Гадаа 9 хэмийн дулаан ч хүйтэн салхитай хаврын нэгэн өдөр. Монголын хавар урт, зуны улирал нь богино. Гэсэн хэдий ч нийслэлчүүд Улаанбаатарын цөөн хэдэн амралтын бүсэд алжаалаа тайлах нь бий. Салхитай хүйтэн болоод ч тэр үү, эсвэл хаалгаа нээгээд төдийлөн удаагүй болоод ч юм уу Үндэсний соёл амралтын хүрээлэн хүн цөөтэй байв. Наран ээвэр сандал дээр хэдэн хөгшид суугаад буу халах нь тэд ач зээгээ эрхлүүлж яваа өвөө, эмээ нар болох нь илэрхий. Түүнчлэн сурагч цүнх үүрээд алхаж яваа аавыг харахад охидоо хичээл тарангуут нь сургуулиас нь аваад зугаалуулж яваа нь мөн л харваас ойлгомжтой байв.
Үндэсний соёл амралтын хүрээлэн хэдийгээр хаалгаа нээсэн ч тохижилтын ажил үргэлжилж байна. Паркийн ажилчид бололтой, ажлын ижил хувцастай засварчид тоглоом хэрэгслийг засч, сэлбэж, угсарч зогсоно. Зарим тоглоомууд нь эздээ хүлээн авахад бэлэн болжээ.
Бага насны хоёр хүүхдээ салхилуулангаа нэгийг нь тэрэгтэй нь түрж, нөгөө нь тоглуулах ээжийг Б.Нарангарав гэдэг. Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй гэр нь ойрхон болохоор байнга ирдэг аж. Хүүхдийн парк улирлын чанартай ажилладаг. Өвөл тэнд агаар салхинд хүүхдээ гаргах ээж, аавууд л очдог. Харин зуны улиралд хөл хөдөлгөөнд дарагддаг аж. Гэхдээ бага насны хүүхдүүд тоглох тоглоом цөөтэй болохыг тэрбээр хэллээ.
Дунд анги болов уу гэмээр өсвөр насны охид цовоо цолгиун инээд цацруулсаар хажуугаар өнгөрөв. Хүүхдийн парк нээгдэхээр тоглоом дээр нь тоглохгүй ч анги хамт олон найз нөхдөөрөө энд зугаалах хүүхдүүд эрс ихэсдэг аж. Охид найзуудын өдөр тэмдэглэхээр ирсэн хэдий ч зорилго нь биелэсэнгүй. Тоглоомууд нь бүрэн ашиглалтад ороогүй байгааг кассын бүсгүй тэдэнд учирлаж, тэд ч урам муутай үлдэв. Уг нь тэд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулиас ийнхүү зорьж ирсэн ч өнөөдөр цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад хүүхдийн парк ажлаагүй байхтай таарсан нь энэ. Тэд ярихдаа, өнөөдөр бидний найзуудын өдөр. Энэ өдрөө бид нар паркт хамт тоглож, поп корн идэж цагийг өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр ажиллахгүй байна. Уг нь хүүхдийн парк нээснийг сонсоод их баярлаж байсан юмсан. Хүүхдийн парк нээгдэхийг тэсэн ядан хүлээдэг. Гэтэл өнөөдөр ажиллахгүй байна. Гэсэн ч энд жаахан салхилж, алхаж байгаад буцахаас гэсээр гүйж одов.
Өндөр настан Т.Нямдоржийн хувьд мөн л хүүхдийн паркт ирж амарч, алхдаг гэнэ. Тэрбээр, “хүүхдийн паркт найзтайгаа ирж өдөрт 5000 метр алхдаг гэнэ.
“Нийслэлчүүдийн ганц зорьж ирдэг газар Хүүхдийн парк шүү дээ. Аюул багатай, тайван. Машин тэрэг сигналдаад айлгаад байхгүй. Ямар ч насны хүүхдүүд тоглох, амрах боломжтой ганц газар энэ л байна. Урин цаг ирэхээр хүүхдүүд энд ирж тоглох гэж яардаг байх. Миний хувьд ч ялгаагүй ач, зээ нараа авч ирж тоглуулдаг ганц газар бол хүүхдийн парк. Намайг сууж, салхилж байхад их холоос хүмүүс зорьж ирдэг шүү дээ. Миний найзын тухайд хаа байсан Толгойтоос энд ирж надтай хамт алхдаг. Чимээ багатай. Энэ нуур нь нээгдчихвэл усны чимээ сонсоод, хараад суухаар тааламжтай байдаг. Манай найз бид хоёрын хувьд энд ирж алхаад нэг сар орчим болж байна. Гэрт суухаар телевизор харахаас шид байхгүй. Тиймээс энд ирж агаар салхи амьсгалах нь таатай байдаг” гэв.
Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сарын 4-нд үүд хаалгаа нээжээ.
Одоогийн байдлаар Паркийн тоглоомууд дундаас нуур хамгийн сүүлд буюу тавдугаар сарын арван түүнээс хойш нээгддэг байна. Усны түвшин хамгийн өндөр хэсэгтээ нэг метр орчим байдаг бол багадаа 50-60 см байдаг ажээ. Ингэсний дараа завийг байрлуулах боломж бүрддэг байна. Өнөөдрийн байдлаар нуурын хайргыг цэвэрлэх даралттай усны цэвэрлэгээ хийгдэж байгаа гэнэ. Нуурыг усаар дүүргэхэд бараг 14 хоногийн хугацаа шаарддаг аж. Улаанбаатарын энэ их завгүй ажлын өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж паркт ирэх нь тун ховор. Хүүхдийн баяраас өмнө парк ерөнхийдөө хөл хөдөлгөөн багатай. Хүүхдийн баяраас хойш үйлчлүүлэгчдийн хөлд дарагддаг аж.
ЭКСТРИМ ТОГЛООМ НЭМЭГДСЭН
Тус хүрээлэнгийн Үйл ажиллагааны газрын захирал А.Ариунжаргал ярихдаа " хүүхдийн парк энэ сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд хэсэгчлэн нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар 19 тоглоом нээлттэй, хүүхдүүдээ тоглуулж байна. Жил болгон тоглоомуудад засвар шинэчлэл хийдэг гэв.
Иргэдийн дунд ялангуяа хүүхдүүдийн дунд Парк шинэ тоглоом нээх болов уу гэсэн хүлээлт жил бүр байдаг. 2023 онд дөрвөн тоглоом шинээр нэмсэн бол өнгөрсөн жил галзуу хулганын явах эд анги, хөдөлгүүр, дүрсийг бүрэн шинэчилсэн байна.
Тэгвэл энэ жилийн тухайд таван тоглоом шинээр суурилуулж байгаа гэнэ. Шинэ тоглоомын хувьд дундаас дээш насныхан зориулсан экстрим тоглоомыг суурилуулахаар төлөвлөжээ. Мөн бага насны буюу 120 см хүрэхгүй хүүхдүүдэд тоглох тоглоом ховор байдаг. Тэгвэл 120 см-ээс бага өндөртэй хүүхдүүд тоглож болох эцэг, эхчүүд хүүхдээ аваад суух боломжтой нэг тоглоомыг суурилуулж дууссан бол дахин нэг тоглоомыг угсрах ажил үргэлжилж байгаа ажээ. Харин үлдсэн гурван тоглоомыг зургадугаар сарын 1-нээс өмнө суурилуулж дуусна гэдгийг Үйл ажиллагааны газрын захирал А.АРИУНЖАРГАЛ хэлэв. Цаашид тоглоомын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ гэхэд, ашиглалтын хугацаа дууссан тоглоомоо шинэчлэх, ашиглалтын хугацаа дууссан тоглоомын суурин дээр шинэ тоглоом угсрах гэх мэтээр шинэчлэлтийг хийнэ. Насжилтын хувьд 20 орчим жил ашиглах боломжтой гэлээ.
Тасалбарын хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил үнэтэй буюу дөрөв болон зургаан тоглоомын сонголттой багцын тасалбар 25000-30000 төгрөгийн үнэтэй гэнэ.
Паркийн үйл ажиллагаа эхлэхэд бүх тоглоомын солих шаардлагатай эд ангиудыг сольж шалгаж, тестэлдэг байна. Мөн өглөө бүр үйл ажиллагаа эхлэхэд тоглоомыг шалгадаг байна.
Цагийн хуваарийн хувьд ажлын өдрүүдэд өдөр 13:00 цагаас нээгдэж, орой 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа бол амралтын өдрүүдэд 11:00 цагаас нээж 21:00 цагт хааж байгаа ажээ.
Удахгүй ганцхан сарын дараа хүүхдийн баяр болох гэж байна. Энэ үеэр паркт маш их ачаалал, урт дараалал үүсдэг. Жил бүр хүүхдийн баярыг угтан гайхамшигт долоо хоногийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд зургадугаар сарын 1-нээс өмнө ирж хүүхдүүдээ тоглуулбал цаг хэмнэнэ гэдгийг сануулж байв.
Усан завь, галзуу хулгана зэрэг таван тоглоомын үйл ажиллагааг удахгүй бүрэн эхлүүлэх ажээ.
Нийслэлд урин дулааны цагт зорьж очиж, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор. Тиймээс Үндэсний амралтын газар нээгдсэн сургаар тэнд хүүхдүүд тоглож, хөгшид нь нарлаж суулаа. Парк 2, 3 настнуудад зориулсан тоглоомын талбай цөөхөн, гэхдээ л бяцхан хүүхдүүд тэнд тааваараа тоглоно.
Хүүхдүүдээ тэргэн дээр нь унтуулан өөрсдөө элдвийг ярилцан суух ээж аав цөөнгүй. Гадаа дулаарахын хэрээр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдээ салхилуулахаар хүмүүс зорин ирдэг аж.
Үйлчлэгч эмэгтэйн хэлж байгаагаар, хүүхдүүд идсэн, уусан зүйлийнхээ савыг ил хаяж зарим хүмүүс л зориулалтын хогийн саванд хогоо хийдэг байна. Тиймээс хогоо зориулалтын саванд хийж соёлтой үйлчлүүлэхийг анхааруулсан юм.
Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж парк ажиллаагүй ч хүүхдүүд найзуудаараа зургаа даруулж, сошиал хуудастаа тавина. Би ийм, чи тийм гарч хэмээн ам уралдаж, нэгний ёжлон инээлдэнэ. Цаг агаар дулаархын хэрээр паркийн үйлчлүүлэгчид нэмэгдэж, том хүүхдүүд, бага насныхан гэсэн хоёр "ангилал"-аар тоглоомоо хуваан тоглох нь нүдэнд үзэгдэх мэт.
Паркийн зарим тоглоомууд ажиллаж байгаа бөгөөд үлдсэнийг нь ээлж, дараатайгаар ажиллуулж эхлэх гэнэ. Харин үйлчилгээний газрууд хараахан ажиллаж эхлээгүй ч удахгүй нээгдэнэ гэдгийг ажилчид хэлж байлаа.
Соёл амралтын хүрээлэнд мөхөөлдөс, ус ундаа, түргэн хоол зурагчин гээд олон төрлийн үйлчилгээний газрууд үйл ажиллаагаа эхлүүлжээ.
Нэргүй 2025-04-30 202.179.25.231
Бурхан минь. Намар өвөл хаваржингаа салхи цас шуурганд ажиллахгүй зогссон тоглоомуудын эрэг шураг, оньс дамрыг нь арчиж цэвэрлэж тосолдог юм уу. Зэвэрч хугарахад бэлэн болсон тоглоом өчнөөн хүүхдийг аюулд оруулах вий. Залхуу монголчууд юу ч хийхгүй сууж байгаа. Гадны оронд паркаа түр хааж тоглоомоо сар бүр торддог