Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /2025.04.24/ ээлжит мэдээллээ хийлээ.
Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир:
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д хүргүүлсэн. Үндсэндээ зургаан бүлгийн хүрээнд илтгэлийг танилцуулсан. Цахим технологи цаг тутмын хэрэглээ болсон хэдий ч хүний эрхийн асуудлыг анхаарах ёстой байна. Бид 2023-2025 онд 10 салбарын 36 асуудлыг хамруулан явуулж, олон нийтийн хяналт шалгалтын урьдчилсан үр дүнд суурилан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд энэ бүлгийг боловсруулсан.
Нийт гурван хэсэгтэй. Нэгд, Монголд цахим хөгжлийн бодлого эрх зүйн орчин нь ямар байгаа вэ, цахим технологийн нэвтрэлт үндэсний хэмжээнд ямар байна, хүртээмж нь хэр байна вэ, иргэдийн ур чадвар, боловсролын түвшин ямар байгааг онцолсон.
Хоёрт, хуулийн байгууллагын камерын хяналтын нөхцөл байдал зорчих эрхийг хязгаарлах ял буюу цахим гав үүнээс гадна тагнах төхөөрөмжтэй холбоотой зохицуулалт, хүний эрхийн асуудал, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, нөхцөл байдал, ялгаварлан гадуурхалт хэр байна вэ гэдгийг авч үзсэн. Гуравт, УИХ-аас 2021 онд баталсан Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хийдэл, хэрэгжилт ямар байгааг авч үзсэн.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа:
-Нийт 10 орчим судалгаа дүн шинжилгээний ажил дээр суурилж, маш олон асуудлыг хамарсан. Сэдэв бүр нь тусгайлсан сэдэв болно. Өнгөрсөн 2010 оноос төрийн үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. ХЭҮК-ийн үндсэн дүгнэлтээр хэдийгээр цахим технологи Монголын Улсын хөгжилд чухал үүрэгтэй боловч хүний эрхийн маш өндөр эрсдэлтэй байна. Энэ эрсдэлээс хамгаалах бодлого, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй, эхлэл төдий байна гэж дүгнэсэн.
Жишээлбэл, олон нийтийн хэв журмыг сахиулах талаар камержуулалт чухал үүрэгтэй ч энд хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах, мөрдөх эрсдэлтэй.
Хууль сахиулах ажиллагаанд цахим гав хэрэглэж байгаа ч хүний эрхийн асуудлууд гарч байна. Мөн цахим хуваагдал бодитой байна. Хэдийгээр цахимжилт өндөр болсон боловч хөдөө орон нутгийн иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, орлого багатай иргэд ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй байна. Яагаад энэ асуудалд анхаарах ёстой вэ гэвэл байнга хувийн мэдээллийг цахим технологи хуримтлуулж, бүртгэлжүүлж байдаг. Хувийн мэдээлэл, нууцыг хамгаалахгүй боломж хомс болсноор ардчилсан орон зай хумигдах эрсдэлтэй. Хүний хувийн мэдээлэлд үндэслэсэн бизнес хамгийн өндөр ашигтай болж хөгжиж байна. Монгол Улс энэ нөхцөл байдалд бэлэн үү. НҮБ-тай энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд НҮБ-ын Хувийн мэдээллийн тусгай илтгэгч Монголд айлчилсан. Өөрийн мандатын хүрээнд ажиллаж байгаа боловч 2026 онд танилцуулах илтгэл, зөвлөмжид ХЭҮК-ын хийсэн судалгаа дүн шинжилгээний ажлууд тусгагдах юм.
Технологийн шинжээч Ө.Энхтөр:
-Хяналтын камерын судалгаа бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор суурилуулсан технологийг судалсан. Улсын хэмжээнд нийт 120 мянга гаруй камер суурилуулсан. Улсын төсвөөр 11 мянга гаруй камер байршуулж ашигладаг юм байна. Эдгээр камерууд нь эргээд хүний мэдээлэлтэй холбоотой эргэлзээтэй асуудлыг үүсгэж байна. Нөгөө талаасаа нийслэлийн хэмжээнд өндөр хүчин чадалтай камерын хяналтын нэгдсэн төвийг бий болгож байгаа. Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалт хангалтгүй байна. Камертай холбоотой зөрчил их гарч байна. Энэ камеруудыг хэн хариуцдаг вэ. Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нэгж, байгууллага байхгүй байна.
Холбоотой мэдээ