АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гурав дахь бүрэн эрхийн хойноос хөөцөлдөхгүй гэж Ням гаригт мэдэгдлээ. Сүүлийн үед түүнийг 2028 оны сонгуульд дахин өрсөлдөж магадгүй гэх таамаг гарах болсон билээ. АНУ-ын Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахиа томилогдон ажиллахыг хориглосон байдаг.
Трамп энэ талаар мэдэгдэл хийхдээ "Би найман жилийн, хоёр бүрэн эрхийн хугацаатай ерөнхийлөгч байх болно. Би үргэлж л үүнийг их чухал гэж боддог байсан" гэсэн юм.
Гэхдээ Трамп өмнө нь гурав, тэр байтугай дөрөв дэх бүрэн эрхийн талаар ам нээж, хошигнол биш хэмээн баталж байв. Дараа нь тэр хуурамч хэвлэл мэдээллийг төөрөгдүүлэх зорилгоор энэ мэдэгдлийг хийсэн гэж хэлжээ.
Ямартай ч "Трампийн байгууллага" компани түүний гурав дахь бүрэн эрхийн хугацааг бэлгэдсэн болов уу гэлтэй "Трамп 2028" гэсэн бичигтэй саравчтай малгайг цахимаар худалдаалж эхэлсэн билээ. Түүнийг үргэлжлүүлэн ерөнхийлөгчөөр ажиллаасай гэж хүсдэг хүмүүс олон байдаг талаар Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн тэмдэглэлт 100 дахь өдрийнхөө дараа хэлсэн юм.
Дашрамд дурдахад, ярилцлагын үеэр түүнээс Канадын эсрэг цэрэг босгох эсэхийг асуужээ. Тэрбээр хариуд нь "Гренландыг өөртөө нэгтгэхийн тулд цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэх боломжгүй. Харин хойд хөршөө АНУ-ын 51 дэх муж болгохын тулд цэргийн хүч хэрэглэх талаар бодохгүй байна" гэв. Энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн өмнө Канадын сонгуулд либералууд ялалт байгуулснаар шинэхэн ерөнхий сайд Марк Карни суудлаа баталгаажуулж үлдсэн билээ. Тэрбээр Мягмар гаригт Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзах төлөвтэй байна.
Холбоотой мэдээ