Хөрөнгө оруулалтын 7 хоног арга хэмжээний хүрээнд "Оновчтой зарцуулах жор" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Товчоор:
- Хувь санхүүгийн зөвлөгөө
- Санхүүгийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?
- Санхүүгийн сахилга батад хүйс хамааралтай юу?
- Хөрөнгийн үнэ цэнээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
- Хөрөнгө оруулалт хийхдээ юу анхаарах вэ?
ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ Л САНХҮҮГИЙН АСУУДАЛД ОРУУЛДАГ
Хөрөнгө оруулагч Г.УЯНГА
-Хөрөнгө оруулалтын ойлголтыг авчихсан хүмүүс хувийн санхүүгийн асуудалгүй байна гэдэгт итгэлтэй байна. Санхүүгийн асуудалд таныг хэн нэгэн хүн оруулах нь ховор байдаг. Хүн өөрөө өөрийгөө л санхүүгийн асуудалд оруулдаг. Оруулдаг гэдэг нь хэрэгцээ, шаардлагаа тооцоолохгүйгээр хувийн санхүүдээ хэт үрэлгэн, гамгүй байхыг хэлж байгаа шүү. Үүнээс болоод олон асуудал үүсдэг. Дэлхийн хүн амын дийлэнх нь өрийн дарамтад орчихсон. Энэ нь хүний амьдралын чанарыг хулгайлдаг. Өглөө босохдоо л "Энэ өрөө яаж төлөх үү? Дараагийн зээлийн төлөлт хэзээ вэ?" гэж боддог. Хүн өөрөө өөрийнхөө санхүүд л хариуцлагатай хандах хэрэгтэй. Банк бол зээл өгөөд л байна. Тэд үүнд хариуцлага хүлээхгүй.
ӨР ЗЭЭЛЭЭ БҮГДИЙГ НЬ ЖАГСААН ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮ, ШИМТГЭЛТЭЙГЭЭС НЬ ЭХЭЛЖ ТӨЛ
Хувь хүний санхүүгийн контент бүтээгч М.ДЭНСМАА:
-Санхүүгийн хямрал гэхээр өр төлбөр, зээлтэй холбогдоно. Үүнийгээ хэрхэн удирдах вэ гэдэг чухал. Эхлээд ямар нөхцөл байдалд байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ямар хэмжээний өртэй, хэдий хэмжээний хадгаламжтай вэ гэдгээ тооцоол. Өр, зээлээ бүгдийг нь сайхан жагсаач бич. Үүнээсээ хамгийн өндөр хүү, шимтгэлтэй өр төлбөрөө шууд төлж эхэл. Ингэж л эхэлнэ.
Хүн харьцуулсан байдлаасаа болж өөрийнхөө орлогоос давсан зарцуулалтыг хийдэг. Энэ шийдвэр зөв үү? Чухал, чухал биш, яаралтай, яаралтай биш гэдэг матриц бий. Худалдан авалт хийхийнхээ өмнө энэ матриц дээр зоож байгаад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс стресст орохоороо мөнгө үрэх хандлагатай байдаг. Онлайн шопд донтчихсон хүмүүс байна. Миний хувьд яг тиймэрхүү төрлийн хүн. Таалагдсан юмаа авахдаа стресст орчихсон байдгаа мэдсэн. Тиймээс худалдан авалт хийхийнхээ өмнө хоёр хоног боддог. Өндөр дүнтэй худалдан авалт дээр шүү. Заавал бодох хэрэгтэй. Матриц дээрээ бодоод байж байхад мартчихдаг. Тиймээс сайн бодох хэрэгтэй шүү.
ТАНЫ ОЛЖ БУЙ ОРЛОГО, БАЙГАА ХӨРӨНГӨ ТАНЬ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА УУ?
"Ард Актив" ХЗХ-ын гүйцэтгэх захирал Г.БИЛГҮҮН
-Бид нар бүгд эмийн жор гэдгийг мэднэ. Хаана өвдөж байгаагаа мэдээд эмчид очиж үзүүлвэл эмийн жор бичүүлээд эрүүл болдог. Хувийн санхүүгийн жор гэвэл энгийнээр хэлэхэд одоо байгаа нөхцөл байдлаа үнэл. Юу болж байна, юу болохгүй байна вэ? Таны хувийн санхүүгийн эрүүл мэнд сайн байна уу? Таны олж буй орлого, байгаа хөрөнгө тань эрүүл, зөв, үр ашигтай зарцуулагдаж байна уу? Үүнийгээ л эхлээд дүгнээрэй.
Миний хувьд одоогоос 12 жилийн өмнө их сургуулиа төгсөөд зээлийн мэргэжилтнээр ажилд орсон. Хүн бүр л автомашин, байрны зээл авч байлаа. Гэтэл хүн яг өөрөө зээл авахдаа өөрөөр боддог юм байна лээ. Миний анхны зээл автомашиных байсан. Тухайн үед "Toyota Crown" эсвэл "Prius" хоёрын нэгийг авах боломжтой байсан. Нэг нь нөгөөгөөсөө хоёр дахин үнэтэй байсан. Зээлээ авчихвал алийг нь ч авчих байсан. Гэтэл шийдвэрээ гаргахаас өмнө нэг сар бодсон. Тэр машиныг авчихвал буцаагаад гурван жил зээл төлж байж өрийн дарамтаас гарах байсан. Тухайн үед "Би яг юуны төлөө ажиллах юм бэ?" гэдгээ тодорхойлсон. Гар дээр авдаг цалингийнхаа 60 хувийг зээлэнд төлөх ч нөгөө талд автомашины маань үнэлгээ унасаар л байх байсан. Би зөвхөн машины төлөө ажиллахаар болоод байсан. "Crown" уначихвал гоё мэдрэмжүүдийг авна гэж өөрийгөө өөхшүүлж байсан ч бодит байдал дээр "Prius"-г авсан. Тэгж хэмнэсээр би гурван жилийн турш төлөх байсан зээлээ орлогоо нэмэгдүүлж, зарлагаа бууруулсанаар хоёр жилийн дотор хаах боломж бүрдсэн. Гурван жилийн зээлийг хоёр жилийн дотор хааснаар гурав дахь жилээсээ би хуримтлалтай болсон. Хадгаламжинд мөнгөө хийж, хуримтлуулах дадлыг өөртөө суулгасан.
САНХҮҮГИЙН САХИЛГА БАТАД ХҮЙС ХАМААРАЛТАЙ ЮУ?
Богино хугацаанд илүү орлого олох чадваруудыг эзэмш
"Ард Актив" ХЗХ-ын гүйцэтгэх захирал Г.БИЛГҮҮН:
-Хамааралтай шүү. Дийлэнх эрчүүд хамгийн богино хугацаанд их мөнгөтэй болохыг зорьдог. Харин эмэгтэйчүүд тогтмол хугацаанд мөнгөө хадгалаад зарцуулдаг. Залуучууд богино хугацаанд мөнгөтэй болохыг аргыг хайж, эрсдэлтэй зүйл рүү мөнгөө оруулдаг. Ингээд алддаг. Таньдаг, мэддэг хүмүүсээсээ зээл аваад мөрийтэй тоглочихдог. Би анх ажилд ороход миний цалин эхнэрийнхээс 50 хувь бага байсан. Хамгийн эхний шок. Эрэгтэй хүн гэр бүл дотроо яаж ч бодсон бага орлого олж байгаадаа дургүй байна ш дээ. Би яах вэ гэж бодсон. Тэр үед юуг ойлгосон бэ гэхээр богино хугацаанд мөнгөтэй болох нь асуудал биш юм байна. Зүгээр л танаас илүү орлого олоод байгаа хүний чадваруудыг богино хугацаанд эзэмш гэдгийг өөртөө суулгасан.
Санхүүгийн эрх чөлөөнд зээлээр хүрэхгүй
Хөрөнгө оруулагч Г.УЯНГА:
-"Ард санхүүгийн нэгдэл"-ийн бүтээгдэхүүнийг сурталчлахаар хүмүүс их сонирхож, худалдан авалт хийдэг. Гэхдээ нэг жил, хоёр жил болсон хүмүүс ашиг, өгөөж яасан бэ гээд яараад байдаг. Гэтэл бид нар ид шидтэн биш шүү дээ. Бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд маш олон хүн ажиллаж байдаг. Үүний үндсэн дээр хувьцааны ханшийн өсөлт урт хугацаандаа өгөөжөө өгдөг. Бушуухан шиг л хувьцаа аваад ашиг олъё гэж боддог. Тэр бол боломжгүй. Яг арилжаа хийдэг хүмүүс өндөр эрсдэл үүрээд ашиг олж байсан байх. Тэрийг сонссон байж магадгүй. Энэ хүмүүс дандаа хожихгүй. Эрсдэл даах чадвар нь өөр байдаг. "Ард санхүүгийн нэгдэл" бол хөрөнгө оруулагч үндэстнийг л цогцлоох гэж хичээдэг. Уламжлалт "Хас банк"-ны суурин дээр боссон компани шүү дээ. Ч.Ганхуяг захирал бичил зээл олгоод л эхэлсэн. Монгол хүмүүс зээлээ төлнө гэдэг сэтгэхүйг суулгах гэж хичээсэн. Одоо яагаад хөрөнгө оруулагч үндэстэн болгох гээд байна вэ гэхээр санхүүгийн эрх чөлөөнд зээлээр хүрэхгүй юм байна гэдгийг л олж харсан. Олон улсад ч тийм. Хүн хөрөнгө оруулагч байж л тодорхой хэмжээгээр санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн эрүүл мэндтэйгээ учирна.
ХӨРӨНГИЙН ҮНЭ ЦЭНЭЭ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Хөрөнгө оруулахдаа сүргийн сэтгэхүйгээр битгий ханд
Хувь хүний санхүүгийн контент бүтээгч М.ДЭНСМАА:
-Хөрөнгө оруулалт гэдэг нэршил нь өөрөө нүсэр санагдахаар хүмүүс мэдэхгүй зүйл рүүгээ мөнгөө хийх нь эрсдэл юм байна гээд айдастай болдог. Хэрэв та мэдэхгүй байгаа бол мэргэжлийн газарт нь, мэргэжлийн хүнд нь ханд. Монголчуудын түгээмэл алдаа нь мэдлэг, мэдээлэлгүйгээр сүргийн сэтгэхүйгээр хандаад шууд очоод байдаг. Энэ нь өөрөө асар том эрсдлийг дагуулдаг. Мэргэжлийн газарт нь ханд. Гэхдээ ганцхан газар биш. Дор хаяж гурван газарт ханд. Интернетийн эрин үед мэдээллийг олон эх сурвалжаас авах боломж бүрдсэн байна.
Хөрөнгө оруулагчдын хамгийн том хөрөнгө оруулалт нь хүүхэд
"Ард Актив" ХЗХ-ын гүйцэтгэх захирал Г.БИЛГҮҮН:
-Хүмүүс хадгаламж нээх үү? Хувьцаа авах уу? Бонд руу хөрөнгө оруулах уу? гээд асуугаад ороод ирдэг. Хамгийн эхний бөгөөд энгийн гаргалгаа бол та хэдэн төгрөгтэй болмоор байна вэ? Та тэр дүнгээ зүгээр л хадгаламж руу хийчих. Мэдэхгүй зүйл рүүгээ хөрөнгө оруулахаас өмнө хадгаламж руу хийж, тэр хугацаандаа бусад хөрөнгө оруулалтынхаа талаар мэддэг болчих. Тэгвэл алдсан ч харамсахгүй. Суралцах үе байхгүй юу даа. Хөрөнгө оруулж, хадгалж чаддаг хүмүүсийн хамгийн том хөрөнгө оруулалт нь хүүхэд байдаг. Хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгохоор нөгөө хүүхэд нь хамгийн өрсөлдөх чадвартай, хамгийн сайн ажил мэргэжилтэй болдог. 50-аас дээш насныхан өндөр хадгаламжтай байдаг. Хүүхдүүд нь хасах бус нэмэх үйлдлийг маш сайн хийдэг. 500 саяас дээш төгрөгийн хадгаламжтай хүмүүсийг том хадгаламж эзэмшигчид гэдэг. Цөөхөн байдаг. Яаж 500 сая төгрөгтэй болсон юм бэ гэхээр зургаан жилийн өмнө тэр хүн 200 сая төгрөгтэй байсан байгаа юм. Зургаан жилийн турш мөнгө нэмж хийхгүйгээр зөвхөн хүүгээрээ л ийм болж байгаа юм. Тэгвэл яаж 200 эсвэл 100 сая төгрөгтэй болох вэ? Үүнийгээ л өөрөөсөө асуу. Одоо байгаа орлогоо харвал олон жил зарцуулна. Гэхдээ тууштай байж чадвал 100 сая төгрөгийг олох хугацаа болон 100 сая төгрөгөө 200 сая төгрөг болгох хугацаа хоёр асар зөрүүтэй байна. Чадвар дээшлэхийн хэрээр орлого чинь дээшилнэ.
Нэргүй 2025-04-29 202.9.40.207
Нам төр хулгай шааж бүгдийг хулгайлсн түрүүний бөөс хулгайч х***а манж хог шаарууд зовлнгүй бга биз ард түмн чанга хэцүү бга аллгуур тайвн өх болмжгүй түрүүний бөөс х***а манж лаларуудыг үтр яаартай далд орулж нам төрийг гажиг х***а манж гайг-ч чөлөөл цэврлх ёстой.