Хуурамч мэдээ мэдээлэл өнөө цагт хурдацтай тархаж, үр дагавар нь бодитоор биеллээ олж буй. Тухайлбал, хуурамч мэдээлэл нь сонгуулийн үр дүнд нөлөөлж, улс төрийн хэлэлцээг саатуулж, олон нийтийн итгэлийг эвдэж болзошгүй. Тиймээс иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх тэмцэлд нэгэн улс онцгойрон гарч иржээ. Энэ нь Финланд улс юм. Иргэдээ худал үнэнийг ялгах арга ухаанд Нордикийн тус улс сургаж, олон улсад үлгэр жишээ болж байна. Финланд улс хэвлэл мэдээллийн боловсролд ихээхэн хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч эхэлжээ. Учир нь тус улс иргэд нь хуурамч мэдээлэлд автахгүй байх чадвараар дэлхийн 40 гаруй орныг үнэлсэн индекст долоо дахь жилдээ тэргүүлж буй.
ХҮҮХЭД БАЙХААСАА ЭХЛЭН СУРАЛЦДАГ
Саяхан Хельсинки хотын нэгэн хэвлэл мэдээллийн музейд 10, 11 настай хүүхдүүд өнөөгийн мэдээллийн орчинд хэрхэн зөв дүгнэлт хийж, ялгаж чадах талаар сургалтад хамрагджээ. Энэхүү арга ухаанд зааж сургах хүн нь хэвлэл мэдээллийн ажилтан байх бөгөөд цахим орчинд тааралдах мэдээллийн урсгалыг хэрхэн дүгнэж, шүүмжлэлтэйгээр хандахыг ярьж өгсөн байна. Жишээлбэл, хичээлийн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баривчлагдаж буй мэт бодитоор дүрслэгдсэн зургийг харуулжээ. Зарим нэг сурагчдад уг зураг нь яг л бодит мэт харагдаж байснаа нуугаагүй байна.
Зургийг харуулсны дараа хичээл заах сэтгүүлч хүүхдүүдэд хандаж, "Хамгийн эхэнд эх сурвалж байгаа юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн эдгээр зурагт ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаж байгаа эсэхийг анзаарч, нягтлах хэрэгтэй" гэв.
Сурагчдын нэг нь Трамп яагаад бороохой барьсан байгааг гайхаж байсан бол өөр нэгэн сурагч эдгээр зургуудыг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж болохыг бусдадаа анхааруулжээ. Улмаар сурагчид сайтар зургийг ажиглаж, эх сурвалжгүй байгааг нь тогтоож, Трампийн зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоож, бататгасан юм. Хичээлийн төгсгөлд хүмүүс шинэ мэдээлэлтэй таарах бүртээ түр азнаж, сайтар нягталж, үнэн эсэхийг шалгасны дараа бусадтай хуваалцах хэрэгтэй гэдгийг сэтгүүлч онцлон тэмдэглэсэн байна. Финланд улс хэвлэл мэдээллийн боловсролд анхаардаг болсон нь шинэ зүйл биш юм.
Тус улс 1970-аад онд уг хичээлийг үндэсний сургалтын хөтөлбөртөө нэмсэн байдаг.
Хүүхдүүд өсвөр насанд хүрэх үедээ мэдээллийн эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, хэвлэл мэдээлэл нийгэмд хэрхэн нөлөөлдгийг шинжлэх ур чадварыг эзэмшсэн байдаг аж.
КРЕМЛИЙН ЦАХИМ ДОВТОЛГОО
Финланд улс Оростой 1300 километр гаруй газар нутгаар хиллэдэг. Энэ нь зөвхөн цэргийн хурцадмал байдал төдийгүй мэдээллийн дайн өрнөх боломжтойг илтгэдэг байна. Финланд 2023 онд НАТО-д элсэхийн өмнөхөн Оросоос үүдэлтэй хуурамч мэдээллийн давалгаанд өртжээ. Энэ талаар Финландын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Орос улс 2022 онд Украинд халдсаны дараа "Doppelgänger" нэртэй ажиллагаа эхлүүлсэн. Уг ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээлэлд нөлөөлөх зорилгоор мэдээллийн болон төрийн байгууллагуудын вэбсайтыг дуурайлган хуурамч цахим хуудас үүсгэсэн байв.
Тухайн үед Европ даяар 700 гаруй ийм төрлийн хуурамч сайт үүсч, арван мянган мянга гаруй олон нийтийг төөрөгдүүлсэн нийтлэл нийтлэгдэж байжээ.
Финландын Үндэсний онцгой байдлын нөөцийн агентлаг энэ төрлийн мэдээллийн дайралтыг эсэргүүцэж, няцаахын тулд мэдээллийн үнэн зөвийг биш, харин үүнийг тарааж буй цахим хаяг, эх сурвалжийг жинхэнэ эсэхэд төвлөрсөн систем ашиглаж байна. Тус агентлагийн мэдээлснээр, хуурамч мэдээлэл ихэвчлэн хуурамч цахим хаяг, тэр дундаа худал түүхийг олны анхааралд хүргэх зорилготой автоматажсан профайлууд, ботууд ашиглан тараагддаг аж.
Үүнийг эсэргүүцэж, няцаахын тулд Финланд хуурамч үйл ажиллагааг илрүүлэх чадвартай алгоритм ашигладаг.
Уг алгоритм сэжигтэй цахим хаяг, дансыг илрүүлэн мэдэгдэл хүргэх үед эрх баригчид олон нийтэд анхааруулга гаргаж, нийгмийн сүлжээний платформуудад тэдгээр хаяг, дансыг устгах хүсэлт хүргэдэг байна. Үндэсний онцгой байдлын нөөцийн агентлагийн мэдээлснээр, энэхүү систем нь Финландын мэдээллийн орчныг гадаад оролцооноос, тэр дундаа Оросын нөлөөнөөс хамгаалах чухал хэрэгсэл болсон байна.
СУРТАЛ УХУУЛГЫН ЗОРИЛГЫГ НЭГТГЭН ОЙЛГОХ НЬ
Хитотсубаши Их сургуулийн олон улсын улс төрийн мэргэжилтэн профессор Ичихара Майкогийн хэлснээр, "Орос улс их хэмжээний хуурамч мэдээлэл үйлдвэрлэж, түгээдэг. Эдгээр хуурамч мэдээллүүд нь тус тусдаа мэт боловч нэг том хэрэгсэл юм. Хэрэв ажиглах юм бол тодорхой нэгэн утгыг илэрхийлнэ. Гол асуулт нь тэд ямар утгыг илэрхийлэхийг, дамжуулахыг оролдож байгааг мэдэж авах хэрэгтэй. Мөн яагаад гэдэг заавал нягталж, шалгах нь зөв юм. Тиймээс бид хүмүүст энэ мэт үйл ажиллагааны зорилгыг таньж мэдэх чадварыг зааж өгөх хэрэгтэй" гэжээ.
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.216.146
Энэ сэтгүүлч ёстой нэг холион бантан хийх юм даа. Финланд улс хуурамч мэдээлэл. Тараадаг маягийн гарчиг өгснөө эргээд нэг бод доо..
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.168.8
Финландын хуурамч мэдээлэл гэж юу байдаг юм?
Гадаад хүн бичээд байга юм уу хаашаа юм?