Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн энэ улирлын эхний тоглолтоо өчигдөр/2025.04.30/ Тайванийн аварга Нью Тайпэй Кингс багийн эсрэг хийлээ. Цагтаа "NBA"-д гялалзаж, Нью-Йорк хотын баатар болж байсан Жереми Лин, дүүгийнхээ хамтаар тус багт харьяалагддаг ч энэ удаад бүрэлдэхүүнд багтсангүй.
Энэхүү тоглолтод Хүлэгүүд баг 81-68 гэсэн харьцаатай хожив. Тайванийн баг эхний хагаст тэргүүлж байсан ч сүүлийн хагаст Хүлэгүүд давуу байдлаа түлхүү ашиглаж, хожил байгуулав. Тэдний шинэ цэрэг, канад төвийн тоглогчийг дийлдэшгүй байлаа. Тэрбээр дөрөвдүгээр үед багийнхаа 29 онооны 12-ыг нь ганцаараа авчээ. Хүлэгүүд энэ тоглолтод 12 хүртэл оноогоор хожигдож байсан ч эргэн ирлээ.
А.Азбаяр, Б.Билгүүн нар энэ тоглолтод оролцсонгүй.
Хасын Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн бүрэлдэхүүндээ 2.11 метр өндөртэй Жорди Цимангаг нэгтгэсэн. Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн улирал Тайванийн лигт тоглохдоо шилдэг хамгаалан тоглогчоор тодорч, хаалт, бөмбөг таслалт, самбараар лигээ тэргүүлжээ.
Тоглолтын дараа Циманга ярихдаа "Би саяхан энэ багтай нэгдсэн. Тэд сүүлийн хэдэн өдрийн турш энэ тоглолтод ялалт байгуулах нь ямар чухал болохыг ойлгуулсан" гэжээ.
Түүнээс гадна Жордан Толберт 15 оноо, 10 самбар гэсэТн үзүүлэлтийг үзүүлжээ. Тэрбээр өмнө нь Тайванийн лигт тоглодог байсан билээ. Мөн Б.Барсболд 15 оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулав.
FIBA-ийн зүгээс Хүлэгүүдийн шинэ, залуу дасгалжуулагч Э.Ариунболдыг онцолж байна. Түүний хувьд Зелько Васильевичээс ажлыг нь аваад удаагүй байгаа билээ. Дөнгөж 31 настай түүний удирдлага дор баг нь тун сайн амжилтыг үзүүлж буй.
Э.Ариунболд тоглолтын дараа ярихдаа "Бурхандаа баярлалаа. Үнэхээр хүнд тоглолт боллоо. Миний хувьд энэ бол олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар ажилласан анхны тохиолдол балаа. Тамирчдадаа баяр хүргэе. Мөн Нью Тайпэй Кингс багт талархал илэрхийлье" гэжээ.
Э.Ариунболд ахлах дасгалжуулагчаар ажилласан хугацаанд Хүлэгүүд Казинстай Сэлэнгэ Бодонсыг плей-оффд буулган авч, өдгөө финалын цувралд Металлыг тэргүүлж байгаа билээ.
Зоч 1 цагийн өмнө 139.5.219.19
БУРХАНДАА БИШ БАГИЙНХАНДАА БАЯР Л ….БУРХАН Ч ГЭХ ШИГ