Мельбурнд түрүүлсэн амжилтаараа Гранд Сламын эзэн болсон Францын "Vitality" багийг энэ жил хожно гэдэг бусад багуудад биелэгдэшгүй даалгавар болжээ. Тэд энэ оны эхний таван том тэмцээний дөрөвт нь түрүүлсэн амжилттай явна. Шинэ улирлын эхэнд "FaZe"-ээс "ropz"-ийг авчирсан нь нүдээ олсон шийдвэр байсныг цаг хугацаа харуулж байна.
"Vitality" баг өчигдөр/2025.04.30/ ээлжит тэмцээнээ Данийн Копенхаген хотноо эхлүүллээ. 350 мянган ам.долларын шагналын сантай "BLAST Rivals Spring 2025" тэмцээнд найман баг оролцож байгаа. Ази тивийг төлөөлөн Австралийн "FlyQuest" өрсөлдөж буй. Энэ тэмцээний гол өрсөлдөөн Оросын "Spirit" болон Францын "Vitality" багуудын хооронд өрнөх шинжтэй. "Spirit" ч багаараа тэмцээнд ороогүй удсан. Тэд хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний өдөр албан ёсны тоглолт хийжээ. Үүнээс хойш тэд тэмцээнд оролцохоос татгалзаж, түр завсарлага авсан.
Өчигдөр тэмцээний эхний өдөр "FlyQuest"-г хожсоныхоо дараа "Spirit"-ийн гол хүн, гоц авьяастан "donk" хүү ярихдаа "Амралтыг би үзэн яддаг. Бүх тэмцээнд л би тоглохыг хүсдэг. Гэхдээ багт таван хүн бий. Би ганцаараа бүгдэд нь оролцъё гэж болохгүй шүү дээ. Залуус маань ч тоглохыг хүсэхгүй байхыг үгүйсгэхгүй. Би ч бас тэгнэ" гэжээ.
Мэйжорын аваргуудын тухайд одоогийн "Vitality" багтай хоёр тоглосон ч хоёуланд нь хожигдсон. Эхлээд "IEM Katowice" тэмцээний гранд финалд таарахад "Vitality" өрсөлдөгчөө 3-0 гэсэн харьцаатай илт давуу буулган авсан. Дараа нь "BLAST Premier Open Spring 2025" тэмцээний хагас шигшээд таарахад мөн "Vitality" 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй. Харин одоо дахин таарвал нөхцөл байдал өөрөөр эргэх үү? Сайн амарсан "Spirit"-г Францын багийг хожих хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байна.
"Vitality"-ийн дараалсан хожлын цуврал 22-т хүрчээ.
"Vitality" багийн дасгалжуулагч "XTQZZZ" ч өчигдөр өгсөн ярицлагадаа "MOUZ биднийг сүүлд хожих дөхсөн. Дараагийн тоглолтоо ч тэдний эсрэг хийнэ. Falcons-н тоглолт бас биширмээр байна. Тэднийг бүрэлдэхүүндээ ганцхан өөрчлөлт хийгээд, ганцхан өдрийн бэлтгэлийн дараа тийм сайн тоглоно гэж төсөөлөөгүй. Харин Spirit бидэнтэй тулалдахад бэлэн болсон байх. Сайн мэдэхгүй юм даа. Эдгээр нэрсээс яг өрсөлдөгчөө нэрлэ гэвэл би Spirit-г манай багийн хамгийн том өрсөлдөгч гэж хэлнэ" гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Spirit-д тоглолтын арга барилаа өөрчлөх хугацаа хангалттай байлаа. Магадгүй тэд биднийг мап сонголтоороо гайхшруулах байх. Тэдэнд давуу тал бий. Ялангуяа одоо байгаа бүрэлдэхүүн нь гайхалтай" гэв.
"BLAST Rivals Spring 2025" тэмцээний хагас шигшээ эсвэл гранд финалд дээрх хоёр баг таарах магадлал бий.
Бишрэлт гүн 8 цагийн өмнө 202.9.40.247
Монголчууд нэг өдөр хожих болно. Харж л байгаарай.