Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.04.25/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-д 2025 оны хоёрдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 24-ний хооронд улаанбурхан өвчний батлагдсан 800 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 570 хүн нь эдгэрсэн бол тав нь тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн. Өвчлөлийн тохиолдлыг авч үзэхэд, Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын 77 хувь нь лабораторийн шинжилгээ, PCR болон эмнэл зүйгээр баталсан байна.
Газар зүйн байршлын хувьд Баянхонгор, Өмнөговь аймагт 177, Дундговь аймагт 90 тохиолдол, Хэнтий аймагт зургаа, Улаанбаатарт 497, Төв аймагт 7, Архангай аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн.
ХӨСҮТ-д 168 тохиолдол, Дундговь аймагт тав, Хэнтий аймагт эмнэлэгт хэвтэж байгаа хүн байхгүй, Өмнөговьд зургаа, Баянхонгор аймагт 11, Төв аймагт гурван тохиолдол тусгаарлагдан эмчлүүлж байна. Дийлэнх нь 10-14 насныхан байгаа ч вакцинд хамрагдах болоогүй нэгээс доош насныхны өвчлөл анхаарал татаж байна. Тиймээс энэ хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байдаг. Ойрын хавьтлуудын 85.2 хувьд хариу арга хэмжээ авч, вакцинд хамруулсан. Голомтын 72 цагийн вакцинжуулалтад 3727 хүнийг хамруулсан. Тандалт судалгаа зэрэгцэн хийж байгаа. Улаанбурхан өвчний вакцинжуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд хийж байна. Хэрвээ таны хүүхэд есөн сартай, хоёр настайдаа товлолт вакцинаасаа хоцорсон бол заавал нөхөж үнэ төлбөргүй хийлгэх шаардлагатайг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
ХӨСҮТ-д өнөөдөр 168 хүн байгаагийн 90 гаруй хувь нь хүүхдүүд байна. Агаар дуслаар халдварлаж, амьсгалын замын эрхтэн гэмтэн, арьсан дээр тууралт гардаг эмнэл зүйн онцлог шинжтэй өвчин.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:
-Сургуулийн насныхан энэ халдварт өртөж байгаа учраас сургуулийн зүгээс вакцинаа хийлгэсэн эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдээ идэвхтэй хамруулах шаардлагатай байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байна. Голомтод дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй 38 сургуулийн 34 хувь нь буюу 13 сургууль халдварыг таслан зогсоосон. Голомтлон бүртгэгдсэн 18 сургууль байгаагаас 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтад 72 цагийн дотор хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байдаг. Аль нэг сургуульд халдвар гарсан бол нэн даруй хариу арга хэмжээг авах нь зүйтэй. Нийт 18 цэцэрлэг дээр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 12 цэцэрлэгт голомт хумигдсан байна. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгт халдвар бүртгэгдэж байна.
Халууралт, тууралт бүхий өвөрмөц халдвар учраас бага насны хүүхдүүдэд халууралт удаан буюу 5-6 хоног үргэлжилж байна. Харин тууралт эхлэхээс өмнө нүд улайж, нуух гарах, хамар битүүрэх, өвөрмөц тууралт дээрээс доошоо гардаг. Тухайн хүүхдийн хүндрэлийн зэргээр нь хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд гэж ангилдаг. Вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна. Улаанбурхан өвчний эмчлэх, оношлох сайдын тушаал сүүлд шинэчлэгдэн гарсан. Энэ өвчин хүндэрч хатгалгаа, уушги руу орж, нас барах өндөр эрсдэлтэй халдварт өвчин. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээнд долоо хоногт 4-8 хүүхэд хүндэрч хэвтэж байна. Нэн хүнд хүүхэд байхгүй. Улаанбурхан өвчний нэг, хоёр тунтай вакцин хийлгэсэн хүүхдүүд хөнгөн өвдөж байна.
Тандалтын албаны дэд захирал Э.Одмаа:
-ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг Өмнөговь аймгаас ирүүлсэн. Бид дөрөвдүгээр сарын 10-нд тэнд мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Эхний үед 548 хүн, дунд үед 970, сүүлд 802 хүн гээд олон хүн хордлогод өртсөн. Асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн нь 15-33 хувьд илэрсэн. Нийт 46 хувьд шинж тэмдэг илэрч, 74 хувийг шинжилгээнд хамруулж чадсан. Хоол хүнснээс нян илэрсэн байгаа. Өмнөговь аймгаас ХӨСҮТ-д 70, 119, 117 тохиолдол ирж хэвтэн эмчлүүлсэн бол ихэнх нь 20-30 насныхан байсан. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүүлд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.121
Монголын их эмч нар алуурчид юм байж, өөрсдийгөө ямар нүүрээрээ сурталчлаад байна вэ?
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.121
Эдгэрдэг өвчин тул юун сүйд болдог юм бэ0!
Нэргүй 2025-04-25 202.131.247.204
3 сарын 16-нд мэдээлэл ирж байхад 4 сарын 10-нд нэг юм хөдөлж дээ