Дайны хамгийн том хохирогч нь хүүхэд гэдгийг "напалм охин" сануулав

Дайны хамгийн том хохирогч нь хүүхэд гэдгийг "напалм охин" сануулав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Дайны хамгийн том хохирогч нь хүүхэд гэдгийг "напалм охин" сануулав

Зам даган уйлж гүйх есөн настай охины гэрэл зураг бол өнгөрсөн зууны хамгийн гашуун түүхийн нэгээхэн гэрчлэл. Вьетнамын дайны үеэр авсан эл гэрэл зураг сая сая хүний сэтгэлийг эмзэглүүлээд зогсохгүй Пулитцерын шагнал хүртсэн билээ. "Дайны аймшиг" нэртэй энэхүү зургийг "Associated Press" агентлагийн гэрэл зурагчин Ник Ут хальснаа мөнхөлсөн юм.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дайн дууссаны 50 жилийн ой тохиож байна. Энэ ойг угтаж өдгөө амьд сэрүүн байгаа 62 настай Ким Фук дурсамжаасаа хуваалцжээ. Түүнийг дэлхий нийт "напалм охин" гэдгээр танина.

1972 оны зургадугаар сарын 8-ны өдөр Ким Фук гэр бүлийнхэн болон тосгоны бусад хүмүүсийн хамтаар Тай Нин мужийн Транг Банг хотын сүмд орогнож байжээ. Энэ үед цэргүүд гэнэтхэн хүмүүст оргон зайлах тушаал өгсөн байна. Хүүхдүүд тэр үед сүмийн хашаанд тоглож байжээ. Тушаал ёсоор хүмүүс зам руу гүйж гарсан боловч цэргийн онгоцноос напалм гэгч тэсрэх бодис хаяхад есөн настай Ким Фук үүнд нь золгүйгээр өртсөн аж. Наалдамхай бөгөөд шатамхай эл аюулт бодис охины хувцас, биеийг маш хурдан түлсэн юм.

Охин эмнэлэгт олон сар эмчлүүлсний эцэст жил гаруйн дараа сонинд нийтлэгдсэн өөрийнхөө зургийг анх удаа харжээ. Тухайн үедээ Ким Фук ихэд эмзэглэж, "Яагаад ийм нүцгэн, муухай зургийг минь нийтэлсэн юм бол" гэж дургүйцсэн байна.

Өөрт нь амьдрал бэлэглэсэн эмч нарт талархсан охин шаргуу суралцсаар 1982 онд Анагаах ухааны сургуульд элсэн орсон. Гэвч олон жилийн өмнөх зураг нь дахин гарч ирж, мөрөөдөлд нь саад болсон аж. Гадаадын хэвлэлүүд түүнтэй ярилцахаар шуурч, Вьетнамын засгийн газар ч охиныг Америкийн эсрэг үзлийн бэлгэдэл болгон ашигласан байна. Албаны хүмүүс түүнийг байнга дуудаж ярилцлага авч, дараа нь сургуулиа хаяхыг албаджээ.

Амьд үлдэх утга учир хайж яваад Ким Фук Христийн шашинтай болсон байна. Мөн 1986 онд Куба улсад суралцах болсноор хэвлэлийн хараанаас холдож, байнгын түгшүүрээсээ салсан гэдэг. Гавана хотод амьдарч байхдаа тэр нөхөртэйгөө танилцаж, 1992 онд гэрлэжээ.

Амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрсөн түүхээсээ зугтаж, нуугдаж өнгөрөөсөн Ким Фук эцэстээ энэ бүхнийг хүлээж авахаар шийдсэн юм. Тэрбээр өөрийнхөө зургийг дайны эсрэг хүчин чармайлтыг дэмжих зэвсэг болгон ашиглажээ. Мөн дайны золиос болсон хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ким сан” олон улсын байгууллагыг байгуулсан.

Өдгөө дэлхий ертөнц дахин дайны сүүдэрт дарагдаад буй тул харгис хэрцгий дайнаас болж хүүхэд хамгийн ихээр хохирдог гэдэг үнэнийг хүн төрөлхтөн ойлгоосой гэж Ким Фук хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.111

Америкууд мөн ч харгис дайн байлдаан дандаа хийж явдаг улс юмаа. Энэ орныг дийлэх хашраах улс дэлхийд алга. АНУ манай улсын нийслэл дээр атомын бөмбөг хаях гэж байсан нь саяхан ил болсон. Шалтгаан нь ОХУ-ын цэрэг Улаанбаатар хотод байрлаж байсан явдал юм. Орос хүмүүсийг а**х мөрөөрөө алахгүй монголчууд биднийг х***х гэж байжээ. Азаар тийм юм болсонгүй.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.177

напалмын бөмбөг гэж хар ухаанаар 200 литрийн цэнхэр саванд бензинтэй шатаагаад унагаж байгаатай адил аймшигтай бөмбөг.тэр чигээр нь галаар хуйхлана гэсэн үг.Вьетнамын дайнд АНУ их хэрэглэсэн.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 188.162.254.40

одоо цагт дайн гээч байхгуй дандаа тусгай ажиллагааг кофе уугаад бурэн эрхтэй элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж