Таны мэдлэгт: Хувийн нэмэлт тэтгэврийн хууль, тэтгэврийн сан хэрэгтэй юу?

Таны мэдлэгт: Хувийн нэмэлт тэтгэврийн хууль, тэтгэврийн сан хэрэгтэй юу?

Таны мэдлэгт: Хувийн нэмэлт тэтгэврийн хууль, тэтгэврийн сан хэрэгтэй юу?

Хөрөнгө оруулалтын 7 хоног арга хэмжээний хүрээнд "Хувийн нэмэлт тэтгэврийн хууль " сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.


Товчоор:

  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ
  • Тэтгэвэр бол зөвхөн тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн асуудал биш
  • Олон хувийн тэтгэврийн сан байгуулагдахаас сэргийлнэ.
  • Хувиараа нэмэлтээр тэтгэврийн татвар төлбөл өгөөжтэй юу?
  • Ардын Тэтгэврийн сан хэрхэн иргэдийн мөнгийг арвижуулдаг вэ?

ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХУУЛЬ УДАХГҮЙ УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГДЭНЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.БАТЖАРГАЛ:

-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл яг одоо Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын яаман дээр боловсруулаад дуусч байна. Сайдын тушаалаар ажлын хэсгийг нь шинэчлэн байгуулсан. Маш өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Одоо яамдуудаас санал аваад Засгийн газарт хэлэлцүүлэхээр хүлээж байна. Өмнө нь УИХ-д хэлэлцүүлсэн ч буцаан татагдсан. Удахгүй УИХ-аар орно.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо яагаад хэрэгтэй вэ гэхээр зөвхөн улсын тэтгэвэр олгодог биш олон давхаргат болгоё гэж зорьж байгаа юм. Бид бүх талуудыг хангаад хуулийн төслөө бэлдэж байна. Хувийн тэтгэврийн сангууд тухайн хүнтэйгээ уулзаад боломж, бүтээгдэхүүндээ тааруулаад тохиролцох юм. Дангаараа төлөх үү, эсвэл ажил олгогчтойгоо тохиролцох уу гэдгээ шийднэ. Уян хатан байдлаар, тухайн хүний орлогыг тооцоолж хуулийн төслийг бичиж байгаа.

ТЭТГЭВЭР БОЛ ЗӨВХӨН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ДӨХСӨН ХҮМҮҮСИЙН АСУУДАЛ БИШ

Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ТАЙШИР:

-Одоо манай дээр нийтдээ 146 мянган данс бий. Үүний эзэмшигчдийн тоо нь 141 мянга. Сонирхолтой тоо танилцуулахад тэтгэврийн данс эзэмшигчдийн дундаж нас 37. Тэтгэвэр бол зөвхөн тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн асуудал биш болжээ. Идэвхтэй ажил хөдөлмөр эрхэлж буй нийгмийн хэсгийн анхааралд оржээ. Гэрээн дээр ажилтан, ажил олгогч, тэтгэврийн сан гэсэн гурвалсан тал оролцож байгаа. Ажил олгогчийн зүгээс хүний нөөц, шилжилт хөдөлгөөн дээр анхаарч буй нэг илрэл нь хувийн тэтгэврийн сан болж байгаа юм. Яаж үйлчлэх вэ гэхээр гурвалсан гэрээн дээр заалтуудаа сайн заах ёстой. Ажилтан гэрээнийхээ дагуу тодорхой хугацаанд ажиллахдаа гэрээнийхээ үүргийг биелүүлбэл ажил олгогчоос төлж буй хуримтлал, шимтгэл нь гэрээний үүргийн дагуу биелэгдэнэ, танд тэтгэвэр болж очно гэдгийг заадаг. Хүний нөөцийн бодлого л доо. Том, жижигггүй бүхий л компаниудад давуу талыг өгч байгаа.

АСУУЛТ: Одоо улсад төлж буй татвар өндөр байхад одоо дахиад хувийн тэтгэврийн санд мөнгө төлөх ёстой юм бэ? Банк шиг дампуурах эрсдэл бий юу?

ХЭТ ОЛОН ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН БАЙГУУЛАХААС СЭРГИЙЛНЭ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.БАТЖАРГАЛ:

-Хүн 60 насандаа тэтгэвэрт гардаггүй. Гэнэт 60 насанд гармаар санагдвал их, бага тэтгэвэр рүү ордог. Багаасаа хуримтлуулсан хүмүүсийн тэтгэвэр өндөр байдаг. Улсын тэтгэврийн схем буюу одоогийн Нийгмийн даатгалын тухай хуулиар ард нь төр бий. Төрдөө итгэж байгаа учир мөнгөө өгдөг. Хувийн тэтгэврийн компаниуд гараад ирвэл яаж итгэх юм бэ гэдэг л гол асуудал. Хуулийн төсөл дээр 3-4 зохицуулалт бий. Нэгдүгээрт, дүрмийн сан байгаа. Хоёрдугаарт, баталгаат өгөөж гэж оруулсан. Шимтгэлээр төлсөн мөнгө нь хаана, яаж өсч байгаа вэ гэдгийг бүгдийг нь хуулийн төсөлд оруулсан. Дараа нь хувийн тэтгэврийн компаниудаас гадна цаана нь кастодиан гэж байгууллага бүртгэлийг нь хийнэ. Иргэн хувийн тэтгэврийн санд мөнгөө өгөөд явж байхад хараат бус кастодиан бүх бүртгэлийг нь өдөр тутам хийнэ. Хувийн тэтгэврийн сан ямарваа нэгэн байдлаар алдаатай юм хийвэл кастодианд мэдэгдэнэ. Түүнийгээ санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэнэ.

Хувийн тэтгэврийн сан байгуулах дүрмийн санг 20 тэрбум төгрөг байлгах санал байсан. Одоо зургаан тэрбум гэх дүн дээр явж байгаа. Гэхдээ энэ бол ердөө санал төдий. Энэ дүн бол баталгаа болох юм. Хоёрдугаарт, зах зээл дээр хэт олон хувийн тэтгэврийн сан байгуулагдаад буруугаар өрсөлдөхөөс сэргийлж байгаа юм.

АСУУЛТ: Дэлхийд 30 гаруй сан байгаа гэнэ. Энэ хууль батлагдвал танай үйл ажиллагаа яаж сайжрах вэ?

МАНАЙ ТЭТГЭВРИЙН САН ХУУЛИЙН БҮХИЙ Л ШААРДЛАГА, ЗАРЧМЫГ ХАНГАЖ БАЙГАА

Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ТАЙШИР:

-Хувийн тэтгэврийн сангийн зохицуулалт одоогоор алга. Бусад хуулиар зохицуулагдаж байгаа. Манайх бол 18 жилийн өмнө байгуулагдсан Монголын анхны, ууган тэтгэврийн сан. Энэ хугацаанд бид зохицуулалтыг хүлээлгүйгээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Гэхдээ энэ хугацаанд бид нар салбарын хуультай болохыг үеийн үед түүчээлж ирсэн. Бүх хуулийн төслүүд дээр бид нар оролцсон. Энэ удаад ч түүчээлж оролцож байгаа. Одоогийн хуулийн төсөл үндсэн 5-6 зарчим дээр үндэслэсэн. Хамгийн нэгдүгээрт, сайн дурынх гэж байгаа. Хоёрдугаарт, 100 хувь хуримтлал суурьтай. Гуравдугаарт, 100 хувь өвлөгддөг байх. Дөрөвдүгээрт, шилэн, ил тод байх ёстой зэрэг зарчмууд бий. Энэ зарчмын дагуу манайх 18 жил үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хуулийн бүх шаардлага, зарчмуудыг манайх хангаж байгаа. Бараг тусдаа салбар бий болох хуулийн төсөл явж байгаа шүү.

АСУУЛТ: Улсад нийгмийн даатгалын татвар төлөхөөс гадна хувийн тэтгэврийн санд цалингаасаа тодорхой хувийг нь өгөхийн өгөөж нь юу байх юм бэ? 20 жилийн дараа өгөөжөө хүртэхээс өмнө ямар нэгэн өөр өгөөж хүртэх үү?

АРДЫН ТЭТГЭВРИЙН САН НЬ ӨГӨӨЖИЙГ БАТАЛГААТ ӨГӨӨЖ ДЭЭРЭЭ НЭМЖ ӨГДӨГ

Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ТАЙШИР:

-Ач холбогдлыг нь тайлбарлъя. Улсын нийгмийн даатгалын үйлчилгээтэй бид нар өрсөлдөхгүй. Бид тэдний өгч чадахгүй байгаа орон зайг нөхөж, хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Бид жил болгон баталгаат өгөөжийг өгч байгаа. Банкны хүү гэдэг шиг. Мөн хөрөнгө оруулалтын олзоосоо хуваарилдаг. Өнгөрсөн жил бид 10 хувийн хөрөнгө оруулалтын өгөөжийг баталгаат өгөөж дээрээ нэмж өгсөн. Мөн өвлөгддөг. Манай улсын нийгмийн даатгалын тэтгэврийн хэмжээ өвлөгддөг ч тодорхой шалгууртай. Маш цөөхөн хүн хүртдэг. Манай хуримтлал эзэмшигчид бүх мэдээллээ ил тод авдаг. Өгөөж, шимтгэлээ гар утсан дээрээсээ хянадаг. Ийм давуу талуудтай.

АСУУЛТ: Хуулинд хувийн тэтгэврийн сангууд иргэдийн мөнгийг юунд зарцуулахыг нь тусгайлан зааж өгөх үү? Иргэдийн мөнгийг цуглуулаад эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахыг үгүйсгэхгүй. 

УЛСЫН МУУ ЖИШГИЙГ ДАГАХГҮЙ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.БАТЖАРГАЛ:

-Хуулийн төслийн хамгийн том онцлог нь энэ. Мөнгө бол иргэдийн, ажилчдын мөнгө. Нэн тэргүүнд аюулгүй, алга болохгүй байх ёстой. Улсын муу жишгийг дагахгүй байх ёстой. Хөрөнгө оруулалтын төрлүүд нь цөөхөн биш байх ёстой. Бүгдийг нь нарийн гаргаж тусгасан. Санхүүгийн зохицуулах хорооноос ямар хөрөнгө оруулалтад ямар хувьтай оруулахыг нь тусгаж өгнө. Тэгэхгүй бол санхүүгийн эрсдэл хаа ч байдаг. Хөрөнгө оруулалтын менежментийн компанитай хамтарч ажиллана.

АСУУЛТ: Ардын Тэтгэврийн Сан татан төвлөрүүлсэн иргэдийн мөнгийг юунд хөрөнгө оруулж, арвижуулдаг вэ?

ХАМГИЙН ЭРСДЭЛГҮЙ, ӨГӨӨЖТЭЙ ЗҮЙЛД ХӨРӨНГӨ ОРУУЛДАГ

Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ТАЙШИР:

-Манай багц бол хамгийн боломжтой, өгөөжтэй, эрсдэлгүй хөрөнгө оруулалтад зориулагддаг. Нэг сагсанд хамаг өндгөө хийж, эрсдэлгүй байлгахаар хуулийн төсөл явж байгаа. Манай компани ч багцаа солонгоруулдаг. Тэтгэврийн сангийн зорилго бол өндөр өгөөжтэй, дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихээр зорьж байгаа. Топ-20 индекс болон Хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй хувьцаанууд дээр бид хөрөнгө оруулдаг. Мөн алтернатив хөрөнгө оруулалт буюу криптовалют дээр голлох тоглогч. Бидний сайн мэдэх биткоиныг дурдаж болно. Түүнчлэн тогтмол өгөөжтэй бэлэн мөнгө хадгалах хэрэгслүүдийг ашигладаг. Төрөл бүрээр нь эрсдлийн удирдлагын бодлогын хүрээнд хамгийн эрсдэлгүй, өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.70

нэг хүн олон санд тэтгэврийн шимтгэл төлөх төлөх боломжгүй. ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГУУД АВАХДАА САЙХАН АЛИЙНА ӨГӨХ БОЛОХООР ОЛОН ШАЛТАГ ТООЧООД ӨГӨХГҮЙ БУЛТААД АЛГА БОЛНО ШҮҮ.

Avatar

Zochin 4 цагийн өмнө 59.153.115.185

Монголд нийгмийн даатгал татвар гэж цалингийн 31% авдаг хэрнээ тэтгэвэр тогтоолгож авах огт боломжгүй үнэн тэнэг улс. Эрчүүдийн дундаж наслалт нь 63 байхад 65тай тэтгэвэрт гаргана гэдэг үнэн доромжлол. Дээр нь нийгмийн даатгалын санг нь коммунистууд хувааж идээд банкаар нь дампууруулсан, тэтгэвэрт гарах үед амьд байсан ч сан нь хоосроод удаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж