"Motorola" компани өчигдөр/2025.04.24/ AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан шинэ "Razr" гэх эвхэгддэг утасныхаа загваруудыг танилцууллаа. Эдгээр утаснууд нь "Motorola"-ийн өөрийн хөгжүүлсэн AI технологи болон "Perplexity", "Meta", "Microsoft", "Google" зэрэг хэд хэдэн компанийн дэвшилтэт технологийг агуулж байгаа аж.
Дээрх гар утас зах зээлд танилцуулагдсантай зэрэгцэн "Google" компани шүүхэд дуудагдаад байна. Учир нь тус компанийн хайлтын систем зах зээлд хэт давуу байр суурь эзэлдэг гэж буруутгажээ. "Android" үйлдлийн системтэй ухаалаг гар утсан дээр "Google"-ийн хайлтын систем ганцаараа монополь байх нөхцөл бүрдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, бусад хайлтын систем ашиглах боломжийг "Аndroid" хэрэглэгчдэд олгодоггүй, хэт давуу байдлыг үүсгэсэн учир шүүхэд дуудагдав.
"Google" компанийг хиймэл оюун ухааны салбарт ч үүн шиг монополь байдал үүсгэж болзошгүй гэж үзэж байна.
Шинэ загварын "Razr", "Razr Plus" болон "Razr Ultra" утаснуудад "Perplexity"-ийн хиймэл оюун ухааны аппыг анх удаа суулгаж, ашиглажээ. "Perplexity" бол "Google" шиг хайлтын систем боловч хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгч хүссэн хариулт, мэдээллээ ямар ч саадгүй авах боломжтой гэнэ.
"Perplexity"-гийн гүйцэтгэх захирал Аравинд Сриинивас Лхагва гарагт болсон "Motorola"-ийн хэвлэлийн бага хурлын үеэр "Энэ бол ухаалаг гар утасны ирээдүйн хувьд том өдөр" гэж онцолжээ.
"Apple" болон "Samsung"-ийн адил "Motorola" шинэ утаснуудаа AI технологиор хүчирхэгжүүлж, эргэн тоглоомонд орж ирж байна. Гэхдээ зах зээлийнхээ хоёр том акултай харьцуулахад гол ялгаа нь "Motorola" хэд хэдэн компанийн AI модель, үйлчилгээг бүтээгдэхүүндээ нэвтрүүлжээ.
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд бусад компанийн дэвшилтэт технологийг бүтээгдэхүүндээ ашигласан тохиолдлууд цөөнгүй байдаг ч "Motorola" шиг дөрвөн өөр компанийн технологийг зэрэг багтаасан, ашигласан тохиолдол ховор гэнэ.
"Motorola"-гийн Хойд Америкийн бүс нутгийн бүтээгдэхүүний маркетингийн захирал Мариа Хосе Мартин “Бид хэрэглэгчдийн 30 орчим хувь нь дор хаяж дөрвөн өөр AI брэндийг гар утсан дээрээ ашиглаж байгааг олж мэдсэн” гэж CNN-д ярьжээ.
"Motorola"-гийн шинэ эвхэгддэг утаснууд нь дэлгэц дээр гарч буй мэдээллийг шинжилж, санал болгох болон мэдэгдлүүдийг хураангуйлах AI функцүүдтэй. Жишээлбэл, хэрэглэгч "Pinterest" дээр төрсөн өдрийн үдэшлэг хийх санаа хайж байвал, "Perplexity"-ийн технологиор ажилладаг “Next Move” функц тухайн зураг дээр үндэслэн урилгын загвар үүсгэж, санал болгоно.
"Razr Ultra" нь "Motorola"-ийн шинэ эвхэгддэг утасны хамгийн үнэтэй хувилбар бөгөөд хэрэглэгч гар утсандаа хүрэхгүйгээр, үг хэлэхгүйгээр зүгээр нүдээрээ харахад л AI туслахаа идэвхжүүлэх боломжтой. Энэ функц зөвхөн утсаа дэлгэсэн үед ажилладаг бөгөөд бүрэн хаасан үед ажиллахгүй.
"Google"-ийн хиймэл оюун ухаант "Gemini" туслагч мөн энэхүү утсанд бий. Хэрэглэгчийн аялахыг хүсч буй газар дээр тулгуурлан тус газар орны талаарх подкаст санал болгох эсвэл зургийн цомог дотроос хайлт хийх боломжийг олгожээ.
Мөн "Meta" компанийн "Llama AI" моделийг анх удаагаа гар утсанд суулгасан гэдгийг онцолсон. Энэхүү модель мэдэгдлүүдийг хураангуйлж өгнө. Түүнчлэн "Microsoft"-ийн "Copilot" хиймэл оюун ухаант туслах ч багтсан. Харин "OpenAI" компанийн "ChatGPT" багтаагүй аж.
"ChatGPT" яагаад багтаагүй талаар асуухад, "Motorola"-ийн Хойд Америкийн бүс нутгийн бүтээгдэхүүний багийн ахлах Аллисон Ии хариулахдаа компани нь өөрийн бүтээгдэхүүндээ хамгийн сайн зохицож ажиллах технологиудыг сонгосон гэлээ. "Perplexity" судалгаа хийх чадвараараа, "Microsoft Copilot" бүтээмж нэмэгдүүлэх талаараа онцлог гэнэ.
"Motorola"-ийн шинэ "Razr Ultra" утас нь "Perplexity", "Meta", "Microsoft" болон "Google"-ийн AI програм хангамжтайгаар хэрэглэгчдэд очно.
Одоогоор "Motorola"-гийн "Razr" утаснууд нь тансаг хэрэглээндээ тооцогдож буй. Үнийн тухайд "Razr Ultra" нь $1300 ам.доллар, "Razr Plus" нь $1000 ам.доллар, "Razr" нь $700 ам.долларын үнэтэй ажээ.
Гоё 11 цагийн өмнө 202.9.46.32
Зөв, xужаа утсыг л даврааж болохгүй юм шүү. Sony, LG эд нар яагаад брендээ унтуулаад сэрээхгүй байдаг юм бол.
Нэргүй 11 цагийн өмнө 202.179.26.34
yostoi goy utas bn