Нийслэлээс мянган бээрийн цаана орших Завхан аймгийн Түдэвтэй сумын баруун талд байрлах хэсэг газар том том техник хэрэгсэл эгнэж, жилдээ сумын наадмаар л гаргаж барьдаг байсан хоёр цагаан асар майхныг босгож дотор нь идээ унд болсон байв. Гадаа цаг агаар тогтуу сайхан хүн малын зоо тэнийсэн энэ өдөр Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүрэх хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж байгаа нь энэ. Хот хүрээнээс хүмүүс ирж хилийн боомттой холбогдох чухал ач холбогдолтой замын нээлтэд оролцохоос гадна УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ирэх сургаар хүүхэд хөгшид олноороо цугларчээ. Хаврын хуйсагнуур өдрүүдэд гадаа гандаж, хөдөө хөхөрсөн малчид талд зассан тайзны өмнүүр эгнэн сууж, хүүхэд багачууд тавгийн чихэрнээс дайлуулж, гартаа ус, ундаа барьж гүйлдэнэ.
Тус сумын малчид хоёр болон гуравдугаар сард өвлийг өнөтэй давахын тулд ихээхэн зүтгэсэн гэдгийг хэлж байна. Өвс тэжээл өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайн хангасан тулдаа хохирол, хоргодол багатай давсан гэдгийг Түдэвтэй сумын Засаг дарга Х.Саруул-Эрдэнэ хэлж байв. Нийт 1820 хүн амтайгаас малчин өрх 160 орчим амьдардаг байна. Энэ сум хүн амын тоо бага учраас үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хүндрэлтэй, хөгжих боломж сул байдаг аж.
Хаврын цагт малчдын орлогын гол эх үүсвэр болдог ноолуурын үнэ 135-138 мянган төгрөгийн үнэтэй гарсан нь олон жилийн дунджаас доогуур үзүүлэлт болж байна гэв.
Иргэдийн амьжиргаа, эдийн засгийн боломж нөхцөл тааруу тус бүс нутагт ийнхүү замын өргөн сүлжээ бий болох боломж нээгдэж, шинэ замын шинэ түүхийн хуудас нээсэн бүтээн байгуулалтын ажлыг тус сумаас эхлүүлж байгаа нь тэдэнд шинэ гарц болж байгаа гэдгийг Засаг дарга онцолж байна.
Түдэвтэй суманд нарийн мэргэжлийн эмчийн дутагдалтайгаас гадна боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар дутагдалтай байгаа нь иргэдийг төв суурин газар руу шилжин нүүж амьдрах гол шалтгаан болж байгаа аж. Түдэвтэй сумын хувьд сум дотроо ч хатуу хучилттай авто зам байдаггүй. Тийм учраас сумыг төв замтай холбож, бусад сум, аймгуудтай холбох, цаашлаад хилийн боомттой холбох тус замыг дагаж хөгжил дэвшил ирнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа иргэд хэлж байна. Мөн үйлчилгээний газрын тоо нэмэгдэхээс гадна автозамын ажилд орон нутгийн иргэд оролцож ажлын байр бий болгох хүлээлттэй байгаа гэдгээ учирлана.
УИХ-аас баталсан “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д баруун бүс нутагт “Арцсуурь боомт-Баянхайран сум-Тэлмэн сум болон Улиастай-Алтай-Бургастай боомт чиглэлийн босоо тэнхлэгийн авто замыг барина” гэж заасан.
Тус үзэл баримтлалын хүрээнд уг авто замын ажлыг эхлүүлж буй нь боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, баруун бүс нутгийг ОХУ, БНХАУ-ын зах зээлтэй холбох замаар Төв Азийн орнуудад хүргэж, алсдаа Монгол Улсын хөгжилд үр шимээ өгөх баруун бүсийн босоо тэнхлэгийн төв замын нэг бүрэлдэхүүн хэсэг болох чухал ач холбогдолтой юм.
Авто зам 2027 онд ашиглалтад орох бөгөөд нийт 20.2 км трассын урттай, 44 тэрбумын төсөвт өртөгтэй. 2025 онд 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн бөгөөд энэ авто замыг “Эйч Кэ Би” ХХК гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Уг авто зам ашиглалтад орсноор сум орон нутгийн хөгжлөөс гадна бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгасан хил орчмын, хил дамнасан аялал жуулчлал, байгаль газар зүйн онцлогт түшиглэсэн аялал жуулчлал, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан түүх угсааны болон шашин, соёлын аялал жуулчлалын төсөл хөтөлбөрүүд цогцоороо хөгжих боломж бодитоор хэрэгжинэ гэж үзэж байгаа юм.
ЗАМЫН ХӨГЖЛИЙГ ДАГААД МАЛЧДЫН ОРЛОГО НЭМЭГДЭНЭ ГЭСЭН ИТГЭЛ ТЭЭЖ БАЙНА
Завхан аймгийн Түвэдтэй сумын малчин Б.Дагвын хувьд орчим жил мал маллан нутагтаа амьдарч байна. Тэрбээр, эхнэр дөрвөн хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг аж. Хоёр хүүхэд нь арван жилийн сурагч бол хоёр нь бага насных аж. Залуу гэр бүлийн хувьд малын тоо толгой тийм ч их биш. Гэсэн хэдий ч "Мал дагавал ам тосддог" гэдэгчилэн хоолтой нь залгуулдаг гэдгийг учирлаж байна. Өвөлжилт тарган сайхан байсан ч хаврын урт өдрүүд мал, малчны хувьд сорилт их байсан тухай ярилаа. Намар бэлдсэн өвс тэжээлийн нөөц нь дуусч зээлээр өвс тэжээл бэлдэж одоо л нэг хүн, малын зоо тэнийж байна гэв. Хаврын цагт малчдын орлогын гол эх үүсвэр болдог ноолуурын үнэ тус суманд бага байхаас гадна ноолуур авч байгаа хүн ховор байгаа гэдгийг хэлж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал ядуурсан шүү дээ гэхдээ түүний царай барайв.
Малчны зээлгүй малчин өрх гэж нэг ч байхгүй. Ажил хийж байгаа нэг нь цалингийн зээлтэй амьдарч байна. Гэтэл ноолуурын орлогоороо зээлээ хааж чадахааргүй нөхцөлд хүрсэн гэв.
Эднийх жилд 15-20 кг орчим ноолуур бэлтгэж тушаадаг. Тэр хэмжээний ноолуураа борлуулаад ч өвөл, хаврын цагт банк болоод дэлгүүрүүдэд тавьсан өрнөөсөө салахааргүй байгаагаа учирлана. Мал аж ахуй дагасан орлоготой тэдний хувьд малын түүхий эдийн үнэ өсөхгүй, арьс шир нь жалганд хог болж хэвтэж байгаа нь хамгийн их тулгамдсан асуудал болж байгаа гэдгийг хэлэв. Тэд 50 килограммын шуудай гурилаа 80 орчим мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол мал болон малын махаа өндөр үнээр борлуулах дэд бүтэц дутмаг байгаад сэтгэл дундуур байгаа аж. Нэг төлөгөөр нэг шуудай гурил авч идэх хэмжээнд үнэ ханш дүйж байгаа аж. Намрын цагт үхрийн мах килограмм нь хамгийн дээд тал нь 9500 төгрөгт хүрдэг бол хот суурин газарт 20 мянган хол давсан сураг дуулддаг.
Гэтэл малчны хотонд байгаа мал нь үнэ хүрдэггүй. Тийм учраас манай сумыг бусад сум, аймаг, цаашлаад хилийн боомттой холбох өндөр ач холбогдол бүхий замын нээлт болж байгаад баяртай байна гэж ярих малчин залуугийн нүдэнд сая нэг итгэлийн оч харагдав.
Уг зам ашиглалтад орсноор эдийн засгийн өртөг буурч, малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэж, малын түүхий эдийн үнэ өсөх итгэл тээж байгааг гэдгээ тэрбээр хэллээ. Мөн авто замын бүтээн байгуулалтыг дагаад байгаль орчин сүйдэх, мал амьтан дайрагдах эрсдэл гардаг учраас хаа хаанаа ээлтэй бүтээн байгуулалт хийх нь чухал гэдгийг онлов.
"ЖАРАНД ГАНЦ ТОХИОСОН ХОЁР ТОМ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛЛОО"
Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн ахмад настан Я.Мөнх-Эрдэнийн хувьд 1969 оноос хойш 60 орчим жил нутагтаа ажиллаж амьдарсан нэгэн. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн болоод олон улсын чанартай хоёр том замын бүтээн байгуулалт, нээлтэд оролцож явсан түүх түүнд үгүй. Тиймээс жаранд тохиосон жаргалтай явдал боллоо гэж тэрбээр бэлгэшээж байна. Жилээс жилд нутаг орноосоо иргэд нь шилжиж, төв суурин газар бараадах болсон нь түүний хувьд хөндүүр сэдэв болж байгааг учирлаж байна. Төрийн албан хаагчдын шалгалтыг шударгаар нээлттэй ил тод явуулахгүй байгаас гадна нам дагасан нөхөд томилогдох асуудал бугшсан гэв.
Завхан аймгийн Түдэвтэй сум цагтаа сум дундын эмнэлэгтэй, эмнэлгийн үйлчилгээ чанартай сайн байсан бол сүүлийн үед муудсан гэдгийг хэлж байна.
