Бишрэлт Металл баг хэрхэн 0-3 хар нүхнээс амьд гарч чадсан бэ?

The League

Бишрэлт Металл баг хэрхэн 0-3 хар нүхнээс амьд гарч чадсан бэ?

Бишрэлт Металл баг хэрхэн 0-3 хар нүхнээс амьд гарч чадсан бэ?

Монголын төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдлын эздээр Бишрэлт Металл баг тодорсон. Тэд плей-оффын цувралд 0-3 гэж хожигдож яваад дөрвөн тоглолт дараалан хожиж, цувралд ялалт байгуулсан дэлхий дээрх хоёр дахь баг болов. Тэднээс өмнө Т.Санчирын тоглож байсан Филиппинийн баг болох Сан Мигуэль Бирмен баг 2016 онд энэ амжилтыг үзүүлж байв.

Цуврал 0-3 гэж SG Эйпс багийн давамгайлал дор өрнөх үед Бишрэлт Металлын фэнүүдээс бусад нь эргэн ирнэ гэж бодоогүй нь лавтай. Арга ч үгүй. Багийн гол тоглогч Т.Ууганбаяр нь нүүрэндээ хүнд бэртэж, хамгаалалтын масктай тоглож байсан бол легионер Байрон Уэслитэй холбоотой янз бүрийн бор шувуу нисч байлаа. Түүнчлэн Азийн аваргуудын лигийн аялан тоглолтын ачаалал, ядралт, цагийн зөрүү зэрэг нь ихээхэн нөлөөлж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Бишрэлт Металл хэрхэн 0-3 гэх хар нүхнээс эсэн мэнд гарч, финалд хүрсэн бэ?

АЛДАХ ЗҮЙЛГҮЙ БОЛСОН НЬ

Цувралын дөрөв дэх тоглолтод Эйпс гуравдугаар үеийг есөн онооны илүүтэйгээр эхлүүлж, урьдын илүү тоглолтоо гаргаж байв. Ерөнхийдөө л цуврал дуусчихлаа гэж бодсон хүн олон байв. Улирлын турш шүүмжлэлд өртөж, баалуулсан өнгөрсөн улирлын "MVP" М.Өлзий-Орших хагас шигшээд дийлдээгүй. Мөн Б.Тулуй энэ плей-оффд түвшин ахиж, багийн гол лидер болсон байв.

Ийм багийн эсрэг хариулт Металлд байгаагүй. Гэвч цувралын дөрөв дэх тоглолтын сүүлийн үед Металлынхан айх, алдах зүйлгүй шидсэн. Хоёр оноо алдсан ч зөрүүлээд гурван оноогоор хариуг нь барьж, явсаар дөрөвдүгээр үеийн төгсгөлд онооны зөрүүг ойртуулчихсан. Тухайн үеийн эхлэлд Эйпс 76-61 гээд 15 онооны илүүтэй байсан боловч тоглолт 81-79 гэж Металлын ялалтаар өндөрлөсөн.

Энэ цувралыг эргүүлсэн хүнээр Б.Сүхбатыг нэрлэж болно. Дөрөв дэх тоглолтод тэрбээр нийт 18 оноо авсан бөгөөд бүгдийг нь аркны араас түүсэн. Ялангуяа дөрөвдүгээр үед тун зоримог шидэлтүүдийг гүйцэтгэсэн. Хэзээний шидэхээс эмээдэггүй Б.Сүхбатын үйлдлүүд багийнхандаа сэргэлт болсон. Түүний шидэлт А.Энхбаясгалан, Байрон Уэсли нарт халдварлаж, угсраа цохилтуудыг ар араас нь өгөв. Мөн З.Энхтөрийн алдаатай амжилттай болгосон довтолгоо багтаа том тус хүргэсэн гэдгийг санах хэрэгтэй.

Азийн аваргуудын лигийн тоглолтууд нь ч завсарлаж, Металлд лигтээ л анхаарлаа хандуулах, амьсгаа авах боломжийг олгов.

Хэрэв Металл энэ цувралд шүүрдүүлсэн бол тэднийг өмөөрч, ойлгож болох олон шалтгаан байв. Гол тамирчдын бэртэл, элдэв яриа, олон цагийн аялал, ширүүн уур амьсгалтай аялан тоглолт гээд шалтаг олдоно. Тиймээс л тэд цувралын дөрөв дэх тоглолтын сүүлийн үед алдах, айх зүйлгүй шидсэн, довтолсон.

Байрон Уэсли ч багтайгаа Индонези руу яваагүй нь Металлд ашигтай байсаныг үгүйсгэхгүй.

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЛБА

Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар аялан тоглолтоор явах үеэрээ бэртэж, А.Энхбаясгалан нэг тоглолт өнжихөөр шийтгүүлж, дасгалжуулагчдын санааг багагүй зовоосон. Тэдэнгүйгээр хэрхэн чухал тоглолтууд хожих вэ гэдэг ухааныг Металлын дасгалжуулагчид уралдуулж, алдаж, оносон зүйл бишгүй байв.

Эцэст нь цувралын хоёр ч тоглолтод чухал шидэлт гүйцэтгэх боломжоо алдсан Э.Пүрэвдоржийг тоглолтын төлөвлөгөөнөөс хасч, Н.Мөнхчөдөрийг минутыг нэмсэн. Мөн Л.Цэдэвсүрэнг талбай дээр илүү удаан байлгаж, Байрон Уэслигийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэв. Л.Цэдэвсүрэн талбай дээр арав гаруй минутыг өнгөрүүлэхдээ үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Түүний гол үүрэг бол нэг болон дөрөвдүгээр үед Скоттын арыг дааж, Акутыг хязгаарлах байсан билээ.

Ерөнхийдөө Металл Эйпсийг дагаад өргөн бүрэлдэхүүнээр тоглох гэж хичээсэн. Бараг тоглогч бүрээ талбайд гаргаж, үр ашигтай байлгах гэсэн нь алдаа байв. Улмаар цуврал уртсах тусам ашиглах тоглогчдоо багасгаж, минутыг нь тулгасан. Цувралын долоо дахь тоглолтод А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр, Б.Сүхбат, Байрон Уэсли нар бүгд 30 болон түүнээс дээш минут тогложээ.

Металл цувралын эхний дөрвөн тоглолтод самбараас бөмбөг авалтаар өрсөлдөгч багаасаа тааруу байжээ. Харин тав дахь тоглолтоос эхлэн илүү өндөр бүрэлдэхүүнтэй тоглож, энэ тал дээр илүүрхэж эхэлсэн аж. А.Батхуяг, З.Энхтөр зэрэг бүрэлдэхүүн дэх намхан тоглогчдын минутыг багасгаж, өндөр тамирчдадаа олон минутыг өгсөн харагдана.

 БАТМЕН БА РОБИН

Энэ цувралын дэд хүчин зүйлс нь легионер тамирчид байх нь гарцаагүй байсан. Тэд улирлын турш үзүүлдэг байсан тоглолтоо л гаргасан. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Харин гол хүчин зүйлс, хожлын ялгаа нь монгол тамирчдын тоглолт дээр гарав. Эйпсээс М.Өлзий-Орших, Б.Тулуй нар, Металлаас А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр нар сайн байвал баг нь хождог гэсэн зүй тогтол цувралын турш дагасан.

Цувралын эхлэлд Т.Ууганбаярын нүүрний бэртэл, маск түүний тоглолтыг хязгаарласан. Яаж масктайгаа тоглох учраа олоогүй харагдсан. Харин А.Энхбаясгалан багийнхаа хамгаалалт, довтолгооны хамаг л ачааллыг үүрч, лидер гэдгээ харуулсан. Удалгүй Т.Ууганбаяр учраа олж, М.Өлзий-Оршихтой хоёр талд тэнцүүхэн дуэлийг үзүүлэв. А.Энхбаясгалан ч Б.Тулуйтай тулсан.

Гэхдээ арай илүү туршлагатай нь А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр нар байлаа.

ЭЙПС vs ХҮЛЭГҮҮД

Цуврал дуусаагүй байхад л Эйпсийн эзэд, фанатууд баяраа тэмдэглэчихсэн, Хүлэгүүдтэй хийх финалын цувралынхаа талаар яриад эхэлчихсэн байв. Энэ нь Металлыг хурцлав. "We Believe", "All things are possible" зэрэг кампанит ажлууд нь үр дүнгээ өгч, багийн тамирчдад урам өгсөн.

Нөгөө талд Эйпс илүү гэдгээ мэдэрсэн ч долоо буудуулсан чоно доголон байсан ч гүйдэг гэдгийг мартжээ. Финалын уур амьсгалыг мэддэг, Азид өрсөлдөж буй баг сэтгэл зүйн олон тулаанд орсон нь дамжиггүй. Үүнийгээ л залуухан, туршлагагүй Эйпсийн эсрэг харуулчихсан. Дөрөв дэх тоглолтод хожоод л Металл сэргэчихсэн.

Эйпсийн нэг алдаа нь өнгөрсөн улирлаасаа ялгагдах зүйл байсангүй. Дасгалжуулагч Лале Горуновичийг намтарыг харахад л ялагч байгаагүй нь харагддаг. Баг дасгалжуулж аварга авч үзээгүй. Туслах хийсэн ТНТ Тропанг Гига баг нь л хаа байсан 2023 онд Филиппиндээ цом хүртэж байсан түүхтэй. Бусдаар бол дандаа туслах байсан хүн.

Өнгөрсөн жил ч Эйпсийг хагас шигшээд шаварт суулгачхаад яваад өгчихсөн. Ийм л хүнийг багтаа дахин авчирсан нь алдаа байв. Лале ирсэн хойно яг л өнгөрсөн улирлын хагас шигшээд хожигддог бүрэлдэхүүнээ цуглуулж, хуучны тоглолтоо гаргасан. Ганц ялгаа Н.Эрдэнэ байв.

ЭНЭ ЖИЛ ХҮЛЭГҮҮДИЙГ ДАВАХ УУ?

Өнөөдөр/2025.04.21/ Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын финал эхэлж байна. Бишрэлт Металл болон Хасын Хүлэгүүд багууд дахин нэг удаа учраа таарлаа. Металл айхтар хүнд байдлаас эргэн ирсэн учир сэтгэл зүйн хувьд давуу байдалтай байгаа. Харин Хүлэгүүд амралтын байдалтай, бэлтгэлээс өөр тоглолтгүй удчихсан суугаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж