Украин, Ойрхи Дорнодод үргэлжилж буй дайн тулаан, мөргөлдөөнүүд олон улсын эрчим хүчний хангамжийг ихээхэн тогтворгүйтүүлсэн. Эрчим хүч импортлогч орнуудын хувьд найдвартай, хямд эрчим хүчний хангамжаас үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил нь шууд шалтгаална.
Үүнд мэдээж Япон багтана. 2011 онд болсон Фүкүшимагийн гамшигийн дараа Японы засгийн газар бүх атомын цахилгаан станцыг хаасан. Энэ нь Японы импортын чулуужсан түлш, шингэрүүлсэн байгалийн хийнээс хамааралтай байдлыг улам нэмэгдүүлсэн юм. Эцэст нь тэд импортын хараат байдлаас ангижрахын тулд атомын цахилгаан станцуудаа дахин ажиллуулж эхлэх болжээ.
Японы засгийн газар 2021 оны аравдугаар сард Эрчим хүчний зургадугаар төлөвлөгөөг гаргасан бөгөөд үүнд атомын цахилгаан станцуудыг дахин ажиллуулж эхлэх тухай тусгажээ. Мэдээж 2011 оны гамшиг олон нийтийн ухамсарт гүн бат шигдэн үлдсэн тул засгийн газар болгоомжтойгоор, алхам алхамаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг зорьж байна.
Реакторуудыг дахин идэвхжүүлэхийн тулд эхлээд зохицуулалтын шинэ стандартын дагуу Цөмийн зохицуулах газраас зөвшөөрөл авах ёстой. Дараа нь орон нутгийн засаг захиргаа, оршин суугчдын зөвшөөрлийг авч байж л үндсэн ажилдаа орох юм.
Реакторуудыг дахин идэвхжүүлэхээс гадна шинэ үеийн реакторуудыг хөгжүүлж, барихаар ажиллаж байна.
Цөмийн реакторуудын үйл ажиллагааны хязгаарыг 60 жил гэж тооцдог. Энэ хугацааг хүчинтэй хэвээр хадгалах юм. Гэхдээ станцын үйл ажиллагаа хаагдсаны улмаас реактор ажиллаагүй он жилүүдийг энд тооцохгүй гэж үзэж байна.
Кансай дахь Такахама цөмийн цахилгаан станцын 1, 2 дугаар реакторын ажлыг 2023 оны 8, 9 дүгээр сард эхлүүлжээ. Улмаар 2024 оны 11, 12 дугаар саруудад дахин хоёр реактор ашиглалтад орсон нь Онагава 2-р хэсэг буюу Тохокү цахилгаан эрчим хүч, Шиманэ 2-р хэсэг буюу Чүгокү цахилгаан эрчим хүч байв. Энэ мэтчилэн 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 14 реактор дахин ажиллаж эхэлсэн байна.
Цөмийн эрчим хүчийг ирээдүйд тогтвортой ашиглахын тулд одоо хадгалагдаж байгаа 20 мянган тонн ашигласан цөмийн түлшний асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага Японд бий. Японы засгийн газар нөөцийг үр ашигтай ашиглах, өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлын хэмжээ, хоруу чанарыг бууруулахад анхаарч байна.
Үүний зэрэгцээ цөмийн түлшний эргэлтийг гол бодлогоо болгож байна. Энэ хүрээнд "Japan Nuclear Fuel Limited"-ийн Роккашо дахин боловсруулах үйлдвэр нь 2020 оны долдугаар сард шинэчилсэн бизнес төлөвлөгөөгөө гаргажээ. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сард анхны зураг төсөл, барилгын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах зөвшөөрлөө авчээ. Уг байгууламжийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Мөн ашигласан цөмийн түлшний агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Цөмийн түлшний эргэлтийн явцад үүссэн өндөр түвшний цацраг идэвхт хаягдлын асуудал хурцаар хөндөгддөг. Японы засгийн газар цацраг идэвхт хаягдлыг эцсийн байдлаар булшлах судалгааны ажлын хүрээнд үндэсний хэмжээний судалгаа явуулжээ. Одоогийн байдлаар Хоккайдо дахь Сүццү хот, Камоэнай тосгон болон Сага муж дахь Гэнкай хот гэсэн байршлуудыг устгал хийх боломжтой гэж тодорхойлоод байна.
ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГАМШИГ
Цөмийн шинэ эринг эхлүүлэхийн өмнө Фүкүшимагийн гамшиг юунаас болсон бэ гэдгийг судлах нь чухал. Газар хөдлөлт, цүнами нь гамшигийг өдөөгч шууд хүчин зүйл гэх боловч саяхны нэгэн тайланд Фүкүшимагийн сүйрлийг "хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг" гэж тодорхойлжээ.
Японы цөмийн салбарт 200-300 орчим эрдэмтэн бий. Тэдний ихэнх нь бие биеэ таньдаг. Тиймдээ ч цахилгаан эрчим хүчний компаниуд, үйлдвэрлэлийн фирмүүд эсвэл засгийн газрын агентлагууд болон орон нутгийн удирдлагуудад танил талаа ажилд авах нь элбэг байдаг аж. Төр, хувийн хэвшлийн "цус ойртолт"-ын үр дүнд цөмийн эрчим хүчний салбарынхан нэг тогоонд оржээ. Тэдний энэ бөөгнөрлийг "цөмийн тосгон" гэж нэрийддэг.
Танил талаараа хэт дундаа орж, ажил зохих ёсоор урагшлаагүй, хариуцлага алдсан тул Фүкүшимагийн гамшиг болсон гэх үндэслэлийг "National Diet" байгууллагын тайланд гаргаж иржээ. Салбарынхан илүү хариуцлагатай байсан бол Фүкүшимагийн гамшигаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Цөмийн эрчим хүч бүрэн аюулгүй гэсэн санааг хүчтэй түгээн дэлгэрүүлсэн буруутнууд нь мөнөөх цөмийн тосгоныхон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр цөмийн бөмбөгдөлтөд өртсөн гашуун түүхтэй тул япончууд цөмийн гэсэн тодотголтой бүхнээс айдаг байв. Тиймээс засгийн газар болон цөмийн салбарынхан энэ үзэл бодлыг өөрчлөхөөр хичээсэн юм.
Ингэхдээ гурван үндсэн арга ашиглажээ. Үүнд, аюлгүй байдлын асуудлыг нуун дарагдуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах, сургуулийн хүүхдүүдэд цөмийн эрчим хүч аюулгүй гэж заах, энэ санааг нь дэмжихийг нэр хүндтэй профессоруудаас хүсэх гэсэн гурван аргыг ашиглажээ. Цөмийн станцын аюулгүй байдлыг харуулсан зурагт номыг хүртэл засгийн газраас гаргасан байна.
Шүүмжлэгчдийн үгийг ч тэд сонсоогүй. Цөмийн салбарынхан шүүмжлэгчдийг чадваргүй гэж шүүмжлэхээ урьтал болгожээ.
Фүкүшимагийн станцын цүнамийн үеийн төлөвлөгөө хангалтгүй байна гэх анхааруулгыг аль 2005 онд л шүүмжлэгчид гаргаж ирж байсан боловч үүнийг үл тоомсорложээ. Эцэст 2011 онд жинхэнэ гамшиг нүүрлэсэн билээ.
Фүкүшимагийн сүйрлээс хойш 14 жил өнгөрсөн ч “цөмийн тосгон” байсаар байна. Энэ тосгоныг бүрэн устгах мэдээж боломжгүй. Ингэвэл Япон улс мэдлэгтэй асар том баазаа алдах юм. Тус тосгоны бүтцийг задалж, бие даасан, чадварлаг зохицуулагчтай болох нь цөмийн аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл гэдгийг "The Diplomat" хуудас хөнджээ.
Холбоотой мэдээ