Өмнөд Солонгосын эдийн засагт тарьсан эрх баригчдын балаг

Өмнөд Солонгосын эдийн засагт тарьсан эрх баригчдын балаг

Өмнөд Солонгосын эдийн засагт тарьсан эрх баригчдын балаг

Өмнөд Солонгос улс багагүй хугацаанд үргэлжилсэн улс төрийн тогтворгүйтэл болон Трампийн тарифын заналхийллээс үүдэлтэйгээр эдийн засгийн доройтолд ороод байна. Тодруулбал, Солонгосын банк өнгөрсөн Пүрэв гаригт /2025.04.24/ эдийн засгийн үзүүлэлтээ танилцуулжээ. Энэ оны эхний улиралд эдийн засаг 0.2 хувиар өснө гэж Солонгосын банк таамаглаж байсан ч санаснаар болсонгүй.

Харин ч өмнөх улирлаас 0.2 хувиар буурч, эсрэг үр дүн үзүүлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг мөн тэмдэглүүштэй.

Солонгосын банкны Үндэсний дансны статистикийн газрын дарга Ли Дун Вон хэлэхдээ "Дотоодын улс төрд удаан үргэлжилсэн тодорхой бус байдал болон АНУ-ын тарифын бодлогод орсон өөрчлөлт нь худалдааны орчны тодорхойгүй байдлыг улам хурцатгаж, хэрэглэгчдийн болон хөрөнгө оруулалтын сэргэлтийг удаашруулж байна" гэжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2 хувиар буурснаас хойш анх удаагаа буурсан нь энэ удаагийнх байв. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хүлээлтээс доогуур байгаа нь Азийн дөрөв дэх том эдийн засаг 2025 оны 1.5 хувийн өсөлтийн таамаглалдаа хүрэхгүй нь үү гэх болгоомжлолыг төрүүлж байна. Мөн Солонгосын банк зээлийн хүүгээ дахин бууруулах магадлал өндөр байна.

Өмнөд Солонгосын эдийн засаг хагас дамжуулагч болон автомашины экспортоос ихээхэн хамааралтай байдаг.

Гэвч эдгээр салбар тарифын аюултай тулгараад буй тул тус улсын эдийн засаг, худалдааны томоохон бодлого боловсруулагчид Вашингтонд айлчилж байна. Пүрэв гаригт танилцуулсан тайланд АНУ-ын урьдчилан таамаглах аргагүй тарифын арга хэмжээний сөрөг үр дагавар хараахан тусгагдаагүй байгаа аж.

Эдийн засгийн үзүүлэлтийг салбараар нь авч үзвэл: 

Хүмүүсийн хувийн хэрэглээний зардал өмнөх улиралтай харьцуулахад 0.1 хувиар буурчээ. Энэ нь хүмүүс зугаа цэнгэл, эрүүл мэндийн үйлчилгээнд бага мөнгө зарцуулдаг болсонтой холбоотой.

Засгийн газрын зарцуулалт мөн 0.1 хувиар буурсан. Энэ нь засгийн газар эрүүл мэндийн даатгалын тэтгэмжид бага мөнгө зарцуулсантай холбоотой.

Барилгын салбарын хөрөнгө оруулалт 3.2 хувиар буурсан. Тэр дундаа барилга байгууламж барихад чиглэсэн хөрөнгө оруулалт хамгийн ихээр буурчээ. Энэ нь 2021 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн огцом бууралт болж байна.

Харин тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 2.1 хувиар буурчээ. Голлох хөрөнгийг чип үйлдвэрлэх төхөөрөмж зэрэг машин механизмд оруулсан байна.

Химийн бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмжийн эрэлт суларсныг дагалдаад экспорт 1.1 хувиар буурчээ. Импорт мөн 2.0 хувиар буурсан нь түүхий нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой.

Үндсэндээ энэ оны эдийн засгийн өсөлтийг таамаглахад амаргүй байгааг Солонгосын банк хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч хоёрдугаар улиралд дотоодын эрэлт сэргэж, өсөлтөд нөлөөлнө гэж найдаж байна. Учир нь дотоодын улс төрийн тодорхойгүй байдал нэг үеэ бодвол намжсан. Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш жишиг хүүг 0.75 нэгж хувиар бууруулсан нь өсөлтөд нөлөөлнө гэж үзэж байна.

Хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь гэж таамаглаад буй. Өснө гэх найдлага байгаа ч таамагласан 0.8 хувьд хүрэхгүй гэж Солонгосын банк мэдэгдэв. Учир нь нэгдүгээр улиралтай харьцуулахад дотоодын эрэлт сэргэх төлөвтэй байгаа ч энэ нь экспортын доройтлыг нөхөх хэмжээнд хүрэхгүй байгаа аж.

Хоёрдугаар улирлын өсөлтөд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл нь удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор засгийн газрын зарцуулалт нэмэгдэх нь баараггүй юм.

Засгийн газар 12 их наяд вон буюу 8.4 тэрбум ам.долларын өртөг бүхий төсвийн тодотголын төслийг Үндэсний ассамблейд өргөн бариад буй.

Энэ мэтчилэн ирэх улиралд харьцангуй эерэг төлөв ажиглагдаж байгаа ч дэлхийн байгууллагууд Өмнөд Солонгосын эдийн засгийн талаарх төсөөллөө улам бууруулж байна. Тухайлбал, "JP Morgan" банк өнгөрсөн долоо хоногт 2025 оны Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 0.7 хувиас 0.5 болгон бууруулжээ. "JP Morgan"-ы эдийн засагч Пак Сок Гилийн хэлснээр тус улсын бодит экспортын хэмжээ улирал тутамд буурах төлөвтэй байгаа аж.

Харин Олон улсын валютын сан өсөлтийн таамаглалаа 2.0 хувиас 1.0 хувь болгов. Азийн хөгжлийн банк мөн 2.0 хувиас 1.5 руу бууруулжээ.

Дэлхийн хэмжээнд үүсээд буй эдийн засгийн тогтворгүй байдлыг "Citi"-ийн эдийн засагч Ким Жин Вүк "их салхи" гэж нэрлэжээ. Түүний хэлснээр АНУ-ын татвар Өмнөд Солонгост шууд болон шууд бусаар нөлөөлнө. Тодруулбал, АНУ-аас бусад улс оронд ногдуулж буй татвар БНСУ-д шууд бусаар нөлөөлнө гэсэн үг. Үүний жишээ болгож тэрбээр Вьетнам дахь хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, Канадын автомашин, электрон барааны үйлдвэрлэлийг дурджээ.

Сүүлийн үед болж буй үйл явдлуудыг харгалзан үзвэл Солонгосын банк 1.5 хувийн таамаглалаа бууруулж магадгүй юм. Тус банкны ерөнхийлөгч Ри Чан Ён энэ сарын 17-нд мэдээлэл өгөхдөө хоёрдугаар сард гаргасан таамаглалаа хэт өөдрөг гэж тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж