Ромын пап Францис дөрөвдүгээр сарын 21-ний Даваа гаригт 88 насандаа таалал төгссөн билээ. Пап XVI Бенедикт суудлаас буусны дараа 2013 оны гуравдугаар сард пап Францис буюу Кардинал Жорж Марио Бергоглио тэрээр Католик сүмийн тэргүүнээр сонгогдож байв.
Тэрээр нас барахынхаа ердөө өмнөх өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулан Гэгээн Петрийн гудамжинд буй ард иргэдийн өмнө гарч ирсэн билээ. Хуран цугласан олонд хандан хэлэх түүний үгийг туслах нь өмнөөс нь уншиж өгчээ. Ромын пап Францис тэрээр сүүлчийн үгээрээ энх тайван болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх тухай номложээ. "Шашин шүтэх эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө үгүйсэн бол энх тайван гэж байхгүй" гэж тэр хэлсэн юм.
Түүний оршуулах ёслолын өдрийг товлохоор Кардиналууд өнөөдөр хуралджээ. Хуульд заасны дагуу оршуулах ёслолын өдөр нь дөрөвдүгээр сарын 25-наас 27-ны хооронд байх юм. Ватиканы эх сурвалжийн мэдээлснээр 27-ны Бямба гаригт оршуулах ёслолыг үйлдэх болжээ.
Оршуулах ёслолоос өмнө Ромын пап Францист хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг ард иргэдэд олгож, шарилыг нь Гэгээн Петрийн Басилика сүмд байрлуулах аж. Шарилыг Лхагва гаригийн өглөө орон нутгийн цагаар 09:00 цагт тэнд байрлуулна. Ромын пап Францисын улаан нөмрөг, малгай өмсгөсөн шарилын зургийг Ватикан саяхан дэлгэжээ. Одоогоор түүний шарилыг Ватикан дахь папын амьдарч байсан гэр буюу Каса Санта Мартад байрлуулж байна.
Ромын пап Францис өөд болсон тул одоогоор түүний албан үүргийг ирланд гаралтай америк кардинал Кевин Фаррелл залгамжлаад байна. Тэрбээр оршуулах ёслолуудад чухал үүрэг гүйцэтгэж ажиллахаас гадна дараагийн пап ламыг сонгох хүртэл энэ албан тушаалаа хадгална.
Холбоотой мэдээ