УЕФА Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт орон нутгийн цагаар өчигдөр/2025.04.29/ боллоо. Лондон хотод болсон энэхүү тоглолтод талбайн зочин ПСЖ клуб 1-0 гэсэн харьцаатай ялалт байгуулав.
Тоглолтын онцлох үйл явдлууд
- 4′: Дембеле Кварацхелияагийн дамжуулалтаар тоглолтын цорын ганц гоолыг оруулав
- 31′: Дуе, Фабиан Руйз хоёр гоол оруулах сайхан боломжоо алдав
- 47′: Мериногийн мөргөж оруулсан гоол отон тоглолтод орсон байв
- 56′: Доннарумма Троссардын гоол болохуйц цохилтыг хаав
- 85′: Гонсало Рамосын цохисон бөмбөг хөндлөвч онов
Тоглолт эхлээд удаагүй байхад Парис хотын баг Дембелегийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Хвича Кварацхелияагийн доогуур өгсөн хөндлөн дамжуулалтыг франц залуу асуудалгүй төгсгөж, сүүлийн таван тоглолт гоол оруулаагүй байсан цувралаа зогсоожээ.
Арсенал ч талбай дээрээ, фэнүүдийнхээ өмнө хожигдож эхэлсэн учир тооны харьцааг тэнцүүлэх гэж уйгагүй зүтгэсэн. Тэд шахаж, ПСЖ завсраар нь довтолж байлаа. 31 дэх минутад Дуе болон Руйз хоёрт тэргүүллээ баталгаажуулах сайхан боломж гарсан ч Давид Раяагийн хичээл зүтгэл багаа аврав.
Талбайн эздэд гоол оруулах цөөнгүй боломж олдсон ч Жианлуижи Доннарумма энэ өдөр гайхалтай байсан. Түүнийг давж, хаалганд нь гоол оруулна гэдэг биелшгүй даалгавар шиг харагдсан. Арсенал олон оролдсон ч бүгд бүтэлгүйтжээ.
Уг нь Микел Мериногийн мөргөлт тооны харьцааг тэнцүүлсэн ч VAR-аар үзэхэд отон тоглолт байжээ. Дараа нь Леандро Троссардын гоол оруулах сайхан боломжийг Доннарумма хаачихсан. Хоёрдугаар хагаст ч ПСЖ Арсеналын тоглолтод дасч, илүү бөмбөг эзэмшин тухтай тоглож эхлэв. Ингэж явсаар тэргүүллээ хадгалж, айлын талбайгаас хожилтой нутаг буцлаа. 85 дахь минутад Рамосын цохисон бөмбөг хөндлөвч оносныг эс тооцвол өөрөөр онцлох зүйл байсангүй.
Тоглолтын шилдгээр ПСЖ-ийн хагас хамгаалагч Витинья тодорсон.
Тоглолтын дараа ПСЖ-ийн дасгалжуулагч Луис Энрике "Сэтгэл хөдлөл өндөртэй, дүн шинжилгээ хийхэд хэцүүхэн тоглолт боллоо. Би өөрсдийнхөөрөө тоглохыг хичээлээ. Эхний гоолыг ч эрт оруулсан. Олон удаа алдаа гаргалаа. Хоёр дахь гоолыг ч оруулж болох байв. Хариу тоглолт үнэхээр хүнд байх болно" гэжээ.
Харин Арсеналын дасгалжуулагч Микел Артета "Завсарлагаанаар миний хэлсэн үгс яг л Реал Мадридын эсрэг гэртээ тоглож байсантай ижил байсан. Бид Парист очоод хожих ёстой боллоо. Би өнөөдөр бараг л зөрүүгүй хоёр сайн багийг харлаа. Тэд хаалганы урд илүү үр дүнтэй байж, хаалгач нь ялгаа гаргалаа" гэв.
Холбоотой мэдээ