Учир нь чадварлаг сайн боловсон хүчнүүд нь өөрсдийн амьдрах орчин, цалин хөлсийг дээрдүүлэхийн тулд төв суурин газар бараадах болсон байна. Тиймээс эрүүл мэнд боловсролын салбарт чадварлаг хүний нөөцийн дутагдалд орсон байна. Тиймээс аймгийн төв Улиастай эсвэл Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү шилжүүлэн хүргэх үйлчилгээг түлхүү тус сумын эмнэлэг үзүүлж байгаа гэв. Тиймээс зам дагасан хөгжил Завхан аймгаар дайрч тус бүс нутгийн иргэд ажилтай, орлоготой, амьжиргааны түвшин дээгүүр амьдрах боломж нөхцөлийг бий болгосон хөгжлийн зам болох болтугай гэж ерөөл айлдаж үдэв.
СУМЫН ИРГЭДЭД Ч САЙХАН АМЬДРАХ ЭРХ БИЙ
Хаврын тэнгэр хуйсагнаж, гадаа цас бударна. Холоос ирсэн зочидыг хур бороотой угтаж байна гэж бэлгэшээж том том техник хэрэгсэл эгнүүлэг зогсоосон талд хүндэтгэлийн тайз бэлэн зэхжээ. Энэ бол алс баруун хязгаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хаврын их бүтээн байгуулалтын ажлын эхлэл болох 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүлж буй нь энэ.
Завхан аймгийн хувьд дэд бүтцийн хөгжил сул. Дээр нь нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан учраас эдийн засгийн өртөг өндөр байхаас гадна иргэдийн ая тухтай амьдрах боломж тэр хэрээр хязгаарлагдаж ирсэн гэдгийг нутгийн иргэд тодотгож байна. Тиймээс зам дагаж хөгжил ирнэ гэдэг учраас тус замын бүтээн байгуулалт аймгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа хэлж байсан юм.
Ялангуяа гэр хороолол дунд баригдаж байгаа тус бүтээн байгуулалтын ажил иргэдийн ая тухтай амьдрах боломжоор хангах нэг хэсэг нь болж, зун нь шавар шалбааг, шороо тоосонд дарагддаг энэ буйдхан газар дугуйгаар болон явганаар автомашинаар зорчих боломж бий болгох учраас баяртай байгаагаа хэлж байна.
Шинэ замын бүтээн байгуулалтыг дагаж иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх учраас хамгийн гол нь хаа хаанаа хариуцлагатай байж насжилт удаан, чанартай зам тавих нь чухал гэдгийг онцолсон юм.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнгөрөгч амралтын өдөр /2025.05.04/ барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж олдсон талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар нээлтийн үгэндээ онцолсон юм.
ЗААСАН ХУГАЦААНД ЧАНАРТАЙ ЗАМ БАРЬЖ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХӨӨР АЖИЛЛАНА
Тус замыг тавих тендерт "Бумбат даваа" ХХК шалгарсан бөгөөд тус замын ажлын зурагт тусгагдсан техникийн шаардлагын дагуу хучилтын хийц нь хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, 7 см асфалттай, 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа 2.5 метрийн явган зам, дугуйн замтай байхаас гадна зорчих хэсгийн өргөн 16-18 метрийн өргөнтэй зам тавихаар зураг төсөл нь хийсэн гэдгийг тус компаийн захирал Б.Болд-Эрдэнэ онцолсон.
Тус компани автозамын салбарт 10 жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2018-2019 онд тус аймагт 6.4 километр автозамын ажил гүйцэтгэсэн аж.
Тус компанийн 40 орчим ажилтан дээрх замын бүтээн байгуулалтад оролцохоос гадна орон нутгаас 20 гаруй ажилтан ажилуулахаар төлөвлөсөн аж. Улсын төсөвт тусгагдах санхүүжилтийн дагуу 2025, 2026 онд тус замын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр ЗТХЯ-аар ажлын зургаа батлуулсан байна. Тиймээс уг ажлын зургийн дагуу хугацаандаа чанартай зам барьж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэв.
Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны наймдугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь зургаан багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлэхээс гадна уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Тус сумын иргэдийн хувьд төвөөс алслагдсан гэдэг утгаараа төсвийн гадуур бидний асуудлыг үлдээх нь элбэг. Сумын иргэнд ч байс сайхан амьдрах эрх нь бий. Сум суурингаасаа дайжиж хот суурин руу бөөгнөрөл үүсгэхээс илүүтэй сумандаа сайрхан амьдрах бас нэгэн боломжийг бүрдүүлж байгаад баяртай байна гэсэн юм.
СУМАА АЙМАГТАЙ, АЙМГАА ХИЛТЭЙ ХОЛБОХ ЗАМ
Аймгийн төв доторх хатуу хучилтай авто замыг өргөтгөсөн нээлтийн дараа аймгийн төвийг аймгийн төвтэй холбох дараагийн автозамын нээлтэд хүрэлцэн ирлээ. Говь-Алтай аймгийг бодоход Завхан аймагт цаг агаар тогтуун сайхан байв. Хахир өвлийн өнөтэй сайхан давж, хүн малын зоо сая л тэнийж, хаваржилт сайхан болж байгааг нутгийн иргэд хэлж байна. Завхан, Говь-Алтай аймгийн хооронд 178 километр зайтай. Үүнээс энэ онд 100 километр автозамын барилга угсралтын ажлыг хоёр талаас нь эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тиймээс эхний ээлжид Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто замын барилгын ажлыг ийнхүү эхлүүлж байгаа нь энэ.
Тус авто зам аймгийн төвөөс сумын төвийг холбохоос гадна Алтай-Улиастай, Улиастай-Алтайгаас Бургастай боомт хүрэх баруун босоо тэнхлэгийн авто замын нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах уг авто зам 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Алтай-Улиастай чиглэлд Говь-Алтай талаас Тайшир сум хүрэх 60 км авто замыг барих гүйцэтгэгч компани ирэх намар сонгон шалгаруулах бөгөөд эдгээр авто замууд ашиглалтад орсноор бүс нутгийн иргэд, малчид эрүүл мэнд, боловсрол, төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, зам дагасан үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн сүлжээ өргөжиж, зорчигч, жуулчид аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлэнэ гэж үзэж байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хотыг 21 аймагтай хатуу хучилттай авто замаар холбох, улмаар аймгуудыг хооронд нь холбох ажил хийгдэх бөгөөд дөрвөн аймаг хоорондоо холбогдоогүй үлдээд байгаа аж.
Цаашид баруун бүсийн хөгжлийг бодитоор бий болгох зорилго тавьж ажиллаж байгаа гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлов. Тэрбээр,баруун бүс нутгийн тухайд зах зээлээс алслагдсан нь тус бүс нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тэр дундаа баруун таван аймаг хоорондоо эдийн засгийн харилцаанд орон нөхцөл боломж дэд бүтцийн хөгжил сул учраас хангалттай хэмжээнд хангагдаж чаддаггүй.
Монгол Улсын нэг хүнд оногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний улсын дундаж үзүүлэлт 28 сая төрөг байдаг бол Өмнөговь аймагт амьдарч байгаа нэг иргэнд ногдож байгаа ДНБ 61 сая төгрөгт хүрсэн.
Харин Эрдэнэт хотод амьдарч байгаа нэг иргэнд ногдох ДНБ 33.7 сая төгрөг байгаа бол баруун таван аймагт амьдарч байгаа иргэдийн нэг хүнд оногдох ДНБ-ний хэмжээ 8.5-11 сая төгрөгийн хооронд байна. Эдийн засгийн хувьд хөгжил муу байгаа шалтгааныг арилгахад хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл бол зам, дэд бүтэц. Тиймээс шинээр барьж байгуулж байгаа сумыг аймагтай нь, аймгийн төвүүдийг бусад аймагтай нь холбох дэд бүтэц зам харилцааг хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр өгөөжтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
И 2025-05-07 139.5.217.37
Дов жалгынхаа ажлыг хийсээр ! Улсын чанартай замуудаа эхлээд хийж дуусгаач ! БУЛАЙНУУД !
Нэргүй 2025-05-07 202.9.46.139
хар х***а Монголыг залгихаар айсуй хар хужаатай алалцая Монголчуудаа
иргэн 2025-05-07 202.126.91.39
3 жилийн настай зам тавиад хөгжих үү?
Нэргүй 2025-05-07 66.181.183.116
үхсэн нохойн оцгьр. Данх та нар зам тавиад хөгжүүлчихдэг бол дэмжихсэн. Даанч маш бага мөнгө орж ирнэ
Нэргүй 2025-05-07 66.181.181.138
Бараг л хэрэггүй замд мөнгөө үрэж барж бндаа хөдөөгийн төвдөө бас хоорондоо ойхон сумдуу цөөлж хүн амаа нягруулах цаг нь болсон
зочин 2025-05-07 66.181.160.70
Үхсэн нохой долоо …Нэг грейдер нэг индүү хэдэн самосвалтай л кампан байна шдэ ..Яаж тэндэрт ялсан байхуу ????!!!!…
Нэргүй 2025-05-07 202.9.41.1
Үмхий х***а манж уих зг-ыг өнөөдөр устгж огцрлж.дуусгнаа.гэжийн