орноороо хэр аялдаг бол. Сүүлд аль газраар аялсан бэ?
-Би өмнө нь нэг их аялдаггүй байсан. Сүүлд гадаад улсад суралцаж байхдаа эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар аялж байхгүй яав даа гэж их бодсон. Хүн яг л тэгж боддог юм билээ. Эх орон руугаа буцаж явахад онгоцонд герман залуутай танилцсан. Тэр хүн Монголд аялах хугацаанд нь би аав ээжийнхээ нутгийн наадам руу дагуулж, хөтөч хийж өгсөн. Тэгээд эх орондоо ирсэн даруйдаа аялал жуулчлалын салбарт ажиллаж, эх орноороо аялахыг хүссэн юм. Дараагаар нь мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн сургалтад суралцаж, төгссөн.
Өнгөрсөн жил анх удаагаа говь руу аялж үзсэн. Үнэхээр гайхамшигтай сайхан аялал болсон.
Төр засгаас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар өндөр дүнтэй тоо хэлэхээс илүүтэйгээр чанарыг чухалчлах нь зүйтэй гэж хардаг. Яг үнэндээ Монгол Улс руу аялах нислэгийн зардал Зүүн Өмнөд Ази ч юм уу дэлхийн бусад улсуудтай харьцуулахад үнэтэй. Тийм болохоор гадаад жуулчид өндөр үнэ төлж ирж байгаа учраас хаана хаанаа чанартай үйлчилгээг үзүүлж, сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Ингэснээр гадаад жуулчдыг олноор татаж, тэд дахин Монголд ирэх сэтгэгдлийг төрүүлж чадна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
өнөрө 5 цагийн өмнө 43.242.241.154
сайн байна. ажлаа сайн хийнэ гээг сайхан