Хөндөх сэдэв: Бусдад суралцах боломж олгоё!

Хөндөх сэдэв: Бусдад суралцах боломж олгоё!

Хөндөх сэдэв: Бусдад суралцах боломж олгоё!

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан. Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлдэг хамгийн өндөр дүн бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлийг өнгөрсөн 2024 онд нийт 338 суралцагчдад олгосон. Ингэхдээ, Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах эрх олгодог билээ. Төрийн аудитын газрын 2024 оны тайланд дурдсанаар Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж байгаа тэтгэлгүүд шаардлага хангахгүй байгаа зөрчил илэрчээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 4,558,917.78 ам.доллар, 1,902,319.42 евро, 4,298,444.4 мянган төгрөгийн санхүүжилт авсан нийт 205 суралцагчтай тооцоо нийлж баталгаажуулаагүй байгааг дурджээ.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрсийг ЭНД дарж харна уу.

Түүнчлэн дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөр болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр магистр, докторын сургалтад хамрагдаж, 6,352,208.0 мянган төгрөгийн зээл, тэтгэлэг авсан нийт 68 суралцагч гэрээний үүргээ зөрчсөн байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд шуугиан тарьсан. Улмаар 2023 онд энэ сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Тухайн үед гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон юм. Гэсэн ч жил бүр тус сангийн үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлт асуудал дагуулсан хэвээр байна.

Авлигатай тэмцэх газрын дүгнэлтэт тусгаснаар 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Эдгээр тушаалууд хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргаж байв. Улмаар Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

2025 оны нэдүгээр сарын байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 орчим зөрчлийг илрүүлсэн талаар АТГ-аас мэдээлсэн юм. Тухайлбал,

  • Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,
  • Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,
  • Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,
  • Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаа дууссан хэргээс дурдвал “Сургалтын төрийн сангийн нэр бүхий албан тушаалтан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүүдээ гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон” хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн билээ.

Энэ бол албан тушаалаа ашиглан давуу эрх эдэлдэг дарга нарын ердөө нэг жишээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ийн зээл эргэн төлөгдсөн юм.

Гэвч энэ бол мөн л тус санд эргэн төлөгдөх ёстой мөнгөний талын талд ч хүрэхгүй тоо. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын системийг 15 хоногийн дараа нээнэ. Үүнээс өмнө тус санд зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй. Мөн энэ удаад шалгарах суралцагчдын нэрс ч хардлага төрүүлэх нь дамжиггүй. Ямартай ч энэ онд тус сангийн зээл олгох журам шинэчлэгдэж, тус сангийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байдлаар зохицуулсан гэдгийг салбарын сайд П.Наранбаяр онцолсон юм. Иймд энэ жил Боловсролын зээлийн санд 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, бусдад суралцах боломж олгох шийдвэр гаргаад байгаа. Тиймээс уг ажлыг үр дүнтэй зохион байгуулж, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг цэгцэлж, иргэдэд тэгш боломж хүртээх ажил П.Наранбаяр сайдын нуруун дээр байна. Учир нь үүний цаана олон хүүхдийн сурч боловсрох эрх, хүсэл мөрөөдөл яригдаж байгааг мартаж болохгүй.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-05-07 192.82.66.11

ГАнц Лхагвасүрэн ч биш Ариунболдод холбогдох хэрэг гарсан л гэсэн шдээ.

Avatar

1234 2025-05-07 202.5.202.32

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн билээ.

Энэ бол албан тушаалаа ашиглан давуу эрх эдэлдэг дарга бол БЗС-ийн захирал байсан П.Лхагвасүрэн гэдгийг шууд хэлээд олон нийтэд ил болгох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж