Оросын төрийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев нь Кремлийн АНУ-ын засаг захиргаатай харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэгч нэгэн юм. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин түүнийг эдийн засгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон зорилго нь Оростой хамтран эдийн засгийн төсөл хэрэгжүүлэх гэсэн Америкийн сонирхлыг өдөөх зорилготой аж. Учир нь Дмитриев тус улсын нэр хүндтэй их сургуулиудад сурч, бизнесийн ертөнцөд нь ажиллаж байсан туршлагатай тул түүнийг хоёр орны харилцааг зохицуулахад хамгийн тохиромжтой хүн гэж үздэг байна. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Дмитриев гэх эрхэм хэн болохыг онцолж байна.
КИЕВТ ТӨРСӨН, ХАРВАРДЫН БОЛОВСРОЛТОЙ САНХҮҮЧ
Дмитриев 1975 онд буюу Зөвлөлт Украины Киев хотод төржээ. Түүний аав Александр нь Украины Эсийн биологи ба Генетикийн инженерчлэлийн хүрээлэнд ажилладаг нэр хүндтэй биологич байв. Тэрээр хүүгийнхээ боловсролд ихээхэн анхаардаг байсан нь өнөөдөр Оросын технократ дээд давхаргын ирээдүйтэй гишүүн болгож чадсан аж. Дмитриев 14 настайдаа АНУ-д суралцахаар АНУ-ын Калифорни мужийн "Foothill" коллежид суралцахаар явсан байна. Тэрбээр энэ талаар дурсахдаа "Тухайн үед гадаадад суралцахаар болон Зөвлөлтийн анхны сурагчдын нэг байсан" гэж хэлж байжээ. Үүний дараа Стэнфорд, Харвардын их сургуульд дээд боловсрол эзэмшсэн байна.
Бизнесийн замналаа гадаадад эхэлсэн Дмитриев АНУ-ын Лос Анжелес, Оросын Москва, Чехийн Прага хотуудад "McKinsey & Company" компанид санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн "Goldman Sachs"-д хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байв. Хожим 2000 онд Москва руу нүүж, 25 настайдаа мэдээллийн технологийн "IBS" компанийн дэд захирлын үүргийг гүйцэтгэв. Дмитриев салбартаа тэргүүлэх чухал хүмүүсийн нэг болсон төдийгүй 1990-ээд оны эдийн засгийн хямралын дараах шинэ үеийн Оросын бизнес ангийг төлөөлөх, Харвардын боловсролтой санхүүч гэж үнэлэгдэх болжээ.
"IBS" компанийн үүсгэн байгуулагч Анатолий Карачинский тухайн үед “Коммерсант” сонинд ярилцлага өгөхдөө, Дмитриевийг “Америкийн хамгийн том компаниудад ажиллаад Орос руу буцаж ирсэн шилдэг хүмүүсийн нэг” гэж онцолж байв.
Дараа нь Дмитриев АНУ-Оросын Хөрөнгө оруулалтын сангийн дор байгуулагдсан "Delta Private Equity Partners" компанид ажиллах болж, ур чадвараа бататган харуулж чаджээ. 2007–2011 оны хооронд тэрбээр Украинд амьдарч, тус улсын олигарх Виктор Пинчукийн "Icon Private Equity" компанийг удирдах болсон байна. Эл үеэр Дмитриев Орос-Украины хамтын ажиллагааг илүү сайжруулах арга замуудыг дэмжин ажилдаг байсан аж. Түүнчлэн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украин Оростой харилцаагаа тасалбал эдийн засгийн өлсгөлөнд хүрнэ гэж анхааруулж байжээ.
ПУТИНЫ ОХИНЫ НАЙЗ
Дмитриев Кремлийн дотоод хүрээлэлд эхнэр Наталья Поповагийнхаа тусламжтайгаар орж иржээ. Попова нь Путины охин Катерина Тихоновагийн их сургуулийн ангийн найз бөгөөд бизнесийн хамтрагч юм. Мөн эхнэр нь Тихоновагийн удирддаг Иннопрактика сангийн орлогчоор ажилладаг ба Дмитриев тус сангийн хяналтын зөвлөлд багтдаг. 2011 онд Дмитриев шинэ байгуулагдсан, төрийн хяналттай Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF)-гийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Энэхүү сан нь гадаадын хөрөнгө оруулагчидтай түншлэл тогтоож, Оросын компаниудад хөрөнгө оруулах зорилготой байв.
Дмитриевийн удирдлага дор "RDIF" нь 100 гаруй хэлэлцээрээр дамжуулан 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зохицуулж, Франц, Итали, Япон, Хятад, Персийн булангийн орнуудын хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа тогтоож чадсан байна.
"RDIF" сан байгуулагдах үед Орос улс барууны орнуудтай харилцаагаа сайжруулахыг зорьж байжээ. Оросын ерөнхийлөгч асан Медведев "Иннопрактика" сан байгуулагдах үед Америкийн технологийн аварга компаниудаар зочилж, тус улсын ерөнхийлөгч асан Барак Обамагийн "Reset" бодлого Москватай харилцах харилцааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дэмждэг байсан. Дмитриев 2012 онд “Банки” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Медведев болон тухайн үед ерөнхий сайд байсан Путин нар дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулагчидтай ил тод яриа хэлэлцээр өрнүүлж, тэдний дэмжлэгтэйгээр ийм сан байгуулах үүрэг өгсөн” хэмээн ярьж байжээ. Дмитриевийн ажлын замнал дардан байсангүй. 2014 онд Крымийг Орос эзлэн түрэмгийлж, Барууны орнууд хориг арга хэмжээ авснаар уналтад оржээ. Энэ хориг арга хэмжээ нь "RDIF"-ийг хариуцдаг төрийн хөгжлийн болон хөрөнгө оруулалтын компани "VEB"-ийг ч мөн хамарч байсан юм. Хоёр жилийн дараа Путин "RDIF"-ийг "VEB"-ийн бүтцээс салгаж, Оросын тусгаар тогтносон баялгийн сан болгон өөрчилснөөр уналтад орж байсан Дмитриев хөл дээрээ эргэн босов.
Олон нийтийн өмнө Дмитриев өөрийгөө улс төрөөс ангид, зөвхөн бизнесийн чиг баримжаатай хүн мэтээр харуулахыг зорьж байв.
Тэрбээр 2014 онд "Financial Times"-д өгсөн ярилцлагадаа "Дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг хүчин зүйлс Орос улсад бий. Бид тэдний нэг. Бид асар том тоглогч биш, улс төрийн ямар ч зорилго байхгүй” гэж "RDIF"-ийн талаар хэлж байжээ. Гэвч бодит байдал дээр, Дмитриев Кремлийн дээд хүрээллийн дунд зуучлалын ажлыг хийх болж, бүх хэлэлцсэн асуудал нь бүтэмжтэй болдог байв.
"The Insider"-ийн хийсэн эрэн сурвалжлах нийтлэлд түүнийг Кремлийн хамгийн амжилттай зуучлагч, лоббичдын нэг болж чадсан гэж дурджээ.
Орос 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлэхэд Дмитриевийн оролцоог Барууны орнууд ажиглаж эхлэв. Дайн эхлснээс ердөө хэдхэн хоногийн дараа Байдены засаг захиргаа "RDIF" болон гүйцэтгэх захирал Дмитриевт хориг тавьсан юм. Тухайн үед АНУ-ын Сангийн яам, “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ойрын хүрээллийн хүмүүс гадаадаас, тэр дундаа АНУ-аас хөрөнгө босгохын тулд RDIF болон Дмитриевийг олон жил ашиглаж ирсэн” гэж мэдэгдэж байжээ. Мөн “Албан ёсоор бол RDIF нь тусгаар тогтносон баялгийн сан гэж нэрлэгддэг ч, үнэн хэрэгтээ энэ нь ерөнхийлөгч Путины хувийн ‘хар сан’ бөгөөд Оросын өргөн хүрээтэй клептократ (хулгайлагч эрх баригч)-ын бэлгэ тэмдэг юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.
ТРАМПТАЙ ХАРИЛЦАА ТОГТООХ ПУТИНЫ ГҮҮР
Трамп 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар Путин хоёр орны харилцаанд боломж гарч ирлээ гэж харсан аж. Роберт Мюллерийн бичсэн АНУ-ын сонгуульд Оросын хөндлөнгийн оролцооны талаарх нийтлэлд дурдсанаар, Дмитриев нь Трампийн хүргэн Жаред Кушнерийн найз Рик Герсонтой холбоо тогтоожээ. Мюллерийн эх сурвалжийн мэдээлснээр, Дмитриев “АНУ болон Оросын хооронд эвлэрлийн төлөвлөгөө боловсруулах даалгавар авсан” гэж Герсонд хэлсэн бөгөөд тэд хамтдаа хоёр хуудас бүхий боломжит хамтын ажиллагааны талаар баримт бичиг боловсруулсан байна.
2017 оны нэгдүгээр сард Дмитриев мөн адил Трампийн кампанит багт чухал үүрэг гүйцэтгэж байсан нэгэн хүнтэй холбоо тогтоожээ. Тэр хүн нь "Blackwater" цэргийн хувийн хэвшлийн компанийн үүсгэн байгуулагч, тун удахгүй Боловсролын сайд болох байсан Бетси ДеВосын ах Эрик Принс байсан бөгөөд тэд Саудын Арабд уулзсан байна. Учир нь Герсонтой боловсруулсан төлөвлөгөө нь ажил хэрэг болж чадаагүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Герсонтой хийсэн уулзалт маш тааруухан байсан гэж Дмитриев тайлбарласан гэх мэдээлэл бий.
Гэсэн ч эдгээр тааруухан, бүтэмжгүй уулзалтуудыг үл харгалзан Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдох үед Дмитриевийг тусгай төлөөлөгчийн байр сууринд Путин дахин авчирчээ.
Трамп энэ оны эхээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж, Киев болон Москвагийн хооронд түргэн энхийн хэлэлцээр байгуулна гэж амласан. Мөн Байдены засаг захиргааны үед ямар ч харилцаа холбоогүй байсан Оростой шууд харилцаагаа сэргээх зорилт тавьсан юм.
Эл үетэй давхцан Дмитриев албан ёсоор гадаад улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч гэх цолтой болсон аж.
Үүний хүрээнд 2025 оны хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабын нийслэл Рияд хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон тусгай төлөөлөгч Стив Уиткофф нартай тэрбээр анх удаа уулзсан байна. Уг цаг мөчөөс хойш Дмитриев АНУ-Оросын хэлэлцээнд гол хүчин зүйл болж, эрдэс баялаг, Элон Маскийн сансрын төслүүдэд зориулсан атомын цахилгаан станц зэрэг хамтарсан бизнес санаачилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байна.
зочин 3 цагийн өмнө 66.181.160.70
За муу улаан Оросууд ямарч боловсрол эзэмшээд улаан хэвээрэй л үлднэ ..
Нэргүй 2 цагийн өмнө 192.42.116.211
Өрсөлдөгч улсынхаа боловсролыг эзэмшээд мэдлэгээ Орос эх орондоо зориулсан мундаг залуу байна.
зочин 11 минутын өмнө 66.181.191.37
Өөрийг чинь устгах зорилготой,хэзээ ч эвлэрэшгүй атаат дайсантай хамтан ажилана, найзлана нөхөрлөнө гэдгийг би л лав ойлгодоггүй, Горбачёв, Елцин нар яг энгэж зүтгээд,социализмыг бүхэлд нь нураагаад орос орныг сүйрүүлээд, эцэст ямар ч үр дүнд хүрээгүй, Өөрсдөө л хохирсон,Баруун, наанаа хамрах,цаанаа, устгах зорилготой,Харин В,Путин түүний талынхан төрд гарч,сүйрсэн орос орныг сэргээн,бүр хэнд ч дийлдэшгүй агуу хүчирхэгжүүлэв, Манайд,барууныг шүтэгч оросын дайсан их байна,Сургамж авах хэрэгтэй