"Хүн бүр дотроо асуудалтай, үүний нэг нь Мягмарын дүр"

"Хүн бүр дотроо асуудалтай, үүний нэг нь Мягмарын дүр"

Чи амьд, оршин байна, гэвч мөнх бус… Ази, Европ, Америк тивийн Олон улсын кино наадмуудын дэлгэцнээ цахиур хагалж буй "Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч”  уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Монголын Үндэсний урлагийн их театрын /ҮУИТ/гоцлол бүжигчин А.Түвшинбаярыг "NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор урьж, ярилцлаа. Тэрбээр “Osaka Asian Film Festival-2025” наадмын "Азийн шилдэг жүжигчин" уран бүтээлч,"Мөнгөн мод 2025″ наадмын шилдэг бүжигчнээр шалгарсан авьяаслаг залуу уран бүтээлч билээ. 


АМАРТҮВШИН ТҮВШИНБАЯР 1997.10.11

Төгссөн сургууль:

Хөгжим бүжгийн коллеж /2009-2014/

 СУИС /2021/

Мэргэжил:

Бүжигчин, Ардын бүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

2014 оноос ҮУИТеатрт бүжигчинээр ажиллаж байна

Сошиал хуудас: 

Amrtuvshin Tuvshinbayar /фэйсбүүк/

No photo description available.

-МЯГМАРЫН ДҮРИЙГ ХЭРХЭН БҮТЭЭХ БОЛОВ? 

-Найруулагч Ж.Сэнгэдорж зохиолоо биччихээд дүрээ хайж байсан юм билээ. Тэр үед нь манай театрын бүжигчин эгч миний зургийг үзүүлээд "ийм залуу байгаа шалгаад үзээч" гэж санал болгосны ачаар найруулагчтайгаа уулзсан. Үүнийхээ дараа албан ёсоор дүрийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Эх орондоо маш удаан хугацааны дараа нээж байгаа уран бүтээл. Өнөөдөр буюу тавдугаар сарын 02-нд нээлтээ хийж байна. Миний хувьд маш их догдолж, сэтгэгдэл өндөр байна. Олон улсын томоохон кино наадмуудын дэлгэцнээ аль хэдийн гараад эхэлсэн. Эх орондоо нээлт хийнэ гэдэг бас өөр том даваа байдаг юм байна. Миний амьдралын түүхэнд үлдэхүйц том үйл явдал болох гэж байна.

-АНХНЫ ДЭЛГЭЦИЙН ДҮР ЧИНЬ ТАНД  "АЗИЙН ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН" ГЭХ ТОДОТГОЛ АВЧИРЛАА. ЯМАР МЭДРЭМЖ ТӨРСӨН БЭ?

-"Чимээгүй хотын жолооч" уран сайхны кино маань Ази, Европ, Америк тивийн Олон улсын кино наадмуудад гараад өндөр амжилттай явж байгаа. “Osaka Asian Film Festival-2025” кино наадмаас шилдэг жүжигчний шагнал авах үедээ монголдоо эд тоглолттой байсан. Тоглолтынхоо завсарлагаагаар амьсгаадаж орж ирээд фестиваль маань юу болж байна гээд утсаа харсан чинь шагнал авсан талаар мэдээ ирсэн байсан. Тухайн үедээ баярлах гэхээс илүү сандарсан, догдолсон мэдрэмж давхцаж шокт орсон байдалтай хэсэг байсан. Дараа нь шокоосоо гараад ямар гоё юм бэ гэж баярласан мэдрэмж авсан.

Жүжигчний хувьд анх удаа дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Гэхдээ манай театрт бүжгэн жүжиг гэж байдаг. Бүжгээ үзүүлэхдээ жүжиглэдэг, харц өгдөг. Дотоод сэтгэлээ, илэрхийлдэг. Энэ нь надад туршлага болсон юм болов уу гэж бодож байна.

