Гар утсаараа такси дуудах эсвэл автомашин түрээслэх үед ямар ч жолоочгүй, хиймэл оюун ухаанаар ажилдаг автомашин дуудсан газарт шуурхай ирэх цаг тун ойрхон болжээ. Түүнчлэн, нийтийн тээврийн үйлчилгээ, хүргэлт, тусламж үйлчилгээний салбарт эдгээр жолоочгүй автомашин, автобус зэргийг ашиглах боломж бололцоо Хятадад судлагдаж байна. Хамгийн сонирхолтой нь тус улсын нийслэлд уг жолоочгүй, хиймэл оюун ухаант үйлчилгээ хэрэгжээд эхэлжээ.
Тодруулбал, "Бээжингийн өндөр түвшний автомат жолоодлогын туршилтын бүс"-д улсдаа хамгийн анхны автомат, жолоочгүй авто тээврийн үйлчилгээг төсөл болгон хэрэгжүүлж байна.
Тухайн бүс нь Хятадын засгийн газрын санаачилсан Эдийн засаг, технологийн хөгжлийн хэсэгт байрладаг. Бээжингийн өндөр түвшний автомат жолоодлогын туршилтын бүсийн туршилтын талбай дээр жолоочгүй тээврийн хэрэгслийг бодит орчинд туршиж, цаашдаа ухаалаг, аюулгүй, үр дүнтэй хотын тээврийн системийг бий болгох зорилготой юм.
ТУРШИЛТААС БОДИТ ХЭРЭГЛЭЭ РҮҮ
Бээжин хотын намын хороо, засгийн газар нарийвчилсан судалгаа хийсний эцэст 2020 оны есдүгээр сард Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн хэсэгт тус улсын анхны өндөр түвшний автомат жолоодлогын бүс байгуулахаар шийдвэрлэсэн аж. Эхлээд төслийг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд туршилтын орчныг байгуулж, дараа нь тээврийн хэрэгслээ бүтээснээр бага зайнд туршиж эхэлжээ. Өдгөө дөрвөн жилийн дараа уг төсөл нь биеллээ олж, жолоочгүй тээврийн хэрэгслүүд нисэх онгоцны буудал, музей зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад үйлчилгээ үзүүлж, ашиглагдаж эхэлжээ. Уг төслийг хэрэгжүүлдэг байгууллага нь үүлэн тооцоолол, нарийвчилсан замын зураглалыг ашиглаж хотын бүсэд үйлчилгээ үзүүлж байх бүхий л автомат тээврийн хэрэгсэлтэй холбогддог байна. Ингэснээр, автомат тээврийн хэрэгслийн дотно болон гаднах орчныг хянаж, яаралтай, шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай шийдвэр гаргадаг. Мөн алсаас удирдах боломжтой.
Автомат, жолоочгүй тээврийн хэрэгслийг хөгжүүлж, үр дүнтэй болгохын тулд хэд хэдэн туршилт, судалгааг явуулжээ. Үүнд:
- Замын хөдөлгөөний оргил ачааллын цагийн үеэр
- Хот хоорондын зайнд
- Ямар ч хүний оролцоогүйгээр хүргэлт явуулах
- Зах зээл дээр хэр их ашиглагдах боломж
- Хурдны зам дээр
- Жолооч алсаас удирдах шаардлагагүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломж зэргийг туршиж, судалсан байна.
Одоогийн байдлаар, Бээжингийн өндөр түвшний автомат жолоодлогын туршилтын бүсэд найман төрлийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг туршиж, хэрэгжүүлж байна. Эдгээр нь:
- Роботакси буюу жолоочгүй такси үйлчилгээ
- Жолоочгүй хүргэлт ба явуулын дэлгүүр
- Автомат автобус ба жижиг шаттл
- Зам цэвэрлэгч автомат машинууд
- Жолоочгүй эргүүлийн тээврийн хэрэгсэл
- Холын тээврийн автомашинуудыг туршиж, хэрэгжүүлж буй.
Жишээ нь, зорчигчид Бээжин Дашин олон улсын нисэх буудал руу жолоочгүй шаттл машинаар үйлчлүүлэх боломжтой юм. Зарим хорооллуудад зам цэвэрлэгч жолоочгүй машин ажиллаж байна. Мөн тусгай бүсэд жолоочгүй эргүүлийн автомашинууд хотын аюулгүй байдлыг хангахад тусалж байна.
ОДООГООР ТУРШИЛТЫН ШАТАНДАА БАЙНА
Технологийн хөгжил дэвшил гайхамшигтай санагдаж болох ч эдгээр тээврийн хэрэгслүүд туршилтын шатандаа байгаа юм. Энэ нь албан ёсоор хэрэглээнд бүрэн нэвтрээгүй.
Гэхдээ ирээдүйд туршилтын шат дууссаны дараа Хятад даяар жолоочгүй, автомат тээврийн хэрэгслийн үйлчилгээ дэлгэрч, цаашлаад дэлхий дахинд ашиглагдах болно гэдэгт салбарын мэргэжилтнүүд итгэлтэй байгаа юм.
Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлснээр, Бээжингийн өндөр түвшний автомат жолоодлогын туршилтын бүс нь энгийн нэгэн технологийн төсөл биш юм. Харин ухаалаг хотын ирээдүйн жишиг загвар гэж үзэж байна. Жолоочгүй автомашин хэзээ нэгэн цагт хэрэглээнд нэвтэрнэ гэж олон хүн итгэдэг бол Бээжин хот аль хэдийн үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх алхмуудыг хийгээд эхэлжээ.
Өдгөө Хятадад "Pony.ai", "WeRide","Didi" болон "Baidu" компаниуд автомат, жолоочгүй тээврийн хэрэгслийг мөн адил туршиж байна.
Тухайлбал, "Pony.ai" компани 200 автомат тээврийн хэрэгслийг бүтээж 40 сая км замыг, "WeRide" компани 600 гаруй автомат тээврийн хэрэгсэлтэйгээр 20 сая км замыг туулах туршилтыг амжилттай хийж гүйцэлдүүлжээ. Харин тус улсад өргөн хэрэглэгддэг такси үйлчилгээний "Didi" нь 200 гаруй автомат тээврийн хэрэгслийг бий болгож 33.5 сая км замыг туулах туршилтыг мөн адил амжилттайгаар гүйцэлдүүлсэн. Эдгээрээс хамгийн олон буюу 1000 автомат машинтай "Baidu" нь туршилтын хүрээнд 90 сая км замыг төвөггүй туулжээ.
Prop 4 цагийн өмнө 202.9.46.32
Худлаа, улаантны суртал ухуулга, бүү итгэ, бүү сэтгэлээр унацгаа
зөв бич 5 цагийн өмнө 203.23.199.47
"ажилдаг" гэж бичихгүй ээ
Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.186
Have been feeling we are not in UB anymore ….