Бээжингийн их сургуулийн Үндэсний хөгжлийн сургуулийн хүндэт захирал, профессор, Дэлхийн Банкны ерөнхий эдийн засагч асан И Фү Лин Даваа гаригт /2025.04.21/ илтгэл тавив. Тэрбээр АНУ-ын ногдуулах болсон татварын тарифтай холбоотойгоор Хятадын талын үзэл баримтлал, эдийн засгийн ирээдүй болон тогтвортой өсөлтийн ач холбогдлыг онцоллоо.
Линий хэлснээр, импортын тарифтай холбоотой дэлхийн эдийн засгийн бүтцэд гарч буй өөрчлөлт нь “Зуун жилд нэг тохиох том өөрчлөлт” юм. Тэрбээр 1900, 2000, 2018 оны тоон мэдээллийг харьцуулан дүгнэж, 1900 онд "Их-8" эвслийн эдийн засгийн хүчин чадал дэлхийн нийт дүнгийн 50.4 хувийг эзэлж байсныг харуулав. Дараа нь 2000 онд "Их-8" бүлгийн эдийн засгийн чадвар 47.7 хувь, харин 2018 онд 34.7 хувь хүртлээ буурсныг танилцуулсан. Лин хэлэхдээ, “Ердөө 18 жилийн хугацаанд Их-8 эвслийн эдийн засгийн чадал 13.1 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Урьд нь тус эвслийн эдийн засаг бүтэн зууны турш 2.7 нэгжээр буурч байсантай харьцуулахад маш хурдацтай өөрчлөгдөж, буурч байгааг статистик үзүүлэлтүүд харуулсан юм” гэж онцоллоо.
Сэтгүүлчдийн зүгээс өнөө цагийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юу болох талаар асуухад Лин "Хятадын олон улсын худалдаа, наймаа" гэж хариулсан юм. Тус улсын засгийн газрын санаачилсан шинэчлэлт, нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын эдийн засаг жилд дунджаар 8.9 хувь, нэг хүнд ногдох ДНБ найман хувиар өссөн байна. Худалдан авах чадварын хувьд Хятадын дэлхийн эдийн засаг дахь эзлэх хувь 2000 онд 6.4 хувь байсан бол 2018 онд 16.8 хувь болж өссөн нь "Их-8"-ийн монополь байдлыг сулруулсан хэмээн Лин тайлбарлав. Тэрбээр мөн 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш "Их-8"-ийн олон улсын эдийн засгийг хөдөлгөх механизм хангалтгүй болсон бөгөөд өдгөө "Их-20" гол үүргийг гүйцэтгэж байна гэв.
ХЯТАД БА АНУ-ЫН УРТ ХУГАЦААНЫ ӨРСӨЛДӨӨН
Хятад болон АНУ-ын харилцааны тухайд профессор Лин ерөнхийлөгч асан Обамагийн засаг захиргааны “Ази руу чиглэсэн стратеги” хэрэгжихээ больсноос хойш Байден, Трампийн худалдаа, технологийн дайн нь хоёр орны харилцаанд ан цав үүсгэсэн гэв. Тэрбээр хэлэхдээ, “АНУ цэргийн хүч, технологи, санхүүгийн давуу талаа ашиглан Хятадын нөлөөг хязгаарлахыг зорьж байна” гэсэн юм. Мөн эдийн засгийн маргаан нь хоёр оронд ялгаагүй сөрөг нөлөөтэй бөгөөд АНУ илүү их хохирол амсах магадлалтайг анхааруулав.
Тухайлбал, “Өндөр орлоготой орнуудын технологийн салбарууд Хятадын зах зээлд тулгуурладаг. Хэрэв худалдаа зогсвол, эдгээр компани ашиггүй болж, технологийн ноёллоо алдах аюултай” гэж Лин онцолсон юм.
Ирээдүйд дэлхийн эдийн засаг хөгжихөд туслах гол хүчин зүйл нь хиймэл оюун ухаан, том өгөгдөл, хурдацтай инноваци зэрэг онцлогийг хослуулсан Аж үйлдвэрийн IV хувьсгалд оршиж байгааг Лин хэлсэн. Хятад улс энэ хувьсгалд гурван том давуу талтай гэж тэрбээр тодорхойлсон юм. Үүнд технологийн өндөр мэдлэгтэй хүний нөөц, өргөн зах зээл, гүйцэтгэл бүрэн үйлдвэрлэлийн сүлжээ орно гэв. Үүний хүрээнд Лин "Tesla" компанийг жишээ болгон дурдлаа. Тус компани АНУ-д 10 жил үйл ажиллагаа явуулахдаа 20 мянган машин үйлдвэрлэсэн бол Хятадад салбараа нээгээд ердөө нэг жилд 100 мянган машин үйлдвэрлэсэн аж. Энэ нь Хятадын үйлдвэрлэлтийн систем АНУ-аас давуу байгааг харуулж байна гэж Лин онцолсон юм.
2050 ОН БА ЦААШДЫН ДЭЛХИЙН ШИНЭ БҮТЭЦ
Ирээдүйг харвал, хэрэв Хятадын нэг хүнд ногдох ДНБ АНУ-ын ДНБ-тэй харьцуулахад тал хувьд нь хүрвэл, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ АНУ-аас хоёр дахин их болно гэж Лин үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, "Хятадын шинэчлэл амжилтад хүрвэл, дэлхийн өндөр орлоготой орнуудын хүн амын эзлэх хувь одоогийн 16 хувиас 30 хувь болж өснө. Энэ нь дэлхийн тэнцвэрт байдлыг бий болгох томоохон алхам юм” гэж онцолсон юм. Илтгэлийн төгсгөлд Лин хэлэхдээ, “Өсөлт, хөгжил нь асуудал бүрийн гарц юм. Зөвхөн Хятадад ч биш, дэлхий нийтэд ч мөн адил” гэлээ.
- Тэрбээр Хятад улс цаашид эдийн засгийн таван хувийн амлалтаа ахиулж, тогтвортой хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлнэ гэж онцолсон юм.
Лин мөн "1.4 тэрбум иргэний сайн сайхан амьдралын үндэс бол эдийн засгийн тогтвортой өсөлт бөгөөд энэ нь дэлхийн тогтвортой байдал, шинэ засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна” гэв.
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.31
Хүн амаа багсахаа бодж үз.
СУДЛААЧ 2 цагийн өмнө 66.181.181.84
1. Энэ нэртэй профессорын нэрийг ЛИНЬ ИФУ гэж зөв бичих ёстой.
2. Түүний туурвисан "ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ТАЙЛБАРЛАХУЙ" (DEMYSTIFYING THE CHINESE ECONOMY) хэмээх алдарт бүтээлийг Монгол Улсын шилдэг орчуулагчдын баг Хятадын холбогдох талын зөвшөөрөлтэйгээр хятад хэлнээс орчуулсан бөгөөд удахгүй хэвлүүлж олны хүртээл болгоно.
3. Мэдээний эхийг дурдаж байх хэрэгтэй.