Хаврын цэнхэр өдрүүдийн нэг. Бөмбөгөр худалдааны төвийн ойр орчим хөл, хөдөлгөөн нэлээд байх ажээ. Дотогш орвол мөн л хүн ихтэй байв. Гоо сайхан, жимс, гэр ахуйн барааны лангуунуудад хүн харьцангуй бага байх бол өргөн хэрэглээний барааны лангуунуудад хүмүүс хамгийн их үйлчлүүлж байгаа нь гарцаагүй өдөр тутмын хэрэгцээ гэлтэй. Худалдан авалт хийж буй иргэдийг ажвал дийлэнх нь гоймон, ургамлын тос, гурил хүнсний ногоо авсан харагдана.

Үйлчлүүлэгчдийн асуултад төвөгшөөлгүй хариулах шалмагхан хөдөлгөөнтэй, улбар шар хормогч зүүсэн Тунгалагтамир бүсгүй "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний лангуу түрээслээд 10 гаруй жил болж байгаа аж. Он гарсаар өргөн хэрэглээний барааны үнэ өдөр бүр өсч байгаа гэнэ. "Сүүлийн хоёр өдөр хүн хүн ихтэй байна. Яагаад гэвэл сар бүрийн 5, 20-нд иргэдийн цалин буудаг. Сар бүрийн 1-нд тэтгэвэр буудаг. Энэ үед худалдан авалт нэмэгддэг юм.
Бусад үед орлого орохгүй өнжих нь бий. Сүүлийн үед Орос улсаас орж ирж байгаа барааны үнэ нэлээд нэмэгдэж байгаа. Ургамлын тосны үнэ маш их нэмэгдсэн. Таван литртэй тос 28000-32000 төгрөг гэж байна. Гоймонгийн үнэ бас нэмэгдсэн. Цайнууд олон төрлөөрөө олдохоо больсон. Гурил, будаа, гоймон хүний өдөр тутмын хэрэгцээ болохоор тэгээд өөрсдийнхөө хэрэглээнд тохируулаад авдаг. Иргэдийн амьдрал үнэхээр хүндэрч байгаа шүү.
Эгч нь энд 10 гаруй жил сууж байгаа хүний хувьд мэднэ. 2,3 жилийн өмнө 100 мянган төгрөгт гурил, будаа тос давс сахар гээд бараг сарын хэрэглээгээ авчихдаг байлаа. Одоо бол 100 мянган төгрөгт 7 хоногийн хэрэглээг л авч байна. Алхам тутамд л татвар авна гэх юм. Авто зам ашигласны төлбөр, тээврийн хэрэгслийн татвар зэргийг нэмлээ тэгээд зорчуулж байгаа замаа хар л даа. Авч байгаа шигээ эргээд ард иргэдээ боддог болоосой гэж бодох юм. Даанч бидний үгийг сонсдог хүн алга"

Будаа сортоосоо шалтгаалаад 5 кг нь хамгийн хямд нь 18 мянган төгрөг бол дээд тал нь 32 мянган төгрөг гэж байв. Мөн сакура будаа нэлээд өндөр үнэтэй зарагддаг буюу 5 кг нь 45-50 мянган төгрөгийн үнээр зарагддаг учраас төдийлөн иргэд нэг их худалдаж авдаггүй аж.
Гурилын хувьд сүүлийн саруудад үнэ нь нэмэгдээгүй гэнэ. Алтан тариа үйлдвэрийн гурил хамгийн өндөр үнэтэй байдаг аж.
Харин Дорнод, Хурх гэсэн гурилууд арай хямд үнэтэй зарагддаг тул иргэд хамгийн их худалдаж авдаг юм байна. Тухайлбал, алтан тариа гурил 5 кг- 11000, 10 кг – 30000, 25 кг нь 70 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл улаанбаатар гурил 5 кг-12500, 10 кг- 25000, 25 кг- 55000 төгрөгийн үнэтэй байлаа.
САРД ЗӨВХӨН МАХАНД 400 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Иргэн Даваадалайгийн гэр бүл ам бүл 7-уулаа амьдардаг. Сард хүнсний бүтээгдэхүүндээ 700-800 мянган төгрөг зарцуулдаг байна. Олуулаа учир гурилаа 25 кг-аар нь худалдан авдаг аж. Энэ нь сардаа арай гэж хүрдэг гэнэ. Тэднийх маханд хамгийн их мөнгө зарцуулдаг юм байна. Тэрбээр"сард хоёр удаа хүнсээ хувааж авдаг. Ингэхдээ цалин буусан өдрөө хүнсээ бөөндөж авна. Эхний цалингаасаа гурил будаагаа авсан бол дараагийн цалин буудаг өдрөө махаа, бусад өргөн хэрэглээний бараагаа авдаг. Маханд хамаг мөнгөө зарцуулж байна. Ам бүл олуулаа болохоор мах их орно. Нэг килограмм махыг хоёр хоногт л хэрэглэдэг. Үхрийн мах өнгөрсөн долоо хоногт 22940 төгрөг байсан харин өнөөдөр үхрийн цул мах 24 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
Ам бүл олуулаа болохоор нэг кг махыг хоёр хоног хэрэглэдэг. Сард маханд 400 орчим мянган төгрөг зарцуулж байна даа.
Жилийн өмнө 4200 байсан сүүний үнэ одоо 4700 төгрөг гэж байна. Гурилан бүтээгдэхүүний үнэ бүр нэлээд нэмэгдсэн. Юмны үнэ нэмэгдсэн л бол хямдарна гэж байдаггүй гэлээ.

Нэгнийхээ цалингаас зээл, тог, цахилгаан, гар утас, зурагтын гээд бусад төлбөр тооцоогоо хийчихнэ. Харин нэг цалингаараа хүнсээ авна. Хоёулаа нийлээд 3 орчим сая төгрөгийн орлоготой байхад хэрэглээндээ зарцуулаад хуримтлуулж чадахгүй л байгаад байна даа. Тэгээд хүний хэрэглээ барагддаггүй юм. Талх, боорцог ихэнх айлын өглөө, өдрийн хэрэглээ. Өдрийн цайнд л гэхэд 20 мянган төгрөг зарцуулж байна шүү дээ. Энэ маягаар өдөр хоног өнгөрч байгаа юм даа. Ихэнх айл манайх шиг л байдаг байх гэж бодож байна даа гэж инээмсэглэнэ.
НЭГ ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭНД ДУНДЖААР 55400 ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Нэг өдрийн хоол болон өдрийн цайнд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн худалдаж авч хэчнээн төгрөг болохыг туршиж үзэв. Ингэхдээ жин туул гэсэн савхан боорцог нэг, 9000 төгрөг, дээж сүү 4700 төгрөг, тараг 5600 төгрөг, нэг килограмм төмс, лууван, манжин нийлээд 5500 төгрөг, нэг байцаа 3500 төгрөг, алтан тариа савласан гурил нэг килограмм 3100 төгрөг, нэг килограмм үхрийн цул мах 24 мянган төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Нэг өрхийн нэг өдөрт хэрэглэх дээрх зургаан нэр төрлийн бүтээгдэхүүний худалдаж авахад нийт 55400 төгрөг болов. Миний худалдаж авсан дээрх бүтээгдэхүүнүүд таван ам бүлтэй айлын нэг өдрийн хэрэглээ.
НЭГ ЖИЛИЙН ДОТОР ИХЭНХ БАРААНЫ ҮНЭ 200-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Гол нэрийн зарим барааны үнэ дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар өмнөх сараас 1.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.5 хувиар тус тус өссөн байна. Тухайлбал, хүнсний ногоо килограмм тутамдаа 10-140 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт төмс 1345 төгрөг байсан бол энэ долоо хоногт 1359 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл лууван өнгөрсөн долоо хоногт 2992 төгрөг байсан байна. харин энэ долоо хоногт 3171 төгрөг болж өсчээ. Сонгино 3758 төгрөгөөс 3886 төгрөг болж 128 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт мөн махны үнэ өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлтэй байна. Үхрийн ястай мах өнгөрсөн долоо хоногт 19990 төгрөг байсан бол энэ долоо хоногт 20153 төгрөг болж нэмэгджээ. Харин үхрийн цул мах 22940 төгрөгийн үнэтэй байна. Энэ үнэ нь өмнөх сараас 400 орчим төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Адуу мах өнгөрсөн долоо хоногоос 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн бол ямааны мах өнгөрсөн долоо хоногоос 642 төгрөгөөр, өнгөрсөн сараас 1329 төгрөгөөр тус тус өссөн байна. Нэг жилийн хугацаанд ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ 200-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ сарын 5-ны өдрийн байдлаар, ургамлын тосны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.24 хувиар буюу 6,551 төгрөгөөр өссөн байна. Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 4500-6790 төгрөгийн үнэтэй. ОХУ өндөг дунджаар 570-650 төгрөгийн үнэтэй байна. Харин "Бөмбөгөр" худалдааны төвд өндөг 500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1500 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна. Монгол лууван 3000-4000 төгрөгийн хооронд үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