Олон улсын кино фестивальд явж байхад гаднын уран бүтээлчид, шүүгчид намайг олон жилийн туршлагатай жүжигчин гэж дүгнэсэн байсан. Анхны кино гэдгээ хэлэхэд гайхаж хүлээж авсан. Тэгэхээр дүрээ, киноны өнгө төрхөө өөрийн хэмжээнд ойлгож, гаргаж чадсан юм болов уу гэж бодсон. Кино маань өөрөө драма жанрын тэр дундаа хүнд өнгө аястай гэж би харсан. Хэдий дүрээ ойлгож, чадах хэмжээндээ гаргасан ч гэлээ найруулагчийн тусалцаа чухал байсан гэж бодож байна.

-ӨӨРӨӨСӨӨ ОГТ ӨӨР ХҮНИЙ ДҮРИЙГ МЭДРЭХ ХЭЦҮҮ ЮУ?

-Хүн бүр дотроо асуудалтай. Хэдий аз жаргалтай харагдаж байгаа ч гэсэн хүн бүр дотроо багахан хэмжээний ч болов гунигтай, ганцаардмал мэдрэмж авсан байдаг. Түүний нэг жишээ нь миний бүтээсэн Мягмарын дүрээр гарч ирж байгаа юм л даа. Киноны нээлтийн үзвэр дээр ирсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонсоход маш олон талаас нь хүлээж авсан байсан. Миний бүр огт төсөөлөөгүй өнцгийг ч гаргаж ирсэн байна лээ. Маш үнэтэй шүүмжлэл хэлж байсан ч хүмүүс бий.

Миний бүтээж байсан дүрүүд бүгд л надаас өөр. Дотор минь байгаа шал өөр хүнийг хайж байдаг.

Яг өөртэйгөө адилхан дүр бүтээнэ гэдэг ажиллахад хэтэрхий амархан болчихно шүү дээ. Ялангуяа бүжгийн хувьд хүнд байх тусмаа биед өөрт таатай, ажил хийж байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. Хөлсөө гаргаад, амьсгаадаад, ядраад тэгж байж ажил хийж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр дүрийн хувьд ч гэсэн өөрт байхгүй, бусдаас олж харахуйц зүйлийг өөрөөрөө дамжуулж гаргах нь л жүжигчин хүнийг илэрхийлэх болов уу гэж бодож байна. Өөрийгөө байгаа чигээр нь гаргаад тавьчих юм бол байдаг л Түвшинбаяр болчихно шүү дээ.

-ТА НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН АНХНЫ БҮЖГЭН ЖҮЖГИЙН ГОЛ ДҮР БОЛЖ БАЙЖ. ӨӨРИЙН ТАНЬ ХҮСДЭГ ХҮНД ДҮРҮҮДИЙН НЭГ БАЙСАН УУ? 

-Д.Данзанравжаа гэдэг хүн бол дорно дахинд маш алдартай, суу билэг хүн. Тэр хүний дүрийг бүжгэн жүжигт тоглоно гэдэг ялангуяа анхны удаа гэдэг утгаараа үүнд шалгарч гарч ирнэ гэдэг маш олзуурхууштай байсан. Дүрийн хувьд илүү намбалаг, зөөлөн яг хүнээр нь гаргаж өгөхийг би хичээсэн. Яг хүн гэдэг өнцгөөс нь хандаж анхнаасаа хэт өндөр цензур тавиагүй. Тэгэхгүйгээр хэтэрхий сүрдэж, эсвэл яг өвчилсөн юм шиг дуурайж хийсэн бол илүү хэцүү байх байсан. Үүний оронд энэ хүн дотроо юу боддог байсан бол гэх мэтээр илүү мэдэрч ажилласан. Мэргэжлийн бүжигчнээр ажиллаад 10 гаруй жил болсон байна. Миний хувьд өдийг хүртэл өөрт байгаа бүхий л нөөц, боломжоо дайчлан хичээж ирсэн.

-ТА ӨӨРӨӨ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ? 

