Энэтхэгийн програм хангамжийн "Zoho" компани хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хөл тавих гэсэн ажлаа түр хойшлуулахаар болжээ. Тус компани эх орондоо хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулах гэж 700 сая ам.долларын төлөвлөгөө боловсруулж, нэг жил хөөцөлдсөний эцэст гацаанд оров. Энэ талаар компанийн хамтран үүсгэн байгуулагч өчигдөр/2025.05.01/ "Reuters" агентлагт мэдээлжээ. Ингэснээр Энэтхэгийн засгийн газрын чип үйлдвэрлэх гэсэн хэтийн төлөвлөгөөнд том цохилт болж байна.
Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, "Zoho" компанид чип үйлдвэрлэлийн нарийн төвөгтэй процессыг зааж зөвлөх, мэдлэг хуваалцах технологийн найдвартай, зөв түнш олдоогүй гэнэ.
"Reuters" агентлаг энэ долоо хоногийн эхээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Аданигийн групп Израилийн "Tower Semiconductor" компанитай хийж байсан 10 тэрбум ам.долларын үнэ бүхий чипний төслөө зогсоосон талаар мэдээллэсэн. Шалтгаан нь дотоод үнэлгээн дээр эргэлзээ дагуулсан олон зүйлс гарч ирсэн аж.
Одоогоор 12 тэрбум ам.долларын үнэлгээтэй "Zoho" компани нь "Microsoft" зэрэг үүлэн технологид суурилсан үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг өрсөлдөгч компаниудтайгаа харьцуулахад хамаагүй бага үнийг хэрэглэгчдэдээ санал болгодгоороо алдартай. Тус компанийн хамтран үүсгэн байгуулагч Сридхар Венбу нь бизнесээ хөдөө орон нутагт байршуулдаг өвөрмөц арга барилаараа олонд танигдсан.
Венбу дээрх үйл явдлын дараа “Бид технологидоо итгэлтэй байж чадаагүй” гэж цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Энэ бол маш их хөрөнгө шаарддаг бизнес учраас төрийн дэмжлэг хэрэгтэй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахаас өмнө бид технологийн арга барилаа бүрэн тодорхой болгохыг хүссэн юм" гэлээ.
"Zoho" компани Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака мужид 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан юм. Тус компанийн чип үйлдвэрлэх төлөвлөгөө анх 2024 оны тавдугаар сард олон нийтэд ил болж байсан боловч цаг үеийн байдлаас шалтгаалан түр зогсчээ.
Карнатака мужийн эрх баригчид дээрх үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөөгүй аж.
"Zoho" компанийн энэхүү ухралт нь Энэтхэгийг дэлхийн чип үйлдвэрлэлийн төв болгохыг зорьж ирсэн Ерөнхий сайд Нарендра Модигийн хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна. Энэтхэг улсад одоогоор бүрэн ашиглалтад орсон ганц ч чипний үйлдвэр байхгүй.
1996 онд байгуулагдсан "Zoho" компани нь дэлхийн 150 орны байгууллагуудад захиалгаар програм хангамж болон түүнтэй холбогдох үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 18,000 гаруй ажилтантай, 120 сая гаруй хэрэглэгчтэй билээ.
"Zoho" компани өнгөрсөн жил чип үйлдвэрлэлдээ зориулан "Silectric Semiconductor Manufacturing" гэх охин компаниа байгуулан энэ салбарын хэд хэдэн чадварлаг инженерүүдийг хөлсөөлж, төслийг удирдах зөвлөл хүртэл байгуулсан байжээ.
Карнатакагийн мужийн зүгээс Мисуру бүс нутагт өнгөрсөн жил "Zoho"-ийн чипний үйлдвэр байгуулах төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэрэв үйлдвэр ашиглалтад орвол тус 460 хүний ажлын байр бий болоод зогсохгүй Карнатака ийм үйлдвэртэй болсон Энэтхэгийн анхны муж болох байв.
Өдгөө дэлхийд дараах улс орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ тэргүүлж байна.
- Тайвань
- Өмнөд Солонгос
- АНУ
- Хятад
- Япон
- Герман
- Сингапур
- Нидерланд
- Малайз
- Израиль
Хэрэв Энэтхэг энэ өрсөлдөөнд орж чадвал ирээдүйд томоохон байр суурь эзлэхийг үгүйсгэхгүй.
Нэргүй 1 цагийн өмнө 178.174.229.45
TAIPAI UNEHEERIIN MUNDAG YUM AAA. MONGOLCHUUD HUURHII 13 R ZUUNDAA