Шинэ нэр: Дэлхийд анх удаа нүдээ боолттойгоор агаарт тав эргэсэн

Шинэ нэр: Дэлхийд анх удаа нүдээ боолттойгоор агаарт тав эргэсэн

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор циркийн жүжигчин Т.Номуунбаатарыг онцолж байна. Тэрбээр, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Долдугаар ангиасаа эхлэн циркийн сургуульд суралцаж, 2013 оноос хойш циркийн акробат жүжигчин мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд багаараа олон улсын тэмцээнээс нэг мөнгө, нэг гранпри, найман алтан медаль хүртжээ. Т.Номуунбаатар нүдэндээ боолттой агаарт тав эргэж дэлхийн рекорт тогтоосон ба өнөөдрийг хүртэл түүний амжилтыг хэн ч эвдээгүй байгаа юм. "Олон жилийн туршид хэцүү бэрх цаг үеийг туулсан ч, циркийн урлагт хайртай учраас бүх чадлаараа хичээдэг" хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэе.


ТУЯАХҮҮ НОМУУНБААТАР 1984.09.16

Төгссөн сургууль:

Хөгжим бүжгийн коллеж 

Мэргэжил:

Циркийн жүжигчин

Сошиал хуудас: 

Nomuunbaatar Tuyakhuu/фэйсбүүк/

No photo description available.

-ГАНЦ УРАН НУГАРАЛТААР ТӨСӨӨЛӨГДДӨГ БАЙСАН МОНГОЛЫН ЦИРК ӨДГӨӨ АКРОБАТЫН ТӨРЛӨӨР ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭХ БОЛЛОО. ТАНАЙ БАГИЙН ТУХАЙД ЯМАР ҮЗҮҮЛБЭРҮҮДЭЭРЭЭ ЯЛГАРДАГ ВЭ? 

-Багийн үзүүлбэрийн тухайд дөрвөн давхар руу хоёр эргэлт, гар дээр гар, зургаан эргэлт гэх мэт онцлох үзүүлбэрүүд байгаа. Гар дээр гар гэдэг нь хүний гаран дээр дахиад хүн хөлөөрөө зогсоод, тэр хүний гаран дээр дахиад хүн хөлөөрөө зогсоно гэсэн үг.

Монголын циркийн түүхэнд гэлтгүй дэлхийд ч энэ төрлийн техникээр үзүүлбэр үзүүлдэг баг байхгүй.

Дөрвөн давхар руу хоёр эргэлт гэдэг нь дөрвөн хүн давхарлаж зогсоод хамгийн дээд талын хүн агаарт хоёр удаа эргээд буцаж тогтох техникийг хэлж байгаа юм. Зургаан эргэлт гэдэг нь шидэх банзнаасаа агаарт зургаан удаа бүтэн эргэнэ гэсэн үг. Манай баг байгуулагдаад 11 жил болж байна. Түүнээс хойш хэцүү, бэрх давааг туулж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон.

-ТАНЫГ НҮДЭНДЭЭ БООЛТТОЙ АГААРТ ТАВ ЭРГЭЖ ДЭЛХИЙН РЕКОРТ ТОГТООСОН ГЭДГИЙГ СУДАЛЖ, МЭДЛЭЭ. ЭНЭ ТУХАЙГАА ХУВААЛЦААЧ?

-2017 онд ОХУ-ын Ижевск хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн фестивалийн үеэр уг үзүүлбэрийг хийж байсан. Тухайн үед огт хийе гэж бодож байгаагүй, санамсаргүй зүйл болсон гэж хэлж болно. Ижевскийн тэмцээний бэлтгэлийн үеэр манай продюсер Н.Эрдэнэ "миний дүү нүдээ боогоод эргээд үзвэл яадаг юм" гээд надад анх санал болгож байсан. Тэгээд бэлтгэлийнхээ үеэр туршиж, бэлдэж байгаад дараа нь уг үзүүлбэрийг хийж байсан. Тухайн үедