"Галын аюулгүй байдал алдсан иргэнийг 100 мянгаар торгоно"

"Галын аюулгүй байдал алдсан иргэнийг 100 мянгаар торгоно"

"Галын аюулгүй байдал алдсан иргэнийг 100 мянгаар торгоно"

ОБЕГ, ЦЕГ, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Ойн газар хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.05.02/мэдээлэл хийлээ.


УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 
-2025 он гарснаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Урьдчилсан байдлаар 26800 га ойн талбай, 701 мянга орчим хээрийн талбай өртсөн. Түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа. Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна. Хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас хоёр гэр, гурван өвөлжөө, нэг ковш өртөж шатсан. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны хүрээнлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Буяннэмэх:

-Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 онд гэмт хэргийн шинжтэй 68, зөрчлийн шинжтэй хоёр гомдол мэдээлэл бүртгэгдэн, шалган шийдвэрлэсэн байна. Харин 2025 оны тавдугаар сарын 01-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй 4 гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлээд байна. Дээрх гомдол, мэдээллүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь ил задгай гаргасан, дутуу унтраасан гал, тамхи гэх мэт иргэдийн буруутай үйлдлээс болсон гэх дүгнэлт гарсан байна. Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 24.7-д их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэлх хорих ял онооно. Харин ой хээрийн түймрийг санаатай тавьсан тохиолдолд хохирол тооцохгүйгээр тухайн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн тооцдог. Нийгэмд учирсан хор хохирлоор Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээрт зааснаар галын аюулгүй байдлыг хангаагүй бол нөхөн төлбөр төлүүлж иргэнийг 100 мянган төгрөг, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох заалттай.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: 

-Тавдугаар сарын 04-нд ихэнх нутгаар салхитай, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд зарим нутгаар 7-12 м/секунд хүрч шороон шуурга хүрэх төлөвтэй байна. Агаарын температур тавдугаар сарын 03-ны өдөр өмнөх өдрүүдтэй харьцуулахад дулаарах төлөвтэй байна. Гэвч тавдугаар сарын 06-ний өдрөөс эхлэн эргээд сэрүүснэ. Ой хээрийн түймрийн үед бид үүл байхгүй газар зориудаар хур тунадас оруулах боломжгүй байдаг.

Бид зөвхөн хур тунадас нэмэгдүүлэх байдлаар л ажилладаг. Технологийн хувьд цэлмэг тэнгэрээс хур тунадас оруулах боломж байдаггүй.

Дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 1-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар буюу түймэртэй нутгаар харьцангуй их хэмжээний үүл өнгөрсөн ч хангалттай хэмжээний услагтай биш, мөн тухайн үед салхитай ихтэй байсан учраас зориудаар хур тунадас оруулж чадаагүй. Бид бэлэн байдалд ажиллаж байсан. Түүнчлэн ойрын өдрүүдэд ч мөн түймрийн голомттой газруудад услагтай үүл дайран өнгөрөхөөргүй байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж