Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Б.Баярт-Од нь монгол зургийг орчин үеийн шинэлэг арга барил, шинэ санаа, үндэсний уламжлалыг хослуулсан олон зуун бүтээлийг туурвиж, монгол зургийг дэлхий дахинаа таниулах, монгол зургийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зураач юм. Тэрбээр уран бүтээлийнхээ үзэсгэлэнг оюутан байх цагаасаа буюу 1993 онд Франц Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноор эхэлж, улмаар 1994-2024 онд Улаанбаатар хотноо зохиогддог шилдэг бүтээлийн "Хавар", "Намар" уран бүтээлийн үзэсгэлэн, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн, бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 1995, 1997, 1999, 2000, 2002, 2004, 2011, 2013, 2015, 2016, 2019, 2020, 2021, 2022, 2023 онд Монголын Уран зургийн галерей, Дүрслэх урлагийн музей, Хаан галерей, Алтан хаан галерей, 2023 онд "Art of UB" галерейд гаргаж, эртний болон өнөөгийн нүүдэлчин монголчуудын аж амьдрал, ёс заншлыг монгол зургийн аргаар дүрсэлсэн бүтээлүүдээ үзэгч олны хүртээл болгож, мэргэжлийн байгууллага, салбарынхан болон үзэгчдээс өндөр үнэлгээ байнга авч байсан.
Тэрбээр нүүдэлчин монголчуудын онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн аж амьдрал, ахуй соёл, зан заншлыг давтагдашгүй содон өнцгөөс харуулсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Франц, Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, Бельги, Япон, Австри зэрэг улсад гаргаж монголын түүх, соёл, ахуй, монгол орноо сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний бүтээлүүд дотоод, гадаадын олон уран зураг сонирхогчид болон үндэсний галерей, санд хадгалагдаж байна.
Онцолбол, Франц Улсын Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд монгол ахуй, амьдрал, үндэсний соёлыг харуулсан “Баян монгол” /136х188 см/ бүтээл хадгалагдаж монгол зургийн гайхамшгийг дэлхийн хүмүүст таниулж байна.
Энэхүү бүтээлийн тухай Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн, Чингис хаан одонт Жак Уэтерфорд ЮНЕСКО-гийн 75 жилийн ойд зориулан хэвлэгдсэн “UNESCO Art collection selected works” номд “…1970 онд төрсөн Баярт-Од 2002 онд дөнгөж гучхан настайдаа Монгол Улсаа төлөөлөн ЮНЕСКО-д зориулан уран зургаа бүтээхээр шалгарсан юм. Энэ залуу, XXI зууны уран бүтээлч хэдий ч XX зууны уламжлалт хэв маягийг сонгон, тухайн үеийн маягаар зурж, уламжлалт монгол бичгээр гарын үсгээ зуржээ. Тэрээр мөн зотон, торго, арьс, металл зэрэг төрөл бүрийн материал ашиглан бүтээлээ турвидаг. Баярт-Од хэзээд гаднын нөлөөнөөс ангид, уламжлалт соёлоосоо гажилгүй тууштай уран бүтээлээ хийдэг залуу. Цэвэр монгол. Уран бүтээлчийн өвөрмөц, бүтээлч мэдрэмжийг түүний “Баян Монгол” бүтээл нь тодхон харуулна…” гээд “…Баярт-Од монгол амьдралын төвд ямар нэгэн ариун зүйл оршдог болохыг дүрслэн харуулжээ. Гэхдээ, төв хэсэг нь тэр чигтээ хоосон чанар, учир нь энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй бурханлаг хэмжээс юм. Баярт-Одын "Баян Монгол" бүтээл нь монгол амьдралын сүнслэг баялгийг илэрхийлдэг бөгөөд өдөр тутмын үйл явдал нь түүний тусгал юм. Монгол Улс, Монгол үндэстний баялаг нь материаллаг зүйл, эсвэл ашиг шимийг нь хүртэж явдаг таван хошуу мал биш юмаа. Баялаг нь монгол сэтгэл зүрхэнд оршино.” гэж дүгнэжээ.
Б.Баярт-Од нь монгол зургийн уламжлалт өвөрмөц онцлогийг хадгалан шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан нь дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрх, чиг хандлагыг монгол зургийн салбарт бий болгож, нүүдэлчдийн амьдрал, уламжлалт монгол ахуй, байгаль, ан амьтан, монгол хүн, монгол соёлыг өвөрмөц донж, төрхтэй дүрслэлээр, хөдөлгөөнтэй, алслалтай, өөрийн өвөрмөц арга барилаар зурдаг зураач билээ.
Энэ удаагийн үзэсгэлэндээ метал, торго, зотон, модон дээр урлан бүтээсэн “Шинэ өглөө”,“Жаргалтай наран”, “Талын өглөө”,“Монгол наадам”, “Ертөнцийн анир”,“Тэнгэрийн заяа”,“Миний нар”,“Өндөр ээж”,“Эртний сайхан”,“Заяаны хэлхээ”,“Сэрүүн сайхан”, “Эмээ”,“Дуулал”, “Миний аав, ээж, би”, “Шинэ өглөө”, “Хүү”,“Нүүдэлчин” зэрэг шинэ бүтээлүүдээр үзэгч олонд өргөн барьж байна.
Холбоотой мэдээ