Эх дэлхий, байгаль орчныг хамгаалах, хэрхэн нөхөн сэргээх аргыг танилцуулж, тодорхой хугацаанд бүх гэрлээ унтраадаг "Earth Day" эхэлсэн билээ. Энэ хүрээнд загварын салбар байгальд ээлтэй байх талаар ямар арга хэмжээ авч буйг "FASHION" буландаа онцолж байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн дэлхийн нийт хотууд тодорхой өдрийг сонгон авч, бүх нийтээрээ гэрлээ унтраах, дахин боловсруулах, байгалийн нөхөн төлжилтийг дэмжих, хамгаалах аргат суралцдаг. Харин энэ жил ажиглагдсан зүйл нь загварын болон тансаг эдлэлийн брэндүүд тогтвортой байдлыг чухалчилж байна.
Тухайлбал, өмнө нь байгальд ээлтэй байдлыг брэндүүд чиг хандлага гэж үздэг байсан бол өдгөө заавал хэрэгжүүлэх, шингээх ёстой гэж үздэг болсон байна.
Байгальд ээлтэй загварын брэнд гэдгээрээ алдартай "Birla Cellulose"-ийн маркетингийн албаны дарга Манмохан Сингх хэлэхдээ, "Загварын салбарт байгальд ээлтэй байдлыг тогтвортойгоор хэрэгжүүлэх, дэмжих нь сонголт байхаа хэдийн больсон. 2025 онд бүх хувцас түүхийг агуулж, эдгээр түүх нь дэлхийг хүндэтгэх ёстой" гэсэн юм. "Birla Cellulose"-ийн гол төлөв ашигладаг "LIVA" даавуу нь байгальд ээлтэй аргаар бүтээгджээ. Сингх хэлэхдээ, "Загвар ба байгальд ээлтэй аргыг тогтвортойгоор ашиглах нь орчин үеийн дэвшилтэд эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж байна. Бид бүхий л аргааг хог хаягдлыг хянаж, дахин боловсруулахаас гадна загварын трендийн дагуу үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг" гэсэн юм. Мөн хэрэглэгчдэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд анхаарал болгоомжтой хандаж, урласан хувцас сонгож байхыг тэрбээр уриаллаа.
Үнэт эдлэлийн салбар мөн адил байгальд ээлтэй байдал руу шилжиж байна. "Kama Jewelry" компанийн борлуулалтын дэд захирал Симран Шах хэлэхдээ “Тансаг эдлэл, хэрэглээ гэдэг нь өнөө цагт зөвхөн гялалзсан зүйлсийн тухай биш. Энэ бол утга учиртай байх тухай юм” гэв. Тухайлбал, үнэт эдлэлийн хэд хэдэн томоохон брэндүүд байгаль орчинд сөрөг нөлөөтэй уул уурхайн арга барилаас татгалзаж, дахин боловсруулсан алт, лабораторид ургуулсан очир эрдэнийг сонгож эхэлжээ.
Түүнчлэн, одоо цагт хэрэглэгчид бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга барил, мөн тухайн зүйл нь тэдний үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэхийг анхаардаг болсон.
Хэрэв томоохон үнэт эдлэлийн брэндүүдийг ажиглавал лабораторид ургуулсан очир алмазыг гол төлөв хэрэглэдэг болсон гэдгийг харж болно.
Энгийн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Bonjour" брэнд ч энэ чиглэлд тэргүүлж байна. Тус брэндийн гүйцэтгэх захирал Ражкумар Жайн хэлэхдээ “Байгальд ээлтэй загвар бол чиг хандлага биш. Үнэн хэрэгтээ хэрэглэгчийн ухамсар, цаг уурын нөхцөл байдал, салбарын хариуцлагаар хөтлөгдөж буй зайлшгүй шаардлага" гэв. Мөн тэрбээр "Бид цаашид хэр удаан амьдрахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ирээдүйд дэлхий ямар байхыг бид шийднэ гэдгийг хүн бүр ухамсарладаг болсон нь худалдан авагчдаас ажиглагдаж байдаг" гэсэн юм. "Bonjour" хулсны мяндсан оймс, амьсгалах чадвартай торон хувцас, арьсанд ээлтэй гэрийн хувцас зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгодог аж. Түүнчлэн усны хэрэглээг багасгаж, шударга хөдөлмөрийн нөхцөлийг хангахад анхаардаг талаар Жайн онцлов.
Үнэнч хэрэглэгчдийг татах гол хүчин зүйл нь ил тод байдал, зорилго болсон гэдгийг тэрбээр онцолсон юм.
Шинэ залуу брэндүүд ч мөн адил хүчтэй байр суурь эзэлж эхэлжээ. "MyDesignation" компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сваруп Кришнан “Загварын салбар бол дэлхийн хамгийн их бохирдол үүсгэгч гурав дахь салбар. Бид үүнийг үл тоомсорлож болохгүй” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Тус компани нь байгальд ээлтэй түүхий эд, хуванцаргүй сав баглаа боодол ашигладаг бөгөөд худалдан авалт бүрт цэцэг эсвэл модны үр бэлэглэдэг байна.
Энэ нь байгаль дэлхийдээ эргүүлэн тусалж, авсан зүйлээ эргүүлэн өгч буйг бэлгэддэг аж. Түүнчлэн,"MyDesignation" компани Ашгийн оронд гараг гэх зорилготой. Үүний хүрээнд, 2027 он гэхэд нэг сая мод тарихаар хичээж байгаа юм. “Хүрээлэн буй орчны төлөө санаа тавихад их мөнгө биш, чин сэтгэл хэрэгтэй" гэж Кришнан онцлон тэмдэглэж, үнэтэй эдлэл, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа байгальд ээлтэй, дахин боловсруулсан, хүнд металл агуулаагүй эсэхийг шалгаж, сонгохыг уриалсан юм.
Хувцас, үнэт эдлэл, дагалдах хэрэгсэл гээд бүх чиглэлд нэг л утга, агуулга, зорилго тодорч ирж буйг дээрх брэндүүд жишээ болгон үзүүлж буй. Энэ нь байгальд ээлтэй, сөрөг нөлөөгүй байдлыг тогтвортойгоор хэрэгжүүлэх нь шинэ стандарт болсныг илэрхийлнэ. Мөн байгальд ээлтэй сонголт хийх тухай биш, харин загварын салбарыг үндсээр нь өөрчлөх тухай юм. Туршлагатай брэндүүд болон шинэхэн компани, урлангууд хамтдаа нэгдэж, хүчтэй алхам хийж буй учраас ирээдүйн загварын салбар илүү ногоон, илүү цэвэр, илүү утга учиртай байх нь гарцаагүй.
Холбоотой мэдээ