ТББХ: Төр дэргэдээ хэвлэлийн байгууллагатай байхыг хориглоно

ТББХ: Төр дэргэдээ хэвлэлийн байгууллагатай байхыг хориглоно

ТББХ: Төр дэргэдээ хэвлэлийн байгууллагатай байхыг хориглоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд олонхи нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 онд баталж байсан бөгөөд хэвлэн нийтлэхтэй холбоотой үндсэн агуулгыг зохицуулсан суурь хууль боловч хуулийн зохицуулалт хэт ерөнхий буюу хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хангалттай зохицуулалтыг тусгаж чадаагүй аж. Мөн мэдээлэл, технологийн салбарын хурдацтай хөгжил, мэдээлэл дамжуулах, нийтлэх, хүлээн авах олон төрлийн суваг, боломж бий болсонтой зэрэгцэн хүн бүрт хэвлэн нийтлэх эрх илүү ойр болж, энэ нь улам өргөн хүрээний ойлголт болсон. Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйг ялгах, хараат бус, бие даасан сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зохицуулалт бий болгох хэрэгцээ, шаардлагыг харгалзан энэхүү төслийг боловсруулжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч.

Төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх.  Хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалт тусгаад байгаа юм.

Хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх, олон нийт төр, эзэмшигч, бусад этгээдийн цензур буюу агуулгын хяналтгүй мэдээлэл олж авах эрх хангагдах, ингэснээр ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзэл, үзэл бодлын чөлөөт байдал бат бөх суурьтайгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Хуулийн төсөлд “төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахыг хориглох,  улмаар төрийн байгууллага, улсын өмчит газрууд тендер зарлаж, сонгогдсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлаа олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэхээр зохицуулсан нь хэр зөв зохицуулалт болох талаар гишүүд хөндсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Төрийн болон төрийн оролцоотой аж ахуй нэгж хэвлэлийн мэдээллийн албатай байхыг хориглож, асуудал хариуцсан ажилтантай байж болохоор заажээ. Цаашдаа төрийн байгууллагууд  тендер зарлаж, ажлаа сурталчилна.

Тендер зарлана гэлдэг бөөн авлига, будилаан. Цүнхний компаниуд яадаг билээ. Яг тэрэнтэй адилхан олон дагагчтай гэдэг юм уу, том хэвлэл мэдээллийн алба нь тендерт ороод явдаг болох нь.

Жижиг гэх юм уу, цөөн дагагчтай мэдээллийн редакци энэ тендерт орох боломжгүй. Тендерт хуулийн этгээд орно. Жижиг редакциуд, хэвлэл мэдээллийн байгууллагын тендер сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй шахсан бодлого болох вий. Монополь хэвлэл мэдээллийн байгууллага гараад ирэх вий дээ. Юм болгоны тендерт оролцоод. Манайхан сөргөөр ашиглахдаа гаргууд сайн.

Сонгон шалгаруулт буюу тендерийн цаана ямар булхай луйвар байдгийг бүгд мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага маань ийм юм руу ороод эрсдэл үүсэх вий.

Хүний нэр төр,  алдар хүндэд халдсан асуудлыг хасаж байгаа нь хэр зөв юм бэ. Сайд ялаа хоёрыг сониноор цохиж ална гэдэг шиг таалагдаагүй, гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар улстөрчдийг, сөрөг хүчнийг хэвлэл мэдээллээр намнадаг.  Нотолгоотой, нотолгоогүй мэдээллээр алдар хүндийг нь гутааж байгаа энийг цаашид хэлэлцүүлгийн шатанд анхаарах л ёстой. Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтэд “илт худал мэдээлэл”, “ташаа мэдээлэл” гэсэн ойлголтуудын ялгаа заагийг тодруулах хэрэгтэй гэж дурдсан байна. Илт худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага ногдуулах, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэх талаар тодотгож өгөөч?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Нэг хүн намайг 15 удаа гадагшаа явсан гэж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж. Харин тэр хүн үнэндээ 13 удаа явсан байж. Ийм тохиолдол гарсан. Энэ бол илт худал мэдээлэл биш.

Сэтгүүл зүйд бид эндүүрэл ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болох юм

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Чөлөөт сэтгүүлч гэсэн ойлголтыг хуульд тусгасан байна. Чөлөөт сэтгүүлчийг идэвхтэй нийтлэл бичдэг, өөрийнхөө хүсэл зорилгоор контент үйлдвэрлэдэг иргэдээс яаж ялгах вэ. Жишээ авбал, Амраа либертари гэдэг залуу байдаг. Контент бүтээдэг, ярьдаг. Инфлюүсер гэдэгтээ орох уу, зааг ялгааг яаж гаргах вэ.

Хэвлэл мэдээллийн олон янз байдал гэдэгт олон нийтийн, арилжааны, хамтын гэсэн гурван төрөл орж ирж. Хамтын гэдэгт ХК байж болох уу. МҮОНРТ гэж бий,  ХК руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа юу. Төр дэргэдээ хэвлэл мэдээлллийн хэрэгсэлгүй байна, өмнөх хуульд ч энэ зохицуулалт байсан одоо ч хэрэгжиж л байгаа зохицуулалт. Гэвч төрийн байгууллагууд албан бус бүтцээр ийм алба байгуулчихсан, зарим редакцын хийж чадахгүй байгаа контентыг хийдэг. Түүнээс болж шүүмжлэл ч их өрнөдөг. Дөрөв дэх засаглалын хяналтыг хэрэгжүүлэх ёстой сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн контент гэхээс илүү улстөрчдийн төрийн байгууллагын бэлтгэсэн контент голлож цацаж байна гэдэг.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Чөлөөт сэтгүүлч гэдэгт сэтгүүл зүйн үйл ажиллагаа  эрхлэн, хэвлэл мэдээллийн  байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар эсхүл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг гээд тодорхойлсон. Тэр хүний үйлдвэрлэж байгаа контент тэр хүний бичиж байгаа нийтлэл үйлдвэрлэж байгаа сэтгүүл зүйн бүтээл нь энэ хуульд заасан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж олон нийтэд хүрч байгаа хүнийг хамруулъя гэж байгаа.

Эрүүгийн хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг гэмт хэрэг байгаа. Энүүгээр ял шийтгэл аваад байгаа тохиолдол байхгүй.

Гэтэл Эрүүгийн хуульд энэ зүйл заалт ороод хэрэгжээд явж байгаа 20 гаруй жилд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэн ч саад болоогүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Нөгөө талдаа сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ, сэтгүүлч чинь хэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа учраас ингэж тодорхойлж байгаа. Энэ хуулиар тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Зохицуулалтын байгууллагатай байж болно, бичсэн нийтлэл нэвтрүүлэгтээ өөрсдөө хариуцлага хүлээ. Хариуцлага хүлээж байгаа учраас нөгөө талдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь нээж хамгаалж өгье.

Харин энэ нь нийгмийн сүлжээнд байгаа инплюүсер гэж нэрлэдэг олон дагагчтай гэдэг тэдгээр хүмүүсийн үйл ажиллагаанаас сэтгүүл зүйн үйл ажиллагаа өөр юм гээд . Яг энэ хуулийн төслийн хүрээнд тодорхойлогдож байгаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрийнх нь бүтээл олон нийтэд хүрч байгааг чөлөөт уран бүтээлч гэнэ. Үндсэндээ нэг хүн өөрөө бичсэн нийтлэлийнхээ хүрээнд  газруудаас төлбөр авдаг байж болно, энэ хүний  үйл ажиллагааг ч хамгаалдаг байх ёстой.

Төр дэргэдээ хэвлэл мэдээлэлтэй байх асуудал олон удаа яригдлаа. Төрөөс шууд болон шууд бусаар хэвлэл мэдээллийн зах зээлд болон хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нөлөөллийн байдлыг байж болох хэмжээнд хязгаарлахыг зорьсон. Төрийн байгууллагын зүгээс дэргэдээ албан бус нэртэй боловч хэвлэл мэдээллийн бүтэц байгуулдаг, хүмүүс цалинжуулдаг, техник хэрэгсэл байдаг.

Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой контент бүтээлгэх, нэвтрүүлэг хийлгэх гэх юм уу төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгжүүд энэ зах зээл рүү хэт хутгалддаг.

МҮОНРТ- ийн жишээг та хэлж байна, энэ шиг зохисгүй нөлөөлөл их байгаа учраас тендерийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах. Цаашдаа өөр бусад хуулиар зохицуулах шаардлагатай гэж зохицуулалт тусгасан.

Ажлын хэсгийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Г.Гүнжидмаа:  

-Хуулийн бас нэг үзэл санаа нь олон ургалч байдлыг дэмжих. Нийтлэг утгаараа олон нийтийн,  арилжааны, хамтын гэсэн гурван төрлийн хэвлэл мэдээлэл оршин тогтнож хөгжиж байна. Тэгэхээр хамтын хэвлэл мэдээлэл гэдэг бол тодорхой сонирхлоороо нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно. Сургуулийн насны хүүхдүүд тэдний эрх ашигт нийцсэн мэдээллийг хамтын хэвлэл мэдээлэд оруулаад явна. МҮОНРТ тусдаа хуультай, бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг арилжааны буюу ХХК -ийн зарчмаар ажиллах тэр нөхцлийг нь тусгаж өгсөн нь ач холбогдолтой.

Амраа ток шоуг бие дааж хийгээд юутүүбээр цацах нь Үндсэн хуулийн 16.16-гийн хэрэгжилт. Хэн ч ингэж болно. Хэрвээ гүтгэх юм бол хуулийн хариуцлага нь Эрүүгийн болон Иргэний хуулиар. “Амраа” ток шоу нэвтрүүлэг NTV телевизээр цацагдах юм бол хариуцлагыг нь тус телевиз хүлээнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зохицуулалтыг шинээр баталгаажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.121

Монцамэ төрийнх биз дээ?

Avatar

Мүонрт 5 цагийн өмнө 202.9.46.32

МАН нам үндэсний телевиз МNB-ийг сулласан чинь дээр шүү

Avatar

чагнаа 5 цагийн өмнө 139.5.217.202

Ямар нэгэн санаа хуульд орохдоо "сүрхий зөв" гэгдээд, яваандаа "сүрхий зөв" биш болох нь олон. "Эх сурвалжаа нууцлах" асуудал тэгж байгаа үүн шиг болох тал байж магадгүй. Яваандаа хуурамч мэдээ гарах дөрөө болохыг үгүйсгэх аргагүй. Тэр нууцлах "эрх" хэзээ, хаана байх, бас эх сурвалжаа зайлашгүй тодруулах нөхцөл бүрдвэл хаана, хэрхин мэдүүлэх зэрэг процедурын асуудалыг хуульд орхиж болохгүй гэж санагдана. Аливаа хуульд эрх, үүрэг хоёрыг хамтад нь авч үзэдэг….

Avatar

ТВ-үүд төрд ажилладаг 6 цагийн өмнө 202.131.248.198

Өргөн Нэвтрүүлгийн гэх 18 тв төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажилладаг, үзэгчдээс хураамж хуулийн дагуу авдаг болсон.

Avatar

ИРГЭН 6 цагийн өмнө 202.179.22.28

Төрийн бүх байгууллагууд мэдээллийн сайтуудтай маш өндөр хэдэн зуун сая төгрөгөөр ХААЛТЫН ГЭРЭЭ хийдгийг хуульчилж халах хэрэгтэй. Өнөөдөр үнэний төлөө, иргэдийнхээ төлөө,эх орныхоо төлөө явдаг нээг ч сэтгүүлч,сурвалжлагч алгаа. Нам ,эрх мэдэлтнүүдийг дагаж далдганасан юмнууд л бна,харахаас бүүр нэг ой гутах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж