Австрали улс парламентын ээлжит бус сонгууль явуулах болсноо гуравдугаар сард зарлаж, улмаар Баасан гаригт /2025.05.02/ санал хураалт эхэлсэн. Гол өрсөлдөгчид нь тус улсын ерөнхий сайд Энтони Албанезын Хөдөлмөрийн нам болон сөрөг хүчний удирдагч Питер Даттонийн баруун төвийн үзэл баримтлалтай Либерал нам байв. Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн урьдчилсан мэдээгээр Хөдөлмөрийн нам 86 суудалтай болох төлөвтэй байна.
Ийнхүү Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгуулснаар Энтони Албанез ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэх болов. Тэрбээр "Өнөөдөр Австралийн ард түмэн Австралийн үнэт зүйлс болох шударга ёс, хүсэл эрмэлзэл, эрх тэгш боломж, өгөөмөр байдлын төлөө саналаа өглөө" гэсэн юм.
Питер Даттоны хувьд ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, парламент дахь намын гишүүдээсээ уучлал хүсэв.
Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Австрали улстай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэхийг тэсэн ядан хүлээж буйгаа санал хураалтын дараа илэрхийлэв.
Таван долоо хоног үргэлжилсэн кампанит ажлын үеэр амьжиргааны өртөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орон сууцны хүртээмж зэрэг олон чухал асуудал хөндөгдсөн ч иргэдийн хувьд олон улсын харилцаа, тэр дундаа АНУ-Австралийн харилцаанд ихээхэн анхаарал хандуулсан юм.
Холбоотой мэдээ