Японы манга зохиолч Рио Тацүки 1999 оны долдугаар сард "Миний харсан ирээдүй" нэртэй бүтээлээ хэвлүүлсэн. Олон жилийн турш зүүдэлсэн зүүднээсээ санаа авч тэр энэ мангаг бүтээжээ. Тэрбээр хүний зүүд ирээдүйд тохиох бодит үйл явдалтай хэрхэн ойр давтамжтай холбогддог талаар тайлбарлаад, томоохон цунамитай холбоотой нэгэн зүүдээ жишээ татсан байна.
2011 оны гуравдугаар сарын 1-нд аймшигт цунами болох хүртэл энэ ном олны анхаарлыг бараг татаагүй. Чухам хэзээ, хаана цунами болохыг тодорхой дурдаагүй байдаг ч номын нүүр зурагт зохиолчийн зүүдээ тэмдэглэдэг дэвтрийн хуудсуудын зургийг оруулсан байдаг. Тэдгээр хуудасны нэг дээр нь "2011 оны гуравдугаар сард том гамшиг болно" гэж бичсэн байжээ.
Энэ хэдхэн үг "Миний харсан ирээдүй" бүтээлийн нэр хүндийг огцом өсгөсөн. Тухайн үед томоохон телевизүүд бүгдээрээ Тацүкигийн номыг онцолж байв.
Гэтэл цахим орчинд зарим хүн Тацүки мэт дүр эсгэн, янз бүрийн худал таамаглал дэвшүүлж эхэлжээ. Тацүки олны нүднээс далд байдаг хүн боловч энэ үйлдлээс нь болоод "Миний харсан ирээдүй: Бүрэн хувилбар" нэртэй бүтээлээ 2021 онд гаргасан байна. Энэ бүтээлд 2011 оны цунамитай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад таамаглал багтжээ.
Түүний таамаглаж буйгаар дараагийн том гамшиг 2025 оны долдугаар сарын 5-нд болно. Хэдий энэ нь зөгнөл, сүсэг бишрэлийн чанартай зүйл боловч аялал жуулчлалын салбарт нөлөөлөх төлөвтэй байна. Тухайлбал, Хонгконгийн "Greater Bay Airlines"-ийн нислэгийн захиалга хүлээгдэж байснаас 30 хувиар бага байгааг Тацүкигийн зөгнөлөөс болсон гэж үзжээ.
Тацүкигаас гадна Хонгконгийн нэгэн алдартай фэнгшүй судлаач ч бас гамшигийн тухай таамаглал дэвшүүлсэн. Түүний таамагласнаар Японд ирэх 6-8 дугаар сарын хооронд хүчтэй газар хөдлөлт болно.
Гэхдээ удахгүй гамшиг болно гэсэн таамаглал Японд ойр ойр гардагийг онцлох нь зүйтэй болов уу. Энэ төрлийн таамаглалыг цахим орчинд таагүй байдлаар хүлээж авах хүмүүс ч олон. Тухайлбал, "Дахиад нэг Тацүки. Ийм юманд бөөн бөөнөөрөө итгээд байдаг нь гайхалтай", "Нууцлаг влоггерууддаа баярлалаа", "Борлуулалтыг ингэж л хийдэг юм", "Тэр яагаад дандаа зөвхөн гамшиг зөгнөж байдаг юм", "Энэ их жуулчдыг хараад байхад тэр ч бидэнд их тус болж байна даа" гэх мэт сэтгэгдлүүдийг цахим орчинооос харах боломжтой.
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.83
Энэ хүний хэлснээр бол 2055 оны 11 сард юм байна