Үндэсний аудитын газраас Ундны ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөөнд хийх аудитын нээлтийг өнөөдөр /2025.05.05/ хийлээ. Энэхүү аудитын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6.1, 6.2-ын хэрэгжилтэд аудит хийх юм.
Хүн амыг эрүүл, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтэд аудит хийж, үр дүнг УИХ-ын Төсвийн байнгын хороо, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэх юм. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өглөө.
Аудитад Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрүүл мэндийн яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам, тэдгээрийн харьяа байгууллагууд, Усны газар, 21 сав газрын захиргаа, аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох байгууллагыг хамруулна.
Холбоотой мэдээ