УИХ-ын нэгдсэн чуулган завсарлалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахтай холбоотой асуудал УИХ-аар олон удаа орж хэлэлцэгддэг. Тиймээс УИХ-ын Тамгын газраас Хууль зүйн байнгын хороонд санал өгөх гишүүдийг мэдлэг, мэдээллээр хангах тухай чиглэл өгсөн. Одоо байнгын хорооны саналаар санал хураалт явуулна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд уншиж танилцуулна.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээс УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр УИХ-ын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 9,15,16-ны өдрүүдийн хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах УИХ-ын гишүүний саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80 хувь нь дэмжсэн болно. Иймд байнгын хорооны санал дүнгэлтийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
–УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний гаргасан санаачилгыг дэмжиж байна. Түүнчлэн ноолуурын тухай хэдэн зүйл ярья. Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачаад тэнд амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Заримыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас ноолуурыг өмнө жилээс 10 мянган төгрөгөөр доогуур үнээр авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй. Ноолуурыг самнана гэснээс болж ноолуурын үнэ унаагүй. Хятадын талаас болж бага зэрэг үнэ унаж байгаа шүү. Тиймээс малчид бага зэрэг тэвчээрэй. Дэлхийн ноолуурын 50 хувийг хангадаг мөртлөө үнээ тогтоож чаддаггүй энэ байдлаа цаашид өөрчилнө.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа. Анхны гэдэг утгаараа цаашид зөв жишиг болно гэж бодож байна. УИХ хүсэлт гаргасан тохиолдолд Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх үү үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй. Шууд үүсгээд, цэц бүрэн бүрэлдхүүнээрээ хэлэлцэн шийдвэрлэдэг горимтой. Цаашдаа УИХ олон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах байх гэж бодож байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. О.Алтангэрэл сайд "Дав.Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орсон" гэж байна лээ. Хуульд мухардал гэж байхгүй. Хэрвээ мухардалд орсон бол Үндсэн хуулийн цэц мухардлыг арилгах чиг үүрэгтэй. УИХ мухардсан бол Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Бид Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэдэг Үндсэн хуультай атлаа УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гэж шаардах улс төр, эрх зүй, ёс суртахааууны эрх байхгүй болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-"Үндсэн хуулиар бол УИХ-ын шийдвэр зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл практик дээр УИХ-ыг ердийн шүүх дуудаж байна. УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудал, үндэслэлийг шүүхийн зүгээс нотлох баримтын хүрээнд гаргаж өгөх, УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэ хуралдаанд томил гэж хэлсэн. Агуулга нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилсон, чөлөөлсөн асуудлаар нэг иргэн гомдол гаргасан. Энэ практик хууль ёсоор цаашдаа үргэлжилбэл УИХ ямар нэгэн албан тушаалтныг томилох асуудалд томилогдоогүй хүн нь УИХ-ыг шүүхэд өгөх гажуудал үүсэх гэж байна. Манай улс парламентын засаглалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллагыг УИХ гэж нэрлэдэг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Энэхүү Үндсэн хуулийн хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж болохгүй. Энэ гажгийг таслан зогсоох нэг арга зам бол Үндсэн цэцэд хүсэлт илэрхийлэх юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы /2025.04.18/ нэгдсэн хуралдаанд 76 гишүүн бүртгүүлж ирц 63.3 хувьтай эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар,
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
3.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай; 4.Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, хариулт өгч дууссан. Тиймээс хуулийн эцэслэн батлах санал хураалт явуулж байна.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 71.1 хувийн саналаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй” гэж, 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэсэн юм.
Дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан юм. Ингэхдээ 41.9 дэх заалтыг хүчингүй болгох, 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээр хойш санал авах өдрийг дуустал, нөхөн болон ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараахыг хориглосон зохицуулалтад ажлын хэвлэмэл тайлан хамаарахаар байна гэж үзэж 41.9 дэх хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.
Дараагийн хэлэлцэх асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна. УИХ-ын гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, хариулт өгч дууссан. Байнгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасан. Үүний дагуу санал хураалт явуулж байна.
УИХ-ын 60 гишүүн буюу 60 хувиар горимын санал дэмжигдлээ. Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна.
Нийт 70 гишүүн дэмжсэн байна. Гишүүдийн 76.3 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Шүүхийн тухай хуулийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заажээ. Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ болзлыг хангасан хүнийг өөрөө хүсээгүй байсан ч шууд тэтгэвэрт нь гаргаж болохоор байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэв. УИХ ч үүнтэй нь санал нэгдэж дүгнэлтийг нь хүлээж авсан.
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантайгаа холбогдуулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор заасан юм.
Иргэн 2025-04-18 202.126.90.81
Ноолуурт өгдбг урамшууллаа зонсоо , олон ямаа өсгөхөө боль , мал аж ахуйгаа яаралтай фермийн аж ахуй болго,, газар , хөрс шороогоо хөгжилтэй улс орны жишгээр хамгаал , ойгоо хамгаалж үржүүлж тэлэх бодлого явуул
Нэргүй 2025-04-18 66.181.182.154
Хятадууд чинь Оросоос, бусад дундад азийн орнуудаас ноолуур аваад эхэлсээн
Нисдэг пүрэвдоржоо 2025-04-18 66.181.161.184
Энэ Нисдэг Ховдоос болж татварын мөнгийг дэмий үрэх юм гэнэ.Ховдоосоо очиж мөнгөө босгоорой
Гишүүнд горилогч 2025-04-18 203.169.48.150
Сонгогдох, гишүүн болох хуулиа ямар хурдан баталж байна аа. хэрэгтэй хуулиуд нь урагшилдаг юм уу