Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Б.Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс 14 мега төслийг эрэмбэлэн зарлаж, хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Эдгээр 14 төслийн нэг бол ган бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Ууган үйлдвэрийн хувьд энэ төслийн тухайд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилго, стратеги ч тодорхой болсон болов уу. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Засгийн газраас зарласан 14 мега төслийн есөд эрэмбэлэгдэж байгаа төсөл бол ган цогцолборын үйлдвэрлэлийн төсөл. Тиймээс бид ган үйлдвэрийн цогцолбор яагаад энэ жагсаалтыг тэргүүлэх төсөлд тооцогдож байгааг онцолж харах ёстой юм.
Бидний хийсэн судалгаа, олон улсын ган үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн өнгөрсөн цаг хугацааг нь харахад тухайн улсын эдийн засгийн хамгийн том тулах цэг нь ган үйлдвэрлэл байдаг. Мэдээж алт зэс, бусад эрдэс баялаг тухайн улс орны эдийн засгийг тодорхойлоход нөлөөлж байгаа ч бүтээн байгуулалтын салбар гэдэг аль ч улсын хөгжлийн хамгийн том тулгуур, тэр нь ерөөсөө ган үйлдвэрлэл байсаар ирсэн.
Монгол Улсын хувьд ган үйлдвэрлэлийн салбар 1980-аад оноос төлөвлөгдөж эхэлсэн. Тэр хүрээнд 1993 онд Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэртэй болсон түүхтэй. Ингээд харвал энэ салбарын хөгжил манай улсад эхлээд 30 жил болсон байна. Харамсалтай нь эдийн засгийн шуурганд, дээр нь сүүлийн жилүүдэд улс орны төсвийг бүрдүүлэх эрдэс баялгийн экспорт түлхүү яригдаж, дотоодын аж үйлдвэрлэлийн салбар гол түүхий эдийг хөгжүүлэх тал дээр хойш тавигдсан нь үнэн. Харин өнөөдөр бол цаг үе өөр болж, ган төмөр бол бүтээн байгуулалтын чухал түүхий эд юм аа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, ойлгож, 14 мега төслийн тэргүүлэх эгнээнд тавиад байна. Энэ бол энэ салбарын мэргэжилтэн, зүтгэгч бидний хувьд маш том дэмжлэг, боломж юм.
Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олон бидний хувьд үйлдвэрлэлээ шинэ түвшинд хэрхэн гаргаж ирэх вэ, Засгийн газрын тавьсан зорилго, зорилтыг хэрхэн үр дүнтэй, хурдан шуурхай хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр судалгаа, шинжилгээний ажлуудыг өргөн хүрээнд хийлээ. Ган төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжсөн Азийн улс орнуудаар голчилж судаллаа.
-Ямар нөхцөл байдал, дүр зураг харагдаж байх юм бэ. Таны хэлснээр ган үйлдвэрлэл бол улс орны хөгжлийн үндэс гэдэгтэй санал нэг байна. Манайх саяхныг хүртэл энэ салбараа хойш нь тавьж ирснийг ч нийтээрээ мэднэ. Цаг алдалгүй, улстөржүүлэхгүйгээр хөгжүүлэх нь маш чухал гэдгийг онцолмоор байна. Та бүхэн ч энэ талаас нь харж, тооцоолж байгаа болов уу?
-Яг зөв. Улстөржүүлж болдог салбар, болдоггүй салбар гэж бий. Ган үйлдвэрлэл бол улс төрөөс хол байх ёстой маш чухал, стратегийн гэж нэрлэж болохоор салбар юм. Хэрэв улстөржүүлж харвал, магадгүй хэт их сэтгэлийн хөөрлөөр, өндөр хүлээлттэй хөдөлвөл мордохын хазгай ч болох эрсдэлтэй тийм л салбар. Бидэнд ийм гашуун түүх бий шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн парк ямар өндөр хүлээлттэй үйлдвэр байлаа. Өнөөдөр юу болж үлдэв гэдгийг нийтээрээ мэднэ. Тиймээс ийм түүхийг бидэнд давтах эрх байхгүй.
Азийн хөгжингүй орнууд бол улс орных нь хөгжлийн үндэс бол ган үйлдвэрлэл гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Бүр гадагшаа экспортолдоггүй. Тэдэнд бусад улс оронд худалдах, ашиг олох нь нэн тэргүүний асуудал биш. Харин дотооддоо үйлдвэрлээд бүтээн байгуулалтандаа л ашигладаг. БНСУ-ын “Поско” компани гэхэд “Манай улсын үндсийн үндэс нь энэ ган бүтээгдэхүүн” гэж онцолж байсан. Ган үйлдвэрлэл дээрээс том аж үйлдвэрүүд нь хөгжчихдөг юм байна. Бусад олон чухал салбарт ч төмөр эдлэл ордог учраас яалт ч дагаад хөгждөгийг харлаа.
Дээр хэлснээр манай улсын хувьд 1993 онд хаягдал төмрөөс ган хайлуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан ч зах зээлийн шуурга, бусад олон хүчин зүйлээс болж бүрэн хөгжиж чадаагүй. Үүний гороор өнөөдөр манай улс импортын бүрэн хараат байдалд орчихсон байна. Жилд Монголд 700-800 мянган тонн төмөр бүтээгдэхүүнийг импортоор авч хэрэглэдэг. Харин дотооддоо бол төрийн болон хувийн хувшил нийлээд ердөө л 50-70 мянган тонн төмөр үйлдвэрлэж байх жишээтэй. Үлдсэн ашиг, хувийг гадагшаа алдсаар ирлээ.
Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр толгой цохидог улсууд бол Япон, Солонгос, Энэтхэг, БНХАУ зэрэг юм. Дэлхийн топ 10 улсын эхний дөрөвт эдгээр улсын үйлдвэрүүд зүй ёсоор багтдаг. Эдгээр улсын хөгжлийнх нь үндсийн нэг нь ган төмөрлөгийн салбар, түүнийгээ дагаад боловсон хүчин, технологи дээрээ маш үсрэнгүй хөгжчихсөн гэдгийг бид судлах явцдаа илүү сайн харж, ойлголоо. Монгол Улс энэ мэт жишээг харахад зах зээлийн багтаамж, цаг агаарын нөхцөл байдалд тохирсон технологийг зөв сонгох асуудал маш чухал. Япон гэхэд дэлхийд технологийн хувьд тэргүүлэх улс учраас тэднээс бид технологи, үйлдвэрийн автомажуулалт зэрэгт ямар шийдлийг авбал зөв вэ. Хятад бол газар нутаг, цаг агаарын хувьд төстэй зүйлүүд их учраас тохирох технологи, боловсон хүчнийг бэлтгэх, дадлагжуулах тал дээр хэрхэн зөв төлөвлөх зэргийг судаллаа. Мөн Энэтхэг улсын хувьд гадагшаа гэхээс илүү дотоодынхоо хэрэгцээг ган үйлдвэрлэлээрээ хангадаг. Ингэхдээ эдийн засгаа ямар хэмжээнд хардаг, төлөвлөдөг, яаж хангаж чаддаг вэ гэх мэт улс орон бүрийн онцлогийг шингээсэн, зөв хэрэгжиж байгаа бүтэц, технологийг судалж ирлээ.
-Манайд тохирох хувилбар тэгэхээр нэлээд тодорхой болчихсон юм байна, тийм үү. Ер нь өнөөдрийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадал, нөөц боломж ямар байдаг юм бэ?
-Дархан төмөрлөгийн үйлдвэр 100 мянгын тоннын хүчин чадалтай ган төмөр хайлуулах үйлдвэртэй.
Нөөц бүхий 3 ордтой. Хоёрыг нь ашиглаж байна. Нэгийг нь эргэлтэнд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Товчхондоо бол бэлэн 285 сая тонн хүдрийн нөөцтэй. Цаашид илрэх бололцоотой нь 250 сая тонн бий. Ингээд харахаар Монгол Улс хангалттай хэмжээний нөөцтэй. Жилд 4 сая тонныг олборлолоо гэж бодоход багадаа 130-150 жилийн нөөц байгаа юм.
Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд байж болох бүх түүхий эд Монголд байгаа. Төмрийн хүдрийн нөөц байна, кокс нүүрс ч байна. Засгийн газар ган үйлдвэрлэлийг 14 мега төслийн нэгээр нэрлээд, төслийн ажлыг эрчимжүүлж байгаа нь маш сайшаалтай. Төр засгийн бодлого энэ чигээр эрчтэй явах юм бол 2028-2030 он гэхэд улсдаа 500 мянган тоннын ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болно.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд нэг сая тонн ган түүхий эд бэлтгэдэг болно гэж орчихоод байгаа. Энэ зорилтод хүрэх хамгийн боломжит хувилбар, арга шийдлүүдийг та бүхэн хэрхэн харж байна вэ?
-Үндсэн нэг сая тонны ган үйлдвэрлэлийг хийхэд бид одоогийн 100 мянган тоннын үйлдвэрээ ямар хэмжээнд барих вэ, боловсон хүчин болон технологийн хувьд хэрхэн туршиж, бэлтгэх вэ зэрэг бэлтгэл ажлаа хангаад явж байна. Нэг сая тоннын хүчин чадалд хүрэх зорилтод очихын тулд үе шаттайгаар төлөвлөж явах хэрэгтэй.
Гангийн үйлдвэрлэл бол манайд шинэ биш шүү дээ. Нефтийн үйлдвэр шиг цоо шинэ бүтээн байгуулалт биш гэж ойлгож байгаа. Нэг ёсондоо манайд 30 жилийн туршлага байна, үйлдвэр нь ч байна. Нэг зүйлийг онцлоход, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх 1993 онд ашиглалтанд оруулахдаа зөвхөн хаягдал төмөр боловсруулах үйлдвэр гэдгээр биш, өргөн утгаар нь харж “хүдэр боловсруулж хайлуулна” гэдэг том зорилтыг тавьж, хоёр дахь шатны үйлдвэр байгуулах баримт судалгааг хийчихсэн байдаг. 100 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрийг Япон технологиор босгож байсан бол хоёр дахь шатны буюу хүдэр хайлуулах үйлдвэрийг Англи, Герман, Итали технологиор хийх боломжит нөхцөлийг судлаж төлөвлөж байсан юм билээ. Яг л бидний өнөөдрийн зорьж байгаа төслийн эх суурь 30-аад жилийн өмнө тавигдчихсан байна аа гэсэн үг.
Үүн дээрээс бид улбаалж, хөдлөх ёстой болов уу гэж харж байгаа. Нэг ёсондоо өнөөдрийн үйлдвэрийн суурин дээр, хүчин чадалаа нэмэгдүүлж, өргөтгөх байдлаар энэ төсөл явах ёстой. Гадны улсыг харахад одоо байгаа хүчин чадлынхаа үйлдвэр дээр тулгуурлаж нэмээд явсан. Огцом өсгөх биш. Ийм байдлаар явах нь төлөвлөлтийн хувьд маш зөв, оновчтой байхаар харагдаж байгаа юм.
Үүний тулд төсөл хэрэгжүүлэгчид маань, Засгийн газар, бусад оролцогч байгууллагууд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийнхээ үгийг, байр суурийг харах, сонсох ёстой болов уу.
-Ган үйлдвэрлэлийн цогцолборыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр суурилж, өргөтгөж явах ёстой гэсэн үг үү?
-Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбар 1993 оноос хойш хөгжиж байгаа. Манай улсын хувьд чамлахааргүй хөгжлийн хугацаа. Үүнийг бид тухайн үеэс өнөөдрийг хүртэл шат дараалсан хэлбэрээр хөгжүүлж чадаагүй, бодлогын хувьд анхаарлаа хандуулж чадаагүй нь буруу. Харин одоо бол Засгийн газар 14 мега төслийн нэгээр нэрлэж, том ажлыг эхлүүлсэн нь цаг үеэ олсон маш том алхам юм.
Засгийн газрын нэрлэсэн 14 мега төсөлд бүгдэд нь ган үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэгтэй. Хэрэв эдгээр төслүүдэд шаардлагатай төмөр эдлэлийг экспортоор авна гэвэл маш их зардал гаргана. Үүнийг бид нэмүү өртөг шингээсэн байдлаар дотоодоосоо хангах нь улсын эдийн засагт ч хэрэгтэй, дээрээс нь үйлдвэрлэлийн салбар, технологи хөгжих гэж байгаа улсын хувьд хөгжих том түлхэц болох юм. Тиймээс ган үйлдвэрлэлийн төслийг ойрын хугацаанд, бодитойгоор харж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч төлөвлөх, алхам хийх нь чухал гэдгийг онцолмоор байгаа юм. Жишээ татхад Ураны асуудал дээр гэхэд мэргэжлийн хүмүүс дуугарч байж “зөв юм байна” гэж олон нийт ойлгож байна шүү дээ. Үүнтэй адил төмөрлөгийн салбар дээр ч мэргэжлийн хүмүүс дуу хоолойгоо гаргах ёстой, түүнийг нь олон нийт, төр засаг анхаарах ёстой болов уу гэж хардаг.
Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийг эрчимжүүлэх шийдвэр гарсан. УИХ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч зарим нэг авах арга хэмжээг зохион байгуулах, төрийн зүгээс ямар бодлогын дэмжлэг үзүүлэх тал дээр шийдэмгий арга хэмжээ авч байгаа нь энэ салбарынхныг бариандаа хүрэхэд илүү хурдан болгож байгаа юм.
-Гангийн цогцолбор ашиглалтад орлоо гэхэд боловсон хүчний асуудал яригдаж таарна. Ер нь өнөөдрийн танай үйлдвэрийн боловсон хүчин ямар байна. Энэ тал дээр тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Дархан төмөрлөгийнг үйлдвэр 1550 орчим ажилтан, албан хаагчидтай. Бид уурхай ажиллуулж байна, дээрээс нь хаягдал төмрөөс барилгын арматур ган бэлдэц гаргах ажлуудыг хийж байна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Ажилтнуудаа хөгжүүлэх, дадлагажуулах тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. Дотооддоо Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сантай хамтран боловсон хүчнээ нэмэгдүүлэх, тэднийг дотоодын болон олон улсын их дээд сургуульд зээлийн сангаар дамжуулан сургах, бусад төрлийн нарийн мэргэжлийн хөтөлбөрөөр дэмжих тал дээр онцгой анхаарч байна.
Дээр хэлснээр энэ салбарын хөгжил нэг хэсэг орхигдсон байсан учраас боловсон хүчний хувьд ч ийм хүндрэл үүссэн. Өнөөдөр манайд металлургийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг нь цор ганц сургууль нь ШУТИС. Тэр дундаа Дархан-Уул дахь салбар сургууль юм. Өнгөрсөн хугацаанд элсэгчгүй болсон үе бий. Үйлдвэрийн зүгээс боловсон хүчин тасралтгүй байх бодлогыг барьж, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх байдлаар ажилтан албан хаагчаа нэмэх бодлого барилаа.
Түүнээс гадна Боловсролын сайд П.Наранбаярт энэ асуудлаар хандаж, ойлголцсоны эцэст тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад хар төмөрлөгийн металлургийн мэргэжлийг оруулж өгсөн. Мөн боловсон хүчнийг нэмэх, шинэ элсэгчид авах зорилгоор Боловсролын зээлийн сан, Дархан-Уул аймгийн Боловсролын газартай хамтран 2025 оны 05 дугаар сарын 09-нд Дархан-Уул аймагт нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ бол шинээр төгсч байгаа сурагчдад мэдлэг мэдээлэл олгох, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж улсдаа тэргүүлэх чиглэлээр суралцан, гангийн үйлдвэрлэлд гар бие оролцох боломж байгаа шүү гэдгийг хүүхэд залуусдаа таниулах, тэднийг татах зорилготой.
Түүнчлэн одоо ажиллаж байгаа мэргэжлийн залуусаа гадны томоохон үйлдвэрүүдэд дадлагажуулах, мэргэшүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгууллахаар Япон, БНХАУ, Энэтхэг улстай ярилцаад тохиролцоод байна. Тун удахгүй манай залуус дэлхийн том үйлдвэрүүдэд дадлагажиж эхэлнэ.
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.205
х***а манж уих зг гэж нэг их худла зург авхуулсн гажиг л******д.
зочин 6 цагийн өмнө 202.179.14.190
энэ цүнх баригч энд очсон байгаа юмуу. энэ ган мэдлээ юу. нисэхийг самарсан сүүлд цахим хөгжлийн яамны агенлагт самараад явж байсан
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.147
Оху-д яллтын прд мнгол-с очгчд өчнөөн ихнх нь мнголд он удаан жил оргсн х***а цуст манж хужаагууд шаацн.