-Миний дотоод хүн бол ер нь хаалттай талдаа хүн шүү. Хүнд удаан уусдаг гэх юм уу. Сошиал орчинд бол зүгээр мэдээлэл л түгээдэг байхгүй юу. Бусдаар бол бүх амьдралаа дэлгэхгүй шүү дээ. Ганцаардах, гуниглах, уйлах ч үе байна. Том асуудлаа ихэвчлэн гэр бүлийнхэнтэй ярилцаж шийддэг. Бусдаар бол өөрөө л зохицуулаад явдаг даа.

-ЯРИЛЦАЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨ УРЛАГТ ДУРТАЙ ХҮМҮҮС НЭГ АМТАНД НЬ ОРЧИХООРОО ГАРЧ ЧАДДАГГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙСНЫГ ЧИНЬ САНАЛАА. АНХ ЯАЖ БҮЖИГЧИН БОЛСОН ЮМ БЭ? 

-Би Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн. Багаасаа л бүжиглэх сонирхолтой байсан. Айл болгонд хөгжим тавиад л янз бүрийн хөдөлгөөн хийдэг, зурагт үзээд дагаад бүжиглэдэг хүүхэд байдаг шүү дээ. Яг тийм л хүүхэд байсан. Харин гэр бүлийнхэн маань намайг дэмжиж, мэргэжлийн сургуульд нь явуулаад үзье гэснээр Хөгжим бүжгийн коллежид шалгуулж, тэнцэж байсан. Ингээд таван жилийн хугацаанд багш нарынхаа удирдлага дор суралцаж, төгсөөд ҮУИТ-таа одоог хүртэл бүжигчнээр ажиллаж байна. Энэ хугацаандаа СУИХ-д мэргэжил дээшлүүлж бүжгийн багш мэргэжлээр суралцаж, төгссөн. Үүнийхээ дагуу хүүхдийн студид багшаар ажилладаг. Ялангуяа бүжиг дэглэх талаасаа өөрийгөө задлах, өөр талаасаа өөрийгөө сорьж үзье гэсэн бодлоор багшилж эхэлсэн.

No photo description available.

-ӨӨРӨӨ БҮЖИГЧИН УЧРААС ХИЧЭЭЛ ЗААЖ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ӨӨРТЭЙГӨӨ ИЖИЛ ТАЛ ОЛЖ ХАРДАГ УУ? 

-Бүжиг бол ерөөсөө л хөдөлгөөний урлаг. Хөдөлгөөнөөс гадна сэтгэл зүй болон дотоод мэдрэмжээ хөдөлгөөнөөрөө гаргаж ирдэг. Дээрээс нь нүд гэдэг асар чухал зүйл. Бид нар ярихгүй мөртлөө нүдээрээ үзэгчидтэй ойлголцох ёстой байхгүй юу. Тэгэхээр нүдээрээ, хөдөлгөөнөөрөө танд юу хэлж байна та түүнийг ойлгож байвал би ажлаа сайн хийсэн гэсэн үг. Хөгжим, хувцас, хөдөлгөөн, бүжиг цогцоороо байж үүнийг бүжгэн жүжиг гэж хэлнэ.

Хүүхдүүдийн хувьд гэвэл бүжгээ бэлдэж байхдаа маш аз жаргалтай байдаг. Тэд чинь цалин авахгүй, ажил хийж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэгэхэд л маш эрх чөлөөтэй харагддаг.

Биеийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч тэр. Бүжиг гэдэг өөрөө хүнийг маш эрх чөлөөтэй байлгаж чаддаг зүйл. Надад ч бас хүүхдүүдээс суралцах зүйл их байдаг. Хайртай болохоор л эндээсээ гарч чаддаггүй юм шиг байна лээ. Угтаа бол маш хэцүү урлаг шүү дээ. Ядарна, бэртэж гэмтэнэ. Тэр болгонд тэвчээртэй ард нь гарч чаддаг байх хэрэгтэй. Нэг ёсондоо маш хүнд зүйлийг амархан болгож харагдуулж чаддаг нь гоё.

-МОНГОЛ БҮЖИГЧИД ДЭЛХИЙД ЯМАР ТҮВШИНД БАЙНА ГЭЖ ХАРДАГ ВЭ?

-Миний харж байгаагаар Монгол бүжигчид дэлхийд маш өндөр түвшинд байна. Бид чадвартай, бүх уран бүтээлчид үнэхээр авьяастай. Хамгийн гол нь уран бүтээлчдийн тоглолтыг илүү сайнаар үзэгчдэд хүргэх талаасаа техник технологийн дэвшлүүд, наад зах нь тайзны гоё гэрэл, шал гэдэг ч юм уу зүйлс Монголд хомс байна гэсэн бодол төрдөг. Бусдаар бол монголчууд гаднын тэмцээн уралдаан, фестивальд нүүр бардам оролцдог. Бид омголон байдаг. Үзэгчдийн хүлээж авч байгаа уур амьсгалаас мэдрэгддэг.

-ХЭЧНЭЭН ОРНООР АЯЛАН ТОГЛОЛТ ХИЙСЭН БЭ?

-Цар тахлаас өмнө гаднын маш олон тэмцээнд оролцож, аялан тоглолтоор явсан байдаг. Ямар ч байсан одоогийн байдлаар 10 гаруй улс, эх орондоо 16 орчим аймгийг туулж, уран бүтээлээ хүргэсэн байна. Өнгөрсөн жилийн тухайд өөрийгөө илүү өөрөөр мэдэрсэн гэж хэлж болно. Олон улсын мэргэжлийн уран бүтээлчидтэй өөрийгөө өрсөлдүүлж үзье гэдэг зорилго тавиад яваад ирсэн. Хоёр том тэмцээнд өрсөлдөөд ирлээ.

-ТЕАРТР ГЭДЭГ ДАВХАР ҮЗЭГЧДЭЭ БЭЛДЭЖ БАЙДАГ САЛБАР ШҮҮ ДЭЭ. ОДОО МОНГОЛЫН ҮЗЭГЧИД ХАРАХАД ЯМАР БАЙНА. 

-Дээр үед бол тоглолт дуусахад үзэгчид босож алга ташдаг байсан юм билээ. Гэтэл намайг ажилд орсноос хойш гэхээр сүүлийн 10 жилийн дотор Монголд урлагийн тоглолт үзэж байгаа үзэгчид хэзээ ч суудлаасаа босдоггүй байсан. Хамгийн сүүлд манай ҮУИТ-ийн 75 жилийн ойг тохиолдуулаад Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт С.Сүхбаатар багш маань дэглэн найруулсан "Монгол угсаатан мину" концерт гурван өдөр тоглосон. Тэгэхэд танхим дүүрэн үзэгчид бүх өдрийн тоглолтод босож алга ташсан. Үүнийг хараад үнэхээр огшсон. Монгол ардын урлагийг ойлгодог хүмүүс олон болсныг харуулсан гэж бодож байна.

Би цаашид бүжгийн урлагийг бүх хүмүүс ойлгож, мэдэрдэг байгаасай л гэж боддог. Яагаад гэвэл зарим хүмүүс өө тэгээд бүжигчин хүмүүс бүжиглэж л байдаг шүү дээ гэж ярьдаг. Тийм болохоор бидний мэдэрч байгаа мэдрэмжийг бага ч болов мэдэрдэг байгаасай гэж хүсдэг. Түүний төлөө ажилладаг.

No photo description available.

-ТАНИЙГ МӨН ЗАГВАРЫН ОЛОН БРЭНДҮҮДЭЭС ХАРЖ БАЙСАН ЮМ БАЙНА.

-Мэргэжлээрээ ажиллаж эхэлснийхээ дараагаар 2015 оноос загварын салбарт ажиллаж үзсэн. Хамгийн анх "Торго" агентлагт бүртгүүлээд тайзны алхаа, гэх мэт анхан шатны зүйлсээ сурахаас л эхэлж байсан. Би бүжигчид дундаа нэлээд өндөр биетэй. Энэ маань загварын салбарт ажиллаж үзэхэд нөлөөлсөн гэж бодож байна. Сүүлийн үед өөрийн үндсэн мэргэжил болох бүжгийн урлагтай хослуулж зураг авалт хийж эхэлсэн нь надад сонирхолтой санагдаж байгаа.

-УРАН БҮТЭЭЛЧ ХҮНИЙ ХУВЬД НИЙГЭМД ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ГЭХ ЗҮЙЛ БАЙДАГ, ЭСВЭЛ БАЙХГҮЙ Ч ГЭЖ ЯРЬДАГ. ТАНЫ ХУВЬД? 

-Би илүү манлайлж байх ёстой гэж боддог. Бусдыг дагуулж ялангуяа оюун санааны хувьд соён гэгээрүүлж байх ёстой гэж үздэг. Сошиалаа дагаад ч юм уу, нийгмийн өнгөц талаа дагаад доошоо унаад байх биш, аль болох сэтгэл санааг нь өргөж байх нь зөв байх. Нийгэм үнэхээр хэцүү байгаа л даа гэхдээ л энэнд стрэсстмээргүй байна шүү дээ. Илүү өсч, хөгжиж л явмаар байна. Эргэн тойрны хүмүүс надад урмын үг их хэлдэг. Гэхдээ би өөрийгөө аль болох дарж явахыг л боддог. Хамраа сөхөөд л эхэлвэл би дуусах байхгүй юу. Тэгэхээр хийх ёстой зүйлээ л хийж байгаа уран бүтээлч хүн гэж өөрийгөө боддог.  Хамт олон маань ч гэсэн үргэлж зөвөлгөө өгч, дэмжиж тусалдаг.

-ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Миний хувьд төлөвлөгөөг жилээр нь гэдэг ч юм уу тэгж хийдэггүй. Зурсан замаараа гэдэг шиг л явдаг. Бодол биеллээ олно гэдэгт итгэдэг. Эргээд харахад бодсон зүйлүүд маань бага багаар бүтээд явж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэгэхээр цаашдаа олон уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах байх л гэж бодож байна даа.

Арван жилийн туршид хүнд суусан дадал зуршил гэж байдаг. Өглөө ирээд л бэлтгэлээ хийчхээд, хувцсаа янзалдаг ч юм уу тэгээд хонх дуугарахад догдолдог мэдрэмж гэж бий. Догдлоод тайз руу гарах илүү гоё. Тэр догдлолоо алдчих юм бол уйдах ч юм уу, хийж байгаа зүйлдээ дургүй болж эхэлж магадгүй.

-ЗАЛУУЧУУДАД ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ?

-Би ч гаднын урлаг сонсдог. Кпоп сонсдог. Гэхдээ би Монгол урлагаа хэзээ ч тэднээс дор тавихгүй. Бид нар гаднын урлаг сонсож болно, түүнээс суралцаж болно. Харин хэзээ ч Монгол дархлаагаа алдаж болохгүй гэж боддог. Тэдгээрээс илүү мэдрэх ёстой байхгүй юу. Даган дуурайж болно гэхдээ Монгол гэдэг бүтэг тусгаар улс байна шүү дээ. Маш агуу түүхтэй улс хэр нь бусдыг дагаж намираад байх нь хэцүү санагдаад байдаг юм. Тиймээс ялангуяа залуучууд үүнийг ойлгож, ардын урлагаа дээдэлж яваасай гэж хүсч байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөв 8 цагийн өмнө 103.212.117.132

Равжаагийн дүр нь гайхалтай байсан. Ахиж үзэх юмсан. Хөгжим нь одоо ч сонсогдсоор л…

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.46.28

Гоё хүн байнаа

Avatar

Нэргүй 2025-05-02 43.242.242.59

Сайхан ярилцлага болжээ. Ажлын амжилт хүсье

Avatar

зочин 2025-05-02 59.153.114.254

Сүүлийн үгс үнэ цэнэтэй, сайхан санагдлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж