ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах таатай орчинг бүрдүүллээ

ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах таатай орчинг бүрдүүллээ

ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах таатай орчинг бүрдүүллээ

Аливаа аж ахуйн нэгжүүд өрийн хэрэгсэл гаргах замаар шаардлагатай санхүүжилтээ хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, борлуулалтын орлого, ашгаа өсгөх боломж, давуу талыг үүсгэдэг учраас маш чухал үүрэгтэй санхүүгийн хэрэгсэл юм. Энэ ч утгаараа олон улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил нь бондын зах зээлээс эхлэлтэй байдаг. Харин Монгол Улсын хувьд хамгийн анх 2001 онд компанийн бонд гарч байсан түүхтэй.

Үүнээс хойш буюу 24 жилийн хугацаанд ердөө 26 компани бирж дээр олон нийтэд бондоо санал болгон гаргаж, нийт 4.5 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн нь чамгүй үзүүлэлт хэдий ч олон улстай харьцуулахад манай улсын бондын зах зээл зохих түвшинд хараахан хөгжөөгүй байна гэж үзсэн.

Энэ ч үүднээс Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, 2021 онд биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчныг амжилттай бүрдүүлж, үүний үр дүнд ердөө дөрвөн жилийн хугацаанд 154 компани биржийн бус зах зээлээр дамжуулан 4.3 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, биржийн болон биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 181 компани 8.8 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн байна. Тэгэхээр бондын зах зээл аж ахуйн нэгжүүдэд ихээхэн чухал, мөн эрэлт, хэрэгцээтэй байсныг, нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчдад ч ийм төрлийн тогтмол орлоготой хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол их байсан нь ажиглагдаж байна.

Цаашид ч бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй, уян хатан болгох бодлогыг баримталж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд өртөг бага, богино хугацаанд санхүүжилт татах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох дүрэм, журмууддаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тэгэхээр эдгээр ололт амжилт, зохицуулалтын орчинд орж буй өөрчлөлтүүдээ танилцуулах, мөн тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудааа бодлогын түвшинд хэлэлцэнэ гэдэг утгаараа энэхүү “Бонд форум 2025” нь цаг үеэ олсон, ихээхэн чухал арга хэмжээ боллоо.

Бондын зах зээлийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн зүгээс тулгамддаг асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэв

 

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК-тай хамтран  санаачилж 2022 онд “Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг” гэсэн судалгааг хийж байсан. Тус судалгаанд хамрагдсан компаниудын дийлэнх хувь нь бизнесийн санхүүжилтийн эх үүсвэрээ банкны зээлээр, үлдсэн хувь нь эргэлтийн хөрөнгө ба үйл ажиллагааны ашгаар санхүүжүүлдэг гэх тоо гарсан. Мөн арилжаа эрхлэх байгууллагуудад бүртгэлтэй нийт 166 хувьцаат компани байгаагаас 2023 онд шалгаруулсан ТОП-100 аж ахуйн нэгжид хамаарах ердөө 13 нээлттэй хувьцаат компани байна. Үүнээс харахад дотоодын зарим аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг сонгохоос илүүтэйгээр банкны зээл авах замаар санхүүжилт татаж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо биржийн болон биржийн бус зах зээлийн бондын зах зээлийг идэвхжүүлж, компаниуд банкнаас бус шууд хөрөнгө оруулалт татах боломжтой талаар сурталчлан таниулж, хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх хүрээнд цаашид тодорхой арга хэмжээнүүнийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс дурдвал Монгол Улсын Засгийн газрын нэгдэн орсон олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын хөрөнгийн зах зээл дээр төгрөгийн бонд гаргах, гаргасан тохиолдолд босгосон санхүүгийн эх үүсвэрийг Монголын аж ахуй нэгжүүдийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг урт хугацаатай, бага зардлаар санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг хувьцаа, бонд гаргах замаар санхүүжилт босгох болон зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, тэр дундаа нийгмийн бонд, жендэр бонд зэрэг бондын шинэ төрлийг нэмэх, ногоон бонд гаргалтыг нэмэгдүүлэх, бондын зах зээлийн ойлголт, ач холбогдолын талаар олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно. Үүний үр дүнд олон нийтээс санхүүжилт татах аж ахуйн нэгжийн тоо болон дотоодын аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын тоо өсөх, улмаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжааны дүн, бондын зах зээлээс татан төвлөрүүлэх санхүүжилтийн хэмжээ өснө гэж тооцоолж байгаа бол энэ нь цаашлаад зээлийн хүүг ч мөн бууруулах ач холбогдолтой.

-Санхүүгийн зохицуулах хороо бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт орууллаа-

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан /2025.04.11/-аар ТОП-100 аж ахуйн нэгжээс бирж болон биржийн бус зах зээлд олон нийтэд, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах ажиллагаанд тавигдах шалгуурыг багасгаж, хялбар шуурхай байдлаар бүртгэх зорилгоор Хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Тодруулбал, тус журмуудад ТОП-100 аж ахуйн нэгжүүд буюу тодорхой чадамжтай компаниудын хувьд нийтэд үнэт цаасаа анх удаа санал болгон гаргах буюу IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийг Хороо ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх, богино хугацаатай, бага дүнгээр бонд гаргаж буй тохиолдолд аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй зэрэг зохицуулалтыг тусгасан. Мөн зөвхөн ТОП-100 компаниуд гэлтгүй бусад аж ахуйн нэгжүүд мөн адил хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломжийг илүү уян хатан болгох чиглэлээр шимтгэл, хураамжийг бууруулах, дэд бүтцийн болон дундын зуучлалын байгууллагууд, андеррайтеруудыг илүү чадавхжуулах ажлуудаас гадна гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилт татах хамтын санхүүжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэх зэрэг бодлого, зохицуулалтын олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд дотоодын аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах илүү уян хатан, ээлтэй нөхцөлүүд бүрдэж, улмаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, үнэт цаасны арилжаа болон хөрвөх чадвар нэмэгдэх, бирж болон биржийн бус зах зээлд чанартай, хөрвөх чадвартай санхүүгийн бүтээгдэхүүнүүд бий болж, үүнийг дагаад дотоод, гадаад хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо ихээхэн нэмэгдэнэ зэрэг чухал ач холбогдолтой юм. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээр дамжуулан татаж, ашигт ажиллагаа нь нэмэгдсэнээр татварын орлого өсөж, бодит эдийн засгийн өсөлт нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна.

Түүнчлэн УИХ-аас 2024 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон бөгөөд Хорооны зүгээс нарийвчилсан зохицуулалт орчныг бүрдүүлэхээр тус үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалтын орчныг олон улсын жишиг, хөгжиж буй орнуудын туршлага, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулж, “Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Ийнхүү хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлснээр гарааны компани болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зээлийн эргэн төлөлтийн өндөр хүүгийн дарамтгүйгээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээл дээрээс бага зардлаар, богино хугацаанд татан төвлөрүүлэх боломжтой болох ач холбогдолтой юм. Цаашлаад тус бизнес эрхлэгчдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн эргэлтэд буй бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн сацуу ажлын байрны хүртээмж нэмэгдэх зэргээр манай улсын эдийн засагт олон эерэг нөлөөг авчрах юм.

“Бонд форум”-ын үр дүнд юу байв?

“Бонд форум 2025” арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан бондын зах зээлийг таниулан сурталчлах, иргэд, олон нийт, хөрөнгө оруулагч, бонд гаргагч болон бонд гаргахаар төлөвлөж буй төр хувийн хэвшлийн компаниудад бондын зах зээлийн талаар ойлголт өгч, энэ зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэх боломж болон давуу тал, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн форумаар бонд гаргах үед тулгарч байсан сорилт, бэрхшээл болон бонд гаргах замаар санхүүжилт татан төвлөрүүлэхийн давуу тал, ач холбогдлын талаар үнэт цаасаа гаргаж байсан компаниуд сайн туршлагаасаа хуваалцаж, зах зээлийн бүхий л оролцогчид нэгдэн, мэдээлэл өгч, санал солилцон, асуудал, шийдлээ ярилцана гэдгээрээ ихээхэн чухал бөгөөд цаашид өөр бусад бонд гаргах хүсэлтэй компаниуд үүн дээр суралцаж, цаг хугацаа болон зардлаа хэмнэх боломжтой болж, нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчид ч илүү мэдээлэлтэй болж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Мэдээж форумын үр дүнд аж ахуйн нэгжүүд бондын зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах хүсэл, сонирхол нэмэгдсэнээр, зах зээл дэх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, санхүүжилтийн зардлыг бууруулах, улмаар зээлийн хүү буурах зэрэг улс орны эдийн засагт эерэг үр дүнг бий болгох суурь нөхцөл бүрдэх билээ.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагууд 4 талт “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулснаар ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах, хөрөнгийн зах зээлд тэдгээрийн оролцоог өсгөх, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах чиглэлд хамтарч ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.191.193

ха ха зарим топууд ч цайрсан луйварчид юм биш үү. нэг л дүр эсгэсэн луйварчид

Avatar

Нэргүй 2025-04-22 66.181.181.88

Төр барьсан хэдэн тавиул нохойнууд том компаниудын эрх ашгийн төлөө ажиллахаас өөр чадах юм алга даа. Барьцаа баталгаагүй бонд гаргах эрхтэй болохоор наад бондын чинь эргэн төлөгдөх баталгаа нь ТОП-100 гэрчилгээ болох юм уу? Зах зээлийн зарчмыг ингэж гуйвуулж байгаа болохоор л манайд бүх юм урвуугаар явдаг юм даа. Монголын онцлогт тохируулна гэж хэлээд хөрөнгийн биржийг зах зээлийн зарчмаас нь гажуудуулсан энэ завхрал зогсохгүй улам л хүрээгээ тэлж өргөжиж байна. Бүтэхгүй ээ, энэ хэдэн п… нар

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж