"Нераззури" Сан Сирод гайхамшгийг бүтээж, Барсаг ганзага хоосон буцаав

"Нераззури" Сан Сирод гайхамшгийг бүтээж, Барсаг ганзага хоосон буцаав

"Нераззури" Сан Сирод гайхамшгийг бүтээж, Барсаг ганзага хоосон буцаав

УЕФА Аваргуудын лигийн 2024-2025 оны улирлын аварга тун удахгүй тодорно. Орон нутгийн цагаар өчигдөр/2025.05.06/ хагас шигшээ шатны хариу тоглолтууд эхэлж, Испанийн Барселона клуб Италийн Милан хотноо зочиллоо.


Онцлох үйл явдлууд

  • 21′: Лаутаро багтаа тэргүүлэл авчрав
  • 45+1′: Чалханоглу багийнхаа тэргүүллийг баталгаажуулав
  • 54′: Эрик Гарсиагийн гоол багаа сэргээв
  • 57′: Гарсиагийн цохилтыг Зоммер хаав
  • 60′: Олмогийн мөргөлт тооны харьцааг тэнцүүлэв
  • 87′: Рафиньяагийн гоол Барселонаг илүү гаргав
  • 90+3′: Ачерби тооны харьцааг тэнцүүлэв
  • 99′: Фраттезигийн гоолоор Интер тэргүүллээ эргүүлэн авав
  • 114′: Зоммер Ямалийн гайхалтай цохилтыг хаав

Интер Милан клуб Давиде Фраттезигийн нэмэлт цагт оруулсан гоолын ачаар финалд шалгарлаа. Дээрх хоёр баг УЕФА Аваргуудын лигийн түүхэнд тодоор бичигдэх тансаг нэгэн тоглолтыг толилуулав. Үр дүнд нь хоёр тоглолтын нийлбэр дүн 7-6 гэсэн харьцаатайгаар Интер финалджээ.

Хоёр багийн эхний тоглолт Испанид болоход 3-3 гэсэн харьцаатай тэнцсэн. Эхний тоглолтын өрнөл гайхамшигтай байсан учир хариу тоглолтоос ч их зүйл хүлээж байсан хүн олон байлаа. Фанатууд, үзэгчид ч хүссэндээ хүрч, Сан Сирод түүхийн гэрч болцгоожээ.

Тоглолтын тухайд эхний гоолыг Интер Миланаас Лаутаро Мартинез оруулсан. Димаркогийн хичээл зүтгэлийн эцэст Дамфрисын дамжуулалтаар аргентин довтлогч энэ улирлын Аваргуудын лигийн найм дахь гоолоо шигтгэв. Нэгдүгээр үеийн төгсгөлд Пау Губарси торгуулийн талбайдаа Мартинезыг унагаасныг VAR гэрчилж, Хакан Чалханоглу цаазын ялыг гүйцэтгэв. Үр дүнд нь Интер 2-0 гэсэн харьцаатай талбай дээрээ тэргүүлж эхэлжээ.

Завсарлагааны дараа тэс өөр Барселона талбайд гарч ирэн 15 минутын дотор л хоёр гоол оруулж, дутуугаа гүйцээсэн. Эхлээд Эрик Гарсиа хаахын эцэсгүй цохилт Зоммерын хаалгыг мялаав. Дараа нь сөрөг довтолгоогоор дахин гоолын боломж олдсон ч Зоммер хаалаа. Гэвч удалгүй Дани Олмогийн мөргөлт тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Хоёрдугаар хагаст ч Барселонагийн довтолгоо улам ширүүсч, Ламине Ямалийг тогтоох амаргүй харагдсан. Хоёр баг гоол оруулах олон ч сайхан боломжоо алдсаны эцэст Рафинья форм сайтай байгаагаа харуулж, багтаа тэргүүллийг авчирчээ. Барселона финалын шатанд нэг хөлөө тавьсан гэхэд хилсдэхгүй.

Гэвч шүүгчийн сунгасан минут дээр Францеско Ачерби багаа аварсан гайхалтай гоолыг оруулж, Сан Сиро жинхэнэ утгаараа "буцалсан". Ийнхүү нэмэлт цагт хоёр баг бүхнээ шавхаж, фанатууд торгуулийн цохилтыг хүлээсэн. Харин Фраттези өөр байдалтай байжээ. Тэрбээр 100 дахь минутын босгон дээр гоолдож, гал дээр тос нэмсэн. Интерийн фанатуудын сэтгэл хөдлөл, зүрхний хэмнэл дээд цэгтээ хүрч, баяраа тэмдэглэж эхлэв.

Барселона тооны харьцааг тэнцүүлэх удаа дараа оролдсон ч Зоммерын хаалганд гоолын тоо нь гүйцсэн байжээ. Симоне Инзагигийн залуус хамгаалалтын ханаа завсар зайгүй өрж, Барселонаг илүү алхуулсангүй. Улмаар шүүгчийн эцсийн шүглийг үлээж, тоглолт өндөрлөсөн. Интер Милан энэ сарын 31-ний өдөр Мюнхен хотноо финалын тоглолтын тасалбараа захиаллаа.

Тоглолтын шилдгээр Интер Миланы хаалгач Янн Зоммер тодорсон.

Хожлын гоолыг оруулсан Давиде Фраттези тоглолтын дараа:

-Юу болоод өнгөрсөн бэ? Мэдэх юм алга. Хэтэрхий чанга орилоод толгой минь одоо эргэж байна. Би дахиж ийм сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй байх. Энэ чинь л хөлбөмбөгийн сайхан нь. Миний замналын нэг хэсэг. Би үргэлж хамгийн түрүүнд итгэж, сүүлд нь бууж өгдөг хүн.

Интер Миланы дасгалжуулагч Симоне Инзаги:

-Бид супер Интерийг харлаа. Залуустаа баяр хүргэе. Тэд хоёр гайхалтай тоглолтыг толилууллаа. Тэдний дасгалжуулагч гэдгээрээ бахархаж байна. Тэд байгаа бүхнээ гаргалаа. Цэнгэлдэхэд баяраа тэмдэглэх нь зөв. Бидэнд асуудал байсан ч зүрх сэтгэлээрээ бүхнийг даван тууллаа. Эхний тоглолтын дараа бид тоглолтын төлөвлөгөөгөө толгойдоо суулгасан. Хамтын золиос, тусламжгүйгээр энэ бүхнийг хийх боломжгүй байлаа.

Барселонагийн дасгалжуулагч Ханси Флик:

-Хасагдсандаа гутарч байна. Гэхдээ багийнхаа гаргасан тоглолтод гутрахгүй байна. Тэд бүхнээ зориуллаа. Ирэх жил дахиад л эхэлнэ дээ. Фанатуудаа, клубээ, бидний эргэн тойрон дахь бүхнийг баярлуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-galzyypal- ; 2025-05-07 50.147.160.114

xylgaichduin

Avatar

Нэргүй 2025-05-07 103.212.116.197

Ямар юмны гайхамшиг вэ?

Avatar

gadni +gay bolchyyl salgyi shyy, ylcuun xamg###; 2025-05-07 50.147.160.114

– ene tsag yed ayultaip ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж