Коби Брайантын "NBA"-д дебют хийхдээ өмсч байсан өмсгөлийг долоон сая ам.доллараар дуудлагаар худалдах болжээ. "Sotheby’s" дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, "Лос Анжелес Лэйкерс" багийн домогт тоглогчтой холбоотой эд зүйлс дундаас уг өмсгөлийн үнэ дээд амжилт тогтоож байна. Брайантын 2007-08 оны улиралд өмсч байсан, гарын үсэгтэй өмсгөл өмнө нь 5.85 сая ам.доллараар зарагдаж байжээ. Тус өмсгөлийг өмссөн жилээ Брайант "NBA"-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогч гэсэн шагналыг авч байв.
Энэ удаад дээд амжилт тогтоосон өмсгөлийг Брайант 1996-97 оны улирлын тоглолтоор өмсч байсныг гэрэл зургаас харах боломжтой. 18 настай Брайант тэр үед 8 дугаартай алдарт шар өмсгөлтэйгөө улирлын өмнөх дебют, улирал болон бусад дөрвөн ч тоглолтод оролцжээ.
"Энэ өмсгөл тамирчны карьерын эхлэлийг илэрхийлнэ. Цорын ганц үнэт эрдэнэс хайж буй цуглуулагчдын хувьд энэ бол сагсан бөмбөгийн түүхийн гайхалтай хэсгийг өөрийн болгох алдаж боломгүй боломж. Дебют тоглолт гэдэг бол тамирчин бүрийн карьерын туршид ганц л тохиох зүйл" гэж "Sotheby’s"-ийн Орчин үеийн цуглуулгын хэсгийн дарга Брам Уотчер хэлжээ.
Коби Брайантын өмсгөл спортын түүхэнд дөрөв дэх өндөр үнэтэй өмсгөл болж байна. Хамгийн өндөр үнээр дуудлагаар зарагдсан өмсгөл нь Бэйб Рутынх байсан бөгөөд 24 сая ам.доллараар зарагдсан. Харин Майкл Жорданы 1998 оны "NBA"-ын финалд өмсч байсан өмсгөл 10.1 саяар, Диего Марадонагийн 1986 оны ДАШТ-ээр өмссөн өмсгөл 9.3 сая ам.доллараар тус тус зарагдаж байжээ.
Холбоотой мэдээ