Гринч зул сарын баярыг хэрхэн хулгайлсан түүхийг мэдэхгүй хүн цөөн болов уу. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сард зул сарын баярыг хулгайлах Гринч нь хэн байх бол, юу байх бол? "CNBC" цахим хуудас Трампийн тарифын нэмэгдлийг энэ жилийн Гринчээр нэрлэж байна.
Арванхоёрдугаар сар бол аль ч улсад эдийн засгийн эргэлт сайжирдаг үе. Жижиглэнгийн худалдаачид энэ үеийг соргогоор ашиглаж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг хичээдэг. Гэвч АНУ-ын жижиглэнгийн худалдаачид ирэх арванхоёрдугаар сарыг хоосон лангуутай угтах эрсдэлд тун ойрхон байна. Хятадын үйлдвэрүүд болон тэдний АНУ дахь дистрибьютерүүд тарифын дайнаас болж тодорхойгүй байдлыг туулж байна.
Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хятадын импортын бараанд ногдуулах 34 хувийн татварыг танилцуулсан. Үүний дараачаас эхлээд АНУ-ын жижиглэн худалдаачид Хятадын ханган нийлүүлэгчдээс авах захиалгаа зогсоожээ. Сайн мэдээ гэвэл бизнес эрхлэгчид захиалгаа бага багаар сэргээж, сүүлийн хэдэн өдөр зарим үйлдвэрлэл сэргэж эхэлснийг салбарын төлөөлөгчид хэлэв.
Бизнес эрхлэгчид ойрын хоёр долоо хоногт багтаан үйлдвэрлэлээ эхлүүлэхгүй бол Хар Баасан гариг болон Зул сарын баярыг алдсанд тооцогдох аж.
Тиймээс хоёр тал аль аль нь тодорхой хэмжээгээр уян хатан байхыг хичээж байна. Нийлүүлэлтийн сүлжээ нэг тасрах л юм бол дахин сэргээхэд амаргүйг жижиглэнгийн худалдаачид ойлгож байна. Энгийн нэг халбаганы захиалга тасалдахад л цаад талдаа гангийн үйлдвэрт ихээхэн савалгаа үүсэх юм. Нэгэнт хаагдсан урсгалыг хожим нь дахин эхлүүлэхэд цаг хугацаа ч их орно гэдгийг салбарынхан хэлж буй.
Хятадын зарим бүтээгдэхүүнийг бусад улсаар дамжуулан АНУ руу нийлүүлж байгаа ч хэвшиж дадсан арга барилыг өөрчлөх нь маш хэцүү хэвээр байна.
АНУ-ын Хятадаас импортолдог нийт бараа бүтээгдэхүүний 36 хувь нь өөр зүйлээр орлуулшгүй бүтээгдэхүүн байдаг. Яагаад гэвэл тэдгээр бараа бүтээгдэхүүний эд анги, материалын 70 гаруй хувийг зөвхөн хятад ханган нийлүүлэгчээс авах боломжтой гэдгийг "Goldman Sachs" саяхны судалгаандаа танилцуулсан юм. Бусад улс орон үүнийг хийх боломжгүй, хийлээ гэхэд тийм амар бүтэхгүй.
Лос Анжелес дахь гэр ахуйн барааны "Aldik Home" дэлгүүр зул сарын баярын үеэр борлуулалтынхаа гуравны хоёрыг бүрдүүлдэг. Тус дэлгүүрт олон төрлийн хиймэл гацуур мод, гоёл чимэглэл, тууз, хэлхээ, зүүлт болон бусад чимэглэлийг зардаг. Тэгвэл энэ дэлгүүрийн нийт бараа материалын 95 гаруй хувийг зөвхөн Хятадаас нийлүүлдэг аж. Тэд ирэх арванхоёрдугаар сард борлуулах зул сарын бараа бүтээгдэхүүнийхээ захиалгыг бараг бүтэн жилийн өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард өгчээ. "Бидний борлуулдаг аль ч бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэдэггүй" гэж дэлгүүрийн эзэн Брайан Голд ярьжээ.
Гэвч одоо мөрдөгдөж буй тарифын улмаас тус дэлгүүр гаалийн татварт нэг сая орчим ам.доллар төлөх болоод байна.
Мөн өнгөрсөн жил 1000 ам.доллараар зарж байсан гацуур мод боомт дамжин ирсээр байтал энэ жил 2500 ам.доллар хүрэх төлөвтэй байна.
"Aldik Home"-ийн нийлүүлэгчдийн дийлэнх нь Хятадын компаниудад захиалга өгөхөө больжээ. Харин тодорхой тооны нийлүүлэгч нь гаалийн баталгаат агуулахад бараагаа дарж байна. Ингэснээр дараа нь татварын хувь хэмжээ буурсан тохиолдолд бараагаа нэмэгдэл төлбөргүйгээр авах боломжтой юм. Мөн мэдээж олонх нь тарифын нэмэгдлийг шингээхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихсэн байгаа.
Талархлын баяр өнгөрмөгц дэлгүүрийн лангуунаа тавихын тулд тухайн бүтээгдэхүүнүүдийг есдүгээр сарын эхээр Хятадаас гаргах шаардлагатай гэдгийг Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч "Agilian Technology" компанийн гүйцэтгэх захирал Ренауд Анжоран хэлэв. Мөн тэдгээрийг үйлдвэрлэх, турших, угсрах, савлахад зургаан сар орчим хугацаа шаардагдах учир захиалгыг гуравдугаар сар гэхэд өгсөн байх учиртай аж. Эндээс харвал одоо захиалгаа өгөөгүй байгаа бизнес эрхлэгчид зул сарын баярыг яах аргагүй хоосон лангуутай угтах эрсдэлтэй тулгарчээ.
Гуандун хотод төвтэй тус компани бүтээгдэхүүнийхээ 50 хувийг АНУ-ын зах зээлд нийлүүлдэг.
АНУ-ын цөөнгүй худалдан авагч өнгөрсөн оны сүүлээс эхлэн бараа материалаа нөөцөлж эхэлсэн. Яагаад гэвэл Трамп албан тушаалдаа эргэн ирснээр татвар нэмэгдэнэ гэдгийг тэд таамаглаж байв. Гаалийн мэдээнээс харвал, Хятадын АНУ-д хийх экспорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн бол импортын хэмжээ 9.5 хувиар буурчээ. Дөрөвдүгээр сарын мэдээ хараахан гараагүй байна.
Гэвч Хятадаас АНУ руу явж буй ачаа тээвэрлэх чингэлэг хөлөг онгоцны тоо сүүлийн долоо хоногт огцом буурсан тухай "Morgan Stanley" мэдээлээд байна. Цуцлагдсан ачааны тоо ч өсчээ. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд цуцлагдсан ачааны тоо өмнөх сарынхтай харьцуулахад 14 дахин өссөн байна.
Хятадын үйлдвэрүүдийн шинэ экспортын захиалгын хэмжээ ч дөрөвдүгээр сарын байдлаар 2022 оны сүүлчээс хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь Хятадын цагаан сарын өмнө ачуулсан бараа материалаа нөөцөлсөн байдалтай байгааг салбарынхан хэлж байна. Тээвэрлэлтийг үргэлжлүүлэхгүй түр азнавал тарифыг удахгүй бууруулж магадгүй гэсэн найдлага тэдэнд бий.
Сүүлийн үеийн мэдээллүүдийг харвал хонгилын үзүүрт багахан гэрэл ёлтолзох болсон. Хоёр улсын аль аль нь энэхүү шийтгэлийн эдийн засгийн үр нөлөөг арилгахыг эрмэлзэж байгаа тул зарим тарифыг газар дээр нь хөнгөлж эхэлжээ. Тухайлбал, Хятад улс эм, сансарын тоног төхөөрөмж, хагас дамжуулагч, этан зэрэг АНУ-ын зарим барааг татвараас чөлөөлсөн байна.
АНУ-ын хувьд ухаалаг утас, компьютер, чип зэрэг олон төрлийн электрон бүтээгдэхүүний тарифыг буцаасан билээ. Харин хамгийн сүүлд ерөнхийлөгч Трамп гадаадын автомашин, сэлбэг хэрэгслийн импортыг нэмэлт татвараас чөлөөлөх захирамжид гарын үсэг зуржээ.
Нэргүй 2025-05-07 202.9.41.50
Зөнөг хүүр шийдвэрээсээ эргэж буцаад