Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд сүүлийн жилүүдэд улсынхаа төсвийн төлөвлөлтийг зөв хийж чадахаа больсон гэж зарим эдийн засагч, судлаачид шүүмжлэл хэлээд удаж буй. Намар нь баталсан төсвөө хавар нь тодотгодог жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Зарим тохиолдолд тухайн төсвийн жилд 2-3 удаа ч тодотгосон тохиолдол бий. Төсөвтөө ойр ойрхон засвар хийж тодотгол оруулах нь сайны дохио лав биш. Угтаа улсынхаа төсвийг урт хугацаандаа биш юмаа гэхэд ганцхан жилийн хугацаанд орлого, зарлага, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын геополитикийн асуудлуудтай уялдуулж боловсрууж чадахгүйн балаг гарч байгаа хэрэг.
Энэ оны төсвийн тухайд мордохын хазгай гэгч нь болсон. Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар баталсан төсөв Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулсан. Аргагүйн эрхэнд дахин Засгийн газраас төсвийн зарлагаа бууруулсан дүр эсгэж, УИХ-аар дахин хэлэлцүүлж алх цохиулсан.
Алдагдалгүй төсөв баталсан нь Үндсэн хуулийн дагуу 126 гишүүнтэй байгуулагдсан парламентын төлөөллийн зарчмыг хангах, эрүүл мэтгэлцээн өрнүүлэх үндсэн зорилго биелж буйн жишээ боллоо гэж саймширцгаасан. УИХ-аар 2025 оны төсвийн хуулийг хоёр дахь удаагаа хэлэлцэн батлахдаа 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүргэв. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм. Ийнхүү адармаатай замаар алдагдалгүй батлагдсан 2025 оны нэгдсэн төсвийн талаарх түүхэн тэмдэглэгдэхүйц үйл явдал боллоо гэж ам уралдан шагширч байсан хүмүүс эхнээсээ амаа бариад эхлэв. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн гуравдугаар сарын 17-ны өдрөөс хойш бүтэн нэг сарын хугацаанд төсвийн тодотгол хийх эсэх тал дээр маргаан өрнөж байна.
Оны өмнөхөн өргөн барьж батлуулсан төсвийн орлоготой холбоотой нөхцөл байдал он гарсаар төсөөлсөн хэмжээнээс нь уруудсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын экспортын орлогод жин дардаг уул уурхай, эрдэс баялагийн бүтээгдэхүүн тэр дундаас ганцхан нүүрсний экспортыг сугалаад үзэхэд төсөвт тусгахдаа тонн тутмыг нь 105 ам доллараар зарахаар тооцсон үнэ 30-40 хувиар буурч 70-80 ам.долларт хүрсэн байна. Угтаа тэр хэрээр төсвийн орлого сох дутсан гэсэн үг.
Хэдхэн хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2025 оны эхний гурван сарын тоон мэдээллийг танилцуулсан. Энэ оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 17.5 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн, нүүрсний үнэ унасан нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 9.3 хувиар буурсан гэв. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэдгийг тодотгоод буй.
Сангийн сайд Б.Жавхлан анхнаасаа энэ оны төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсгээгүй гэдэг байр суурь илэрхийлж, байр сууриа бат хамгаалж байгаа. Тухайлбал өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "долларын ханш 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөгтэй тэнцэж байна, өнөөдөр. Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагдал 1.2 их наяд болсон мэдээлэл байна. 2025 оны төсвийг хэлэлцэж байсан үеэс нүүрсний үнэ өнөөдөр 30, 40 хувиар унасан асуудал яригдаж байна.Төсөвт нүүрсний үнийг 105 ам.доллараар оруулж ирчихээд та “Би хар толгойгоороо хариуцаж байна, нүүрсний үнэ унахгүй, өчнөөн худалдан авагч байна. Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын хэлэлцээрийг батлаадах, аваад гарна” гэсэн.Гэтэл өнөөдөр үнэнтэй нүүр тулчихсан, нүүрсний уна уначихсан, валютын ханш чинь замбараагаа алдлаа. Энэ бүхний хор уршгийг бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэн, бор зүрхээрээ бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж бүр үүрч, энэ бүхний золиос болж байна. Одоо ямар зүйл ажиглагдаж байна вэ гэхээр Засгийн газар төсөвт тодотгохгүйгээр бүх зүйлээ авч гарахын тулд яаралтайгаар янз бүрийн юм оруулж ирдэг. Ган татлагат гүүр гэх мэт зүйлээ нүүрс, зэс болон бусад түүхий эдээрээ бартерлах тухай ярьж байна. Уул уурхайн түүхий эд чинь бидэнд валют олж ирэх ёсгүй юм уу. Валютын нөөцийнхөө асуудлыг ярих ёстой биздээ. Гэтэл одоо бартерлах тухай ярьж байна. Оффтейк гэж ярихлаар дэмжихгүй нүүрсний хулгай ярина гэж бодоод байгаа. Одоо бүр бартер лугаа шилжлээ. Үнэнтэйгээ нүүр тулаад төсвөө тодотгодог юм уу, мега төслүүдийнхээ зарим нэгийг болих юм уу, тэр асуудлаа яримаар байна” гэх үгийг Сангийн сайдад дайсан.
Түүний хариуд Сангийн сайлд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийхээр ашиг нь нэмэгдээд нүүрсний үнэ нэмэгдээд, биржийн арилжаа нэмэгддэг бол өдөр болгон л хэдүүлээ үүнийг хийж болно. Тодотгол чинь гэнэт нэг өглөө босож ирээд хийдэг зүшйл биш. Төсвийн тухай хуульд нөхцөл заасан байдаг. Тэгээд ч тодотголтой, тодотголгүй энэ жилийн төсвийг алдагдалгүй баталсан. Өөрээр хэлбэл, олж байгаа хэмжээгээр зарлага гаргана шүү гээд хуульчилсан. Цаашдаа төсөв маань эдийн засагтайгаа илүү уялдаатай, төсвийн тоо нь багасаад эдийн засгийн өсөлт нь нэмэгдэж байдаг зарчим руугаа орж ирж байгаа. Баялагтай гэдэг ч энийгээ яаж эргэлтэд оруулах вэ. Энэнээс өөр ямар сайн хувилбар байна вэ. Төсвөөс гадуур төсөвтэй зэрэгцэх баялаг бүтээх ямар боломжууд байна, энийгээ ярилцах хэрэгтэй.Олон улсын практик, байгалийн баялагтай сайн практик нь энэ байна. Энийг бид хөрсөн дээрээ буулгаж ашиглая л гэж байгаа юм. Хуульчилъя, явах гээд үзье. Төсөвтэйгээ хэдүүлээ зууралдаад байх юм бол бидний зорьж байгаа иргэн бүртээ байгалийн баялгийн өгөөжийг хүртэх ёстой эдийн засгийн өсөлт цаасан дээрээ л үлдэнэ” гэсэн юм.
ТӨСВИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД ТОДОТГОХ ВЭ?
Сангийн сайдын төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэдэг нь нэг талаараа үнэн. Төсвийн тухай хуульд дараах тохиолдолд төсөвт тодотгол оруулах талаар дурдсан байна.
34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;
34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;
34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;
34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.
34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон.
Угтаа урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх нөхцөл байдал үүсээгүй нь төсвөө тодотгохгүй гэх ганц шалтаг бас шалтгаан болж байна. Хүсвэл хуулиар бамбай хийж, эс хүсвэл хуулиас давсан бодлого шийдвэр гаргадаг дабль стандарт тогтох учиргүй л юм. Яг ийм байдлаар дарга нар асуудалд хандаад удаж байгааг иргэд сохор биш учраас харж байгаа. Яаралтай горим нэрийн дор яарвал даарахын үлгэр ч олон болж буй.
Сүүлийн үед УИХ болон Засгийн газрын гишүүдийн амнаас “үнэнээ ярь. Үнэнтэйгээ нүүр тул, Үнэнд гүйцэгдлээ” гэх мэт үгс гарах болсон. Эцэст нь өнөөдөр баалуулж байгаа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа ч Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг тэдний хүслээр “кноп” дарсан УИХ-ын гишүүдэд учир их бий. “Ямар УИХ байна, тийм л төсөв баталдаг” гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш байх. УИХ үнэхээр Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллаагүй л юм бол баталж гаргасан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэхийг шаардах үндсэн үүргээ биелүүлэх учиртай. . Ямартай ч төсөв өргөн барьсан Засгийн газар болон хуулийг нь баталсан УИХ хэзээ “үнэн”-ий олон тодорхойлолтод баригдахыг цаг хугацаа харуулах биз ээ. Уснаас хэн нэг нь хуурай гарахаас илүүтэй улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихгүй байхад анхаарах цаг иржээ.
Нэргүй 2025-04-18 203.91.115.44
Манай улсын ДНБ 80 их наяд төгрөг байгаа шүү. 80,000,000,000,000₮. Түүний 3% нь 2.4 их наяд төгрөг.
Нэргүй 2025-04-18 202.9.41.27
Өлн түрүүний бөөс х***а манж уих зг гажиг хулгайч нам тар хулгайлгч хог шааруудыг нам төр-с далд ор2л.
Нэргүй 2025-04-18 103.212.162.123
төсвийн тодотголоо эртхэн хийсэн нь дээрдээ. Олонх нь энэ тухай яриад байгаа юм бишүү. Улс орон хэцүү байдалд орох дохио хоёр гуравдугаар сараас мэдрэгдэж эхэлсэн. Цаашид энэ янзаараа байвал улам л муудна шүү дээ…
Нэргүй 2025-04-18 202.9.46.97
Пямпуурцан!
Нэргүй 2025-04-18 66.181.161.243
Дампуурцаан