Сурвалжлага: Иргэд стрессээ тайлахын тулд ууланд алхдаг

Сурвалжлага: Иргэд стрессээ тайлахын тулд ууланд алхдаг

Сурвалжлага: Иргэд стрессээ тайлахын тулд ууланд алхдаг

Хаврын салхи зөөлөн сэвэлзэж, уулын орчин нам гүм, тайван мэдрэмж төрүүлнэ. Богдхан уул Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд агаарт гарах, амрах, стрессээ тайлах боломжтой их хөлийн газар болсон. Зуны улиралд, амралтын өдрүүдэд 3000-4000 хүн, өвлийн улиралд 1000-2000 хүн Цэцээ гүн рүү алхдаг аж.  Харин ажлын өдрүүдэд уул руу алхах хүний тоо эрс цөөрдөг бололтой.

Ням гаригийн өдрийн 12:00 цаг. Зайсан-Дугуй цагаан чиглэлийг заасан замаар алхаж буй хүмүүсийн цуваа үл тасарна. Цаг агаар тогтуун алхахад таатай байх агаад уул өөд мацах хүмүүс элдвийг хуучлах нь чихэнд сонсогдоно. Амарч, алхахаар ирсэн иргэд газар тухлан сууж гэрээсээ бэлдэж ирсэн цай, хөнгөн зуушаа идэж байв. Иргэд ихэвчлэн хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө ууланд иржээ. Хүмүүсийг ажиглахад ууланд тогтмол алхдаг хүмүүсийг хувцас хэрэглэл мэдээж өөр харагдана. Мэргэжлийн буюу ууланд тогтмол алхдаг хүмүүс  ихэвчлэн өглөө эрт ирдэг бололтой.

Гуч орчим настай болов уу гэмээр цайвар өнгийн бэлтгэлийн хувцас, саравчтай малгай өмссөн эмэгтэй охиноо хөтлөн дээшээ мацна. Тэд хотын төвөөс таксигаар ирсэн аж. "Өнгөрсөн жилээс хойш долоо хоног бүр амралтын өдрүүдээр уул руу алхдаг болсон. Хөл хөдөлгөөн багатай, агаар нь цэвэр. Бас охин маань дэлгэцийн хэрэглээнээс бага ч гэсэн холддог" гэж бүсгүй ярилаа.

Мөн ууланд алхсанаар охин нь анх удаа шувууны дуу сонсож, түүнээс хойш сардаа нэг удаа ээжтэйгээ хамт ууланд алхах болжээ.

Тэдний ард үе тэнгийн дөрвөн залуу хоорондоо хөгжилдөн, инээлдсээр алхаж байв. Тэд МУИС-ийн оюутнууд бөгөөд стрессээ тайлах зорилгоор уул руу гардаг болжээ. Завгүй амьдралын хэмнэл, шахуу хичээлийн хөтөлбөр нь залуусыг зарим талаараа стресст оруулдаг нь эргэлзээгүй. "Улаанбаатарын дуу чимээ, агаарын бохирдол, хичээл гээд заримдаа сэтгэл маш дарамттай болдог. Харин энд ирэхэд яг л бүх юм тайлагдаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ууланд ганцаараа алхах нь бясалгал шиг байдаг" гэж нэгдүгээр курсийн оюутан А.Энхжин хэлэв.

Цааш өгсөхөд уулын хормойн цас хайлж, зам ус шалбаагт автсан байв. Гэсэн ч зэргэлдээ шинэхэн жим гарсан байх бөгөөд нэг байгууллагын ажилчид бололтой найман хүн цувран алхах аж.

Битүү орчинд ихэнх цагаа өнгөрүүлдэг оффисын ажилчид амралтын өдрөөр хамт олноороо ууланд алхахыг нийгмийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлох болжээ.

Энэ талаар орон сууцны менежерээр ажилладаг 34 настай Б.Тамир ярихдаа "Өдөр бүрийн амьдрал маань маш их ачаалалтай, ажлын стресс ч их байдаг. Тиймээс Богд уул руу алхах нь амьдралын хэмнэлд түр ч гэсэн амралт өгдөг. Ялангуяа ууланд алхаж байхдаа хамт олон, найз нөхөдтэйгөө илүү ойртож, сэтгэл санаагаа тайвшруулах боломж олддог. Манай хамт олны хувьд байгууллагат шинэ ажилтан орох болгонд хамтдаа ууланд алхах юм уу ойрхон салхинд гардаг уламжлалтай. Үүнээс үүдэн илүү санаа нийлсэн хүмүүстэйгээ амралтын өдрөөр тогтмол ууланд алхахыг эрмэлздэг болсон. Бидний хооронд илүү эерэг харилцаа үүссэн гэж боддог. Ажлын ачаалал, нийгмийн янз бүрийн асуудлаас салж, хоорондоо ярилцаж, туршлагаа хуваалцах нь хүний сэтгэл санаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Зөвхөн биеийн эрүүл мэнд талаасаа биш хүмүүсийг сэтгэл санааны хувьд сэргээж, бие биеэ ойлгох гүүр болж чаддаг" гэлээ.

Түүний хэлснээр бол ууланд алхах нь хамт олны харилцааг илүү гүнзгийрүүлж, эерэг нөлөө үзүүлдэг аж.

Тус байгууллагат хоёр дах жилдээ ажиллаж буй 28 настай Ц.Наранцэцэг "Хамт олонтойгоо цуг ууланд алхаж байхдаа бидний хооронд илүү дотно харилцаа үүсч байгааг мэдэрсэн. Ажлын цагаар бид бүгдээрээ завгүй, ихэвчлэн ажилдаа л төвлөрч ажилладаг нь анзаарагдсан. Харин хамтдаа алхах үед бидний харилцаа илүү нээлттэй болж, сэтгэл зүй тайван болохоор ч тэр үү маш эерэг мэдрэмж төрдөг" гэв.

Сэтгэл зүйч А.Мөнхзул уулын орчны сэтгэл зүйн ач холбогдлыг тайлбарлахдаа хамт олны харилцаа, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар онцолсон юм. Тэрбээр "Ууланд алхах нь зөвхөн биеийн эрүүл мэндийг сайжруулдаггүй, харин сэтгэл зүйд илүү их ач холбогдолтой. Хүмүүс байгалийн орчинд байх үед сэтгэл санаа нь тайвширч, олон асуудлаас чөлөөлөгддөг. Хамт олноороо ууланд алхах нь бие биенээ ойлгох, хамтдаа ярилцах, харилцаагаа хөгжүүлэх боломжийг олгодог. Энэ нь амьдралын бусад салбарт ч эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд хамт олныг нэгтгэх, ойлголцол бий болгох боломжийг нээдэг.

Уулын замаар хамт алхах нь хүмүүсийн хоорондох харилцааг илүү дотно, эерэг болгож, хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Ууланд алхах нь зөвхөн биеийн хөдөлгөөн төдийгүй, сэтгэл санааг сэргээж, хүмүүсийг нэг зорилготой болгож, илүү ойртуулдаг" гэлээ. Үүнээс харахад ажлын өдрүүдийн дараа уул руу алхах нь зөвхөн биеийн амралт бус, сэтгэлийн тайвшрал, амьдралын шинэ хүрээг мэдрэх боломжийг олгож байна.

Уулын зам руу өнөөдрийн байдлаар Ч:72 буюу "Богдхан амралт-Төв номын сан-МУБИС-Хөгжим бүжгийн коллеж" чиглэлийн дунд оврын гурван автобус 18 минутын зайтай явж байна. Статистик мэдээнээс харвал тус чиглэлд арав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 5000 орчим иргэн үйлчлүүлдэг байна. Түүнчлэн амралтын өдрөөр Зайсангийн ам руу явах зорчигчдын тоо даруй хоёр дахин нэмэгддэг. Иргэд анх тус чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх нь бага байсан бол одоо байнгын тогтмол зорчигчидтой болсон учраас иргэд автобусны тоог нэмэх санал хүсэлтийг Нийслэлийн нийтийн тээврийн газарт тогтмол ирүүлдэг болжээ.

Хэрэв та амралтын өдөр болон чөлөөт цагаараа эрүүл агаарт гарч, гэр бүлээрээ ууланд аялах төлөвлөгөөтэй байгаа бол өөрийн аюулгүй байдлыг хангах, хальтиргаанаас сэргийлж, батлагдсан  маршрутын дагуу аялж, өөр зам жим үүсгэхгүй байхад анхаарах нь чухал байна. Мөн аялах үеэрээ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйлдэл хийж болохгүйгээс гадна Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж явахгүй байх, зөвшөөрөгдсөнөөс бусад цэгт буудаллаж, ил задгай гал түлэх нь хориотой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алхагч 8 цагийн өмнө 112.203.231.63

Дархан цаазат Богд ууланд мотоциклтой залуус уулын явган хүний замыг эвдэж, ёстой урж өгч байгаа бас ан амьтан айлгаж үргээдэг. Ийм байдал үргэлжилсээр удаж бна даа. Манайхаас өөр газар бол аль хэзээ торгуулаад, эрхээ хасуулаад хаширсан байгаа. Ядаж хориглох тэмдэг энтр тавиасай.

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.87.54

хэн стресст гэсэн юм. идэх талхаа яаж олоё гэхээс илүү хатанбулаг ын хонь уранд хордсон талаар өдөр шөнөгүй шаналж мэдрэл нь муудаж байхав

Avatar

Хүнээсээ Хамаарах Орчин 2025-04-28 202.126.89.153

Зөвхөн Хөдөө Гадаад, Уул уснаас тайвширал хайх бус Бид Ажил Амьдралын ИХЭНХ цагаа өнгөрүүлдэг Ажлын Орчин, Хот доторхи Амьдралын орчин. Гудамж, Зам талбай, Орц гарц гээд Хот доторооо Өөрсдөө Тав Тухтай Аюулгүй Цэвэр ОРчин бүрдүүлж Хүн Шиг ажиллаж Хүн шиг амьдарч сайхан байцгааж сурмаар бндаа…. Хорвоогийн Хаана ч Хүнээсээ л Хамаардаг орчлон хойно, Хорвоогийн хаана ч ямар л хүмүүс бна тэдгээр хүмүүс шиг нь ОРчин бүрдэж байдаг хойно.

Avatar

ХҮН 2025-04-28 202.126.88.183

tenuulchid

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.113.28

SEKSEER VANXANDI BOOW XXOOD ANUSDNA80955877

Avatar

Нэргүй 2025-04-28 202.55.191.130

Амралтын өдрүүдээр зайсангийн амруу очиж, буцах гэж 2-3 цаг түгжирч байна лээ. Түгжирч түгжирч очтол дээр нь зогсоол нь хүрэлцээ муутай. Бүтэхгүй юм байна лээ. Ядаж байхад туулын гүүрний нэг талын урсгал нь хаалттай bottleneck. Ямар ч дуусдаггүй удаан ажил хийдэг. Япончууд бол 7 хоногт л дуусгачихсан байгаа.

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.185.176

Израйлчууд бол 7 секундэд л бөмбөгдчихсөн байгаа.

Avatar

Нэргүй 2025-04-28 59.153.87.54

тийшээ битгий явж бай. зүгээр л зайсангийн автобусанд сууж очоод хажуу уул руу алх.. тэнэг хүн л дугуй цагаан зүглэдэг

Avatar

Bold o 2025-04-28 211.235.97.123

бие засах 00 байгаа юу.

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.177.114

өөрөө ууланд явангаа үзчих

Avatar

Нэргүй 2025-04-28 66.181.177.83

Уул модонд морь харахгүй юм бол ууланд алхаж яадаг юм

Avatar

Ха ха 2025-04-28 59.153.87.54

сүр гарууд био жорлон үүрээд явдаг гэсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж