Австрали улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бага насны хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах зорилгоор Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаарын тухай хуулийг баталсан. Тус хуулийн дагуу 16 нас хүрээгүй хүүхдүүдийг "TikTok", "Instagram", "Facebook", "Snapchat", "Reddit", "Х" зэрэг нийгмийн сүлжээний платформ ашиглахыг хориглосон юм. Хуулийн заалтаас товч дурдвал, нийгмийн сүлжээний платформууд 16 нас хүрээгүй хэрэглэгчдийг бүртгүүлэхээс сэргийлэх "зүй зохистой арга хэмжээ" авах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэлх торгууль ногдуулах зэрэг тодорхой заалтуудыг судалгаанд үндэслэн гаргажээ. Австралийн ард иргэдийн 77 хувь нь уг хуулийг дэмжсэн байна.
Хууль энэ оны сүүл үеэс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ хугацаанд нийгмийн сүлжээний платформууд шаардлагатай системүүдийг боловсруулах юм.
Гэхдээ тус хууль нь боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Google Classroom", "Headspace", "Kids Helpline" зэрэг платформ болон "YouTube", "WhatsApp" гэх мэт зарим аппликейшнд хамаарахгүй.
Ерөнхий сайд Энтони Албанез өнгөрсөн оны есдүгээр сард анх төлөвлөгөөг зарлахдаа хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс салгаж, тоглоомын талбайд гаргахаа амласан юм. Тэрбээр "Би хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс холдож, хөлбөмбөгийн талбай, усан бассейн, теннисний талбайд очсон байхыг хармаар байна. Бодит хүмүүстэй уулзаж, бодит туршлага хуримтлуулаасай гэж хүсч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд хор хөнөөл учруулж буйг бид мэдэж байгаа. Энэ бол гай гамшиг. Олон залууст тулгарсан сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар гэдгийг ч бид мэднэ. Хойшлуулсан өдөр бүр бага насны хүүхдүүд нийгмийн сүлжээний хор хөнөөлд өртөж байна. Насны хязгаарлалтыг хэрэгжүүлэх тухайд технологийн компаниудад найдаж байна" гэжээ.
Холбоотой мэдээ