Мартагдашгүй танил: Кинонд тоглосны дараа бөх үзэж, барилдахаа больсон

Мартагдашгүй танил: Кинонд тоглосны дараа бөх үзэж, барилдахаа больсон

Мартагдашгүй танил: Кинонд тоглосны дараа бөх үзэж, барилдахаа больсон

"Арслан ч олон жил намайг амлаж, давсан. Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд баригддаг гэдэг. Арслан таны охин чинь эр болж төрсөн бол миний зодогноос атгаж үзэх байсан байх. Хойд насаа зөв залвал охин чинь бөх төрүүлж, миний хүүтэй гар зөрүүлж мэдэх юм" хэмээн Шөрмөс начин өгүүлнэ. Монгол бөхөө дээдэлдэг хүн бүрийн үзэх дуртай Монголын уран сайхны киноны нэг бол яах аргагүй "Хэлтгий заяа". Айлын ганц охин аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад Шөрмөс начин буюу “Шувуун толгойт”-ыг давдаг. Ард түмнийхээ сэтгэлд хоногшсон Борхүүгийн дүрийг 25 насандаа "Их монгол" үндэсний бөхийн дээд зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, доктор Ширнэндоржийн Долгор бүтээсэн. Энэхүү киноны зохиолыг улсын арслан М.Мөнгөн бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулан тавьж байсан бөгөөд киноны гол дүр болох Борхүүгийн дүрд тоглох эмэгтэй жүжигчнийг их удаан хайсны эцэст олсон гэдэг. Ширнэндоржийн Долгор тухайн үедээ санамсаргүй байдлаар залуу насаа дэлгэцэнд мөнхлөн үлдээсэн ч өдгөө монгол бөхтэй холбоотой судалгаа хийж байгаа нь хувь ерөөл гэлтэй. Тэртээ 33 жилийн өмнө “Хэлтгий заяа” уран сайхны киноны гол дүрд тоглосон түүнийг "Мартагдашгүй танил" буландаа урьж, ярилцлаа. 


"Хэлтгий заяа" уран сайхны киног улсын арслан М.Мөнгөн агсны амьдралаас сэдэвлэсэн гэж үнэн үү?

-Тийм ээ. Улсын арслан М.Мөнгөн цус харвачихсан хэвтэрт байхад нэг улсын начин гэрт нь очоод тавласан юм билээ. Кинон дээр гардаг Шөрмөс начин шиг тавлахгүй юу. Тухайн үедээ М.Мөнгөн арсланг хоёр охинтой, удам залгах хүүгүй гэж басамжилсан гэдэг. Тийм учраас улсын арслан маань бөхийн удам эмэгтэй хүнээр дамждаг юм гэдгийг уран сайхны киногоор ойлгуулахыг зорьсон хэрэг.

Эрт үеэс эмэгтэй хүн барилдаж байсан домог их байдаг.

Тэр домгоос сэдэвлэн кино зохиолын санаагаа гаргачихсан явж байгаад найруулагч Н.Ганхуягтай уулзаж, яг кино зохиол болгосон тухайгаа ярьж байсан юм. Би киноны зураг авалтын үеэр М.Мөнгөн арслангаас “Танд тэгж хэлсэн улсын начин хэн юм бэ” гэж асуухад тэр хүний нэрийг огт хэлдэггүй байсан. Тийм л жудагтай, сайхан монгол эр хүн байсан даа.

-Киноны гол дүрд Дархан аварга Х.Баянмөнхийн охин Баясгаланг тоглуулах тухай яригдаж байсан гэдэг. Таны хувьд бөхийн удамтай юу?

-Эмээгийн тал бөхийн удамтай байсан гэж ярьдаг. Би тэр үед хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн улсын шигшээ багийн тамирчин байсан. Спортын төв ордны Б зааланд байнга үндэсний бөхийн барилдаан болно. Би тухайн үеийн бөхчүүдийг таньдаг, үндэсний бөх их сонирхдог охин байсан юм. Бөх үзэж явж байгаад Х.Баянмөнх аваргын охин Баясаатайгаа танилцсан. Нэг өдөр надад үндэсний бөхийн тухай кинонд тоглох санал ирэхэд нь Баясаадаа хэллээ. Тэгсэн намайг дэмжээд "Надад бас ийм санал ирсэн. Би аварга хүний охин болохоор бас дэлгэцэнд гармааргүй байна. Харин чиний хувьд энэ кинонд тоглоход зүгээр шүү дээ" гэсэн. Тэр үед уран сайхны кино ч цөөн байж. Олон хүн кинонд дүрээ үлдээх юмсан гэж боддгийн адил би бас тэгж л бодож байсан юм шиг байна лээ. Тэгээд л нэг өдөр дуудагдаж, дүрийн сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн. Тэгээд л энэ кинонд тоглох болсон доо.

-Та кинонд тоглохдоо хэдэн настай байсан бэ?

-Би 1993 онд 25 настай байсан. Тэр үед гэр бүлтэй болоогүй байсан.

-Таны ажил, амьдрал үндэсний бөхтэй холбоотой байж иржээ. Одоо ингээд бодоход, Борхүүгийн дүрд тоглох болсон шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Энэ бол хувь ерөөл байсан юм байна гэж боддог. Тухайн үедээ залуу байсан учраас юу хийж байгаагаа төдийлөн сайн мэдээгүй. Хоёрдугаарт, цаанаа асар том утга учиртай байсныг ойлгосон. Монгол түмний эрийн гурван наадам өөрөө дэг ёстой байдаг. Эмэгтэй хүн барилдаж болдоггүй гэдэг дэг ёсыг миний тоглосон киногоор харуулсан. Мөн нөгөө талаасаа эмэгтэй хүн хүчирхэг байна гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ.

Бөхийн удам эмэгтэй талаа дагадаг гэдэг мессежийг өгөх оролдлого хийсэн гэж харж байгаа. Монгол өв соёл, зан заншил гэдэг зүйл нийгмийг сэрээж, нийгмийн сэтгэл зүйг өдөөж, монгол хүн монгол байх боломж бололцоог олгодог том соёлын үүдийг нээсэн байна гэдгийг саяхнаас ойлгосон.

Нэг өдөр Биеийн тамир, спортын улсын хороон дээр ажлаа хийгээд сууж байсан чинь над дээр аймгийн арслан Г.Батпүрэв ирээд “Эгчээ та кинонд тоглоод их сайхан дүр бүтээсэн. Гэхдээ та энэ кинонд тоглосон нь зүгээр нэг тохиолдол биш. Энэ бол хэр баргийн хүнд олдохгүй хувь ерөөл. Тэгэхээр эх түүхийн өв соёлын зан заншлын үүдийг дэлгэсэн. Монголчууд өв соёл, зан заншлаа дээдэлж авч явах тэр домгийг кино болгож амилуулснаараа монголчууд сэргэн мандах, босч ирэх өв соёл түүх дээрээ тулгуурлан өндийн босох боломжийг олгосон ийм том үйл хэргийг өргөсөн юм” гэхэд нь би маш их гайхсан. Тэгээд надад "Та айлд ороод үүдийг нь нээгээд орохдоо гарахдаа хаалгыг нь хаагаад гардаг даа. Та одоо хаалгыг нь хаах хэрэгтэй байна. Монгол хүн гэж ийм хүн байдаг юм байна. Ийм ийм онцлог ялгаатай бөгөөд угсаатны өв соёл, үндэсний өв соёл, төрийн өв соёл гэсэн гурван өв соёлтой. Энэ өв соёл нь улс үндэстнийг нэгтгэж, бүрэн бүтэн байлгаж авч явдаг суурь шалтгаан нь юм байна" гэдгийг тайлбарлаж өгсөн. Тэгээд л "Ер нь энэ талаар нарийн судлах хэрэгтэй юм байна" гээд л шумбаад орчихсон байхгүй юу.

-Судалгааны ажлаа хийгээд хэдэн жил болж байна вэ?

-Одоо зургаа дахь жилтэйгээ золгож байна.

"ХҮҮХЭД БАЙХДАА 70 КГ ШУУДАЙ ГУРИЛ ӨРГӨЧИХДӨГ ИХ БЯРТАЙ ОХИН БАЙСАН"

-Үндэсний бөхөд багаасаа сонирхолтой байв уу?

-Ерөөсөө бөхийн удамгүй монгол хүн гэж бараг байхгүй юм билээ. Хамгийн гол нь тухайн цаг үед хэнийх нь удамшлын өгөгдөл тодорч гарч байна гэдгээсээ шалтгаалдаг гэж боддог. Би дөрөв, тавдугаар ангид байхдаа 70 кг шуудай гурил өргөөд оруулчихдаг байсан. Манай өвөө аав намайг “Сайн байна” гэж хэлдэг байсан ч их гайхаж хардаг сан. Тухайн үед бид ажил хийж чадаж л байвал сайн гэж боддог байснаас би бусдаас илүү хүчтэй юм байна гэж бодож байгаагүй.

Тэгээд хөнгөн атлетикийн тамирчин болоод хүндийн өргөлтийн дасгал хийж, 130 кг жинг нэг удаа шахчихдаг байсан. Ер нь нэлээд бяртай охин байсан.

Миний үеийн бөхчүүд бол надаас их айдаг байсан. Намайг шоглоод "Ийм хүнтэй суувал орныхоо араар чихүүлчих юм байна" гэцгээнэ. Яагаад ч би тэр хүнийг аваад чихчихдэг юм. Тэр нөхөр зүгээр байвал би лав тэгэхгүй шүү дээ./инээв/

-Тухайн үедээ ямар бөхийг дэмжиж, хүндэлдэг байв?

-Яг тэр бөх гэж онцлохоос илүүтэй бүгдээрээ жигд сайхан барилдана. Би "Алдар" спорт хороонд харьяалагдаж, тэмцээн уралдаанд ордог байлаа. Үе тэнгийн бөхчүүдээ таньж мэддэг гэдэг утгаараа хайрлаж хүндэлнэ. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэр үед цойлж гарч ирсэн. Тэрбээр ОХУ-д сургууль төгсч ирээд анх барилдахдаа ямар ч цолгүй байсан ч маш сайхан барилдаж, нэлээд шуугиулж явсан.

Бөхчүүдийн барилдааны ур чадвар, чин сэтгэлээсээ барилдаж хүчээ гаргаж байгааг үзэгчид үнэнхүү хайрлаж хүндлэх мэдрэмж нь их сайхан санагддаг байсан. Үндэсний бөх ард түмнийг үнэхээр нэгтгэдэг байлаа.

Монголчууд бөхдөө хайртай дээдэлж, хүндэлдэг ард түмэн. Би өөрөө монгол хүн учраас үндэсний бөхөө үзэх дуртай. Тухайн цаг үеийн бөхчүүд ч их сайхан барилддаг байлаа. Янз бүрийн илд далд найраа байхгүй, үнэн сэтгэлээсээ унаж давсан ч баярлаж байдаг, ёс жудагтайгаар түмэн олныг үнэхээрийн баясгахын төлөө явж байсан. Бөхчүүд хувь хүний амбицын төлөө явдаггүй байсан учраас их татагддаг байсан байх.

"НАДТАЙ БАРИЛДСАН Ж.НАМЖИЛДОРЖ МОНГОЛЫН САЙХАН ЗАЛУУ БОЛЖ, УЛСЫН ЦОЛ ХҮРТСЭН"

-Оюутан байхдаа самбо, жүдогоор хичээллэж, чамгүй амжилт гаргаж байсан гэсэн. Яагаад бөхийн спортоор үргэлжлүүлэн хичээллээгүй юм бэ?

-Тийм ээ. Хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн үндэсний шигшээ багийн тамирчин байхад өөр бусад спортууд орж ирсэн. Жишээлбэл, эмэгтэй бөхийн төрлүүд анхлан орж ирсэн. Эмэгтэй бөхийн төрлөөр хичээллэж эхлэхэд намайг самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд +82 кг жинд оруулахаар болж, бэлтгэл хийж эхэлсэн. Гэвч тэр жилээ Монголд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаа больсон. Дараагаар нь ОХУ-ын Владивосток хотноо 1992 онд самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болж, би тэнд амжилттай барилдан алт, мөнгөн медаль хүртсэн.

Би тэр цагаас хойш дахин бөх барилдаагүй. Хамгийн гол нь эх орондоо ирээд удаагүй 1993 онд "Хэлтгий заяа" уран сайхны кинонд тоглосон.

Тэрнээс хойш ичсэн юм уу, бөх ч үзэхээ больж, барилдахаа бүр больсон. Бас зах зээлийн нийгмийн шилжилт болж, өмнө нь зорьж байсан үйл хэрэг маань зогсчихсон. Тэгээд хүн нэн тэргүүнд амьдрахаа л боддог юм билээ. Амьдралаа хөөгөөд явсан даа.

-Кинонд тоглохын өмнө АНУ-руу тэмцээнд оролцох гэж байсан гэдэг. Спортоо сонгосон бол амжилтаа ахиулах боломж хэр байсан бол?

-Би кинонд тоглодог зураг авалтын үеэр АНУ руу дэлхийн оюутан, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах эрхээ аваад, визэндээ орчихсон байсан. Тэгсэн кинонд тоглох хугацаа нь ид зуны ус бороотой, ургамал тэгширсэн үед байх ёстой болсон. Тэгээд л мөнгөтэй бол хэзээ ч АНУ руу явах боломжтой гээд л киногоо сонгож байлаа. Зарим  нь спортоо сонгох ёстой байсан гэдэг л юм.

Миний хувьд нас ахиад ирэхээр өөрийнхөө тоглосон уран сайхны киногоо үздэг болж байна. Тэгээд харахаар “Би чинь бас гайгүй кинонд тоглосон юм байна” гэж бодогддог шүү.

Тэр кинонд би олон сайхан хүмүүстэй нэг баг болж, ерөөл учралаар ажилласан. Би тэр дүрийг амилуулахад миний сайных биш байжээ. Хамтран тоглосон уран бүтээлчид маань маш чадварлаг ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байсан. Миний хүүхэд насанд тоглосон жаахан охин бяцхан жүжигчдийн нэг. Мөн Төртогтох зааны дүрд манай Ж.Намжилдорж харцага тоглосон. Тэд нар маань залуудаа их сайхан байж. Тэр жилдээ Ж.Намжилдорж маань "Монголын сайхан залуу"-гаар тодорч, улсын наадмаар цол хүртэж байлаа. Харцага Ж.Намжилдорж маань киноны зураг авалтын дундуур наадамд барилдахад уран бүтээлчид “Эмэгтэй хүнтэй ойр байхаар эр хүний хийморь муудна гэж үздэг байсан. Хэрвээ үнэхээр тийм байсан бол эсрэгээрээ сайн байсан юм биш үү" гэж ярьдаг. Ер нь монгол бөх асар нарийн дэг ёстой төрийн өв соёл юм.

Сүүлд киноныхоо 30 жилийн ойгоор хэсэг уран бүтээлч уулзаж, телевизэд ярилцлага өгсөн. Манай найруулагч Н.Ганхуяг болон Ч.Найдандорж, Ж.Намжилдорж маань гээд бид дөрөв уулзсан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн мөрний хөвөөнд зураг авалтаа хийсэн. Тэр сумын Н.Чойжилсүрэн гэдэг ах сүүлд надтай холбогдоод “Кинон дээр зориулж босгосон овоог бөхийн овоо гээд нэрлэчихсэн юм. Тэр овооны тайлга тахилгыг хиймээр байна. Та киноны уран бүтээлчдээ уриад хамтдаа ирээд энэ үйл хэргийг босговол зүгээр байна" гэдэг саналыг тавьсан. Би бас хамт тоглосон уран бүтээлчидтэйгээ уулзаж чадахгүй байгаа учраас энэ ярилцлагаараа дамжуулан хүргэж байна.

-Киноны зураг авалтыг Төв аймгийн Мөнгөнморьт суманд хийсэн гэдэг. Таны хувьд хамгийн хэцүү зураг авалт аль хэсэг байв. Эрэгтэй хүнтэй барилдана гэдэг хэцүү байсан уу?

-Тэгсэн. Би чинь тухайн үед кино зохиолоо бүрэн уншаагүй явсан. Тэгээд яаж кинонд тоглохоо мэдэхгүй ямар ч байсан эмэгтэй бөхийн дүрд тоглох юм байна гэдгээ мэдэж байсан. Тэгсэн найруулагч уран бүтээлчдийн тактик байсан байна лээ. Миний хувьд хамгийн хэцүү зураг авалт гэвэл морь унах байсан. Монгол хүн байж хэлэхэд ичгэвтэр юм. Би морь унаа хүчтэйхэн давхиж чадахгүй. Заримдаа киногоо үзээд өөрийгөө голдог юм.

Бөх барилдахад надад зааж зөвлөж байсан учраас харьцангуй хүндрэлтэй байгаагүй. Өмнө самбо, жүдогийн бэлтгэл хийдэг байсан учраас дөртэй байсан байх.

Хэрвээ тийм биш бол надад тэр дүрд тоглоход болхи хэцүү байх байсан байх. Кинонд тоглохдоо өмссөн зодог шуудгийг надад зориулж оёулсан байдаг. Киноны зураг авалтын төгсгөлд бөхийн зодог шуудгаа өмсдөг хэсгийг авах шаардлагатай болсон. Миний хувьд тэр зургийг авхуулахгүй гээд уурлаад бүтэн өдрийн ажил болсон. Бараг л зураг авч байгаа хүн нь нүдний далд байя гээд баахан юм болсон. Тэгээд сонин аймар ичиж байгаад үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр нүдээ аниад л зургаа авхуулсан байдаг.

-Залуудаа их л ичимхий бүсгүй байжээ?

-Би тэр үед 102 кг жинтэй байсан. Би өмнө нь хэзээ ч 102 кг жинд хүрч байгаагүй. Одоо бодоход нэг их тарган байгаагүй юм билээ. Тэр зураг авалт дээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын ард иргэдийг оролцуулсан. Намайг бөхийн зодог шуудаг өмсөөд барилдахаар хүмүүс эрчүүдээс ялгахгүй. Тэгээд үсээ задгай тавиад явахаар хоорондоо "Нөгөө эмэгтэй чинь энэ юм билээ" гэж ярилцдаг байсан.

Уран сайхны киноны маань нээлт 1993 оны арванхоёрдугаар сард болсон санагдана.  Би кино театр руу харанхуйд ороод чимээгүй нэг хүний хажууд очоод суучихсан. Тэр үед том биетэй эмэгтэй хүн ховор байлаа шүү дээ.

Одоо цагт том биетэй эмэгтэйчүүд  харьцангуй олон болчихлоо. Тэгсэн тэр үед нэг үзэгч “Ийм том эмэгтэй хүн байдаг юм уу. Энэ эмэгтэй одоо хаана байгаа бол” гэсэн чинь би хажууд нь сууж байсан. Тэгсэн чинь би дотроо “Гэрэл асахаас өмнө холдохгүй бол болохгүй юм байна” гэж бодоод л яараад л гараад явчихаж билээ.

"НЭР АЛДРАА ӨРГӨЖ ЯВАХ ЁСТОЙ БОЛОХООС ХУДАЛДАЖ ИДДЭГ ЗҮЙЛ БИШ"

-Кино гарсны дараах Ш.Долгорын амьдрал хэр өөрчлөгдөв. Таныг хүмүүс 33 жилийн дараа ч шууд таньж байна шүү дээ?

-Тийм. Намайг кинонд тоглож байхад хэц хэнгэрэг нүдэж байсан н.Чойжилсүрэн гэдэг ах “Миний дүүгийн амьдрал одоо өөрчлөгдөж, хүмүүс чамайг Долгор биш Борхүү нэрээр чинь таньдаг болно” гэхэд нь ойлгодоггүй байсан. Ер нь л тэгсэн дээ. Олон хүн таарахаараа  хоорондоо ярилцаад л, тэр кино тухайн үедээ монголын ард түмэнд маш сайн  хүрсэн юм байна.

Би хүнтэй танилцахаараа “Хэлтгий заяа” киноны Борхүүд тоглосон гэдгээ хэлдэггүй. Тэгэхээр хүмүүс бодож бодож байгаад таньдаг.

Би бас тэр нэрээ худалдаж идэхгүй байх юмсан гэж боддог. Яагаад гэвэл энэ нийгэмд олны танил хүмүүс өөрийнхөө нэр сүрийг маш их худалдаж байна. Би тэр байна гэхээр хүмүүс хайрлаж хүндлээд санасан бодсон бүхнийг нь бүтээгээд өгчихдөг. Нэр алдар гэдэг зүйл өргөж явах ёстой зүйл болохоос өөрөө дээр нь гараад зайдлаад, худалдаж иддэг зүйл биш юм байна. Энийгээ өргөж явж чадвал хишиг буяныг нь хүртдэг байгалийн хуультай юм байна гэж хардаг. Надад маш сайхан хишиг, ерөөл буулгасан. Тэрний буянаар түмэнд олонд танигдаж, хайрлагдаад явдаг юм байна гэж ойлгодог. Энэ киног үзээд намайг таниад, хүндэлдэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Энэ бол урьдны сайхан ерөөл байжээ.

-Бөхийн удам эмэгтэй талаа дагадаг гэлээ. Мэргэжлийн судлаач хүний хувьд илүү дэлгэрүүлээд ярьж болох уу?

-Жишээлбэл, Дархан аварга Х.Баянмөнхийн ээж бол их бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Ээж нь бяртай тэнхээтэй байхаар хүү нь тийм байхаас өөр аргагүй. Мэдээж тэр хүн удамшлын асар том өгөгдөлтэй ирсэн байж таараа. Тэгээд л ер нь аль аль талаасаа нэгдэж нийлээд хэмнэл нь тэнцээд ирэхээрээ үр хүүхэд нь агуу хувь ерөөлтэй төрдөг юм байна гэж ойлгодог.

Эмэгтэй хүн хүчтэй байж үр хүүхэд нь агуу хүн болдог байгалийн хуультай. Эмэгтэй хүн өөрөө хүчирхэг байна гэхээр зөвхөн бяр тэнхээг хэлэхгүй л дээ. Эцгийнхээ удамшлыг тээж явдаг хүмүүс.

Тэр удамшлаа үр хүүхдүүддээ уламжлуулж, аавынхаа удамшилтай нэгдэж, бүх өгөгдөл нь сэрж гарч ирэх хүсэл мөрөөдөл нь дотроо өгөгдөж, хөдөлмөрлөж явж байгаад л гарч ирж байгаа. Хэтээсээ монголчууд маш хөдөлмөрч хүмүүс байсан. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж ярьдаг. Тэр малаа маллаж, байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй амьдрахдаа удамшил дээрх бүх өгөгдлөө гаргаж ирсэн ард түмэн. Сүүлийн үед аварга цолтой хүмүүсээс бөх төрж байна уу гэвэл үгүй. Аварга болсон бөхчүүдийг харахаар ихэвчлэн сумын заануудын хүүхдүүд байдаг. Тэр чинь хөдөө орон нутагтаа аж төрж байсан хүмүүс гэсэн үг. Хотод орж ирээд амьдраад хэчнээн аваргын суурь өгөгдөл байсан ч гэсэн хотын байранд амьдраад ирэхээр бөх болоход хэцүү. Бөх гэдэг маань нарийн ярьвал түүхэн утгатай. Энэ талаар яривал урт яриа болно.

-Гэр бүлийнхээ хүнтэйгээ Москвад танилцсан тухайгаа ярьсан байсан. Бөх хүнтэй ханилсан уу?

-Бид Москвад танилцаж гэр бүл болсон. Хүү, охинтой. Тэнд дөрвөн жил амьдраад Улаанбаатарт ирсэн. Хань маань техник сэтгэлгээтэй хүн байсан. Харамсалтай нь хань минь өвчний улмаас хорвоог орхисон. Би ханилсан ханьтайгаа 34 насандаа учирсан. Тэр болтол кинонд тоглоод биеэ жаахан тоосон юм байлгүй. Тэр биш энэ биш гэж явсаар байгаад ханьтайгаа учирсан юм.

Эмэгтэй хүний жаргал бол үр хүүхдээ төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх юм байна гэдгийг ойлгосон. Энэ олон их дээд сургууль биш юм байна.

Ерөөсөө л үр хүүхэд юм байна. Амьдралын гол зорилго үр удмаа үлдээх юм байна гэдгийг саяхнаас ойлгож байна. Эцэг өвгөд маань үр удмаа тасралтгүй үлдээсний баталгаа нь би юм байна. Намайг байсан гэдгийг миний үр хүүхэд батлах юм байна. Ингээд явахаар үр удмаа тасралтгүй үлдээх ёстой юм байна гэж харж байгаа. Тэр цагаас хойш хоёр хүүхдээ зөв хүн болгохын тулд зүтгэж явсаар өнөөдрийг хүрч байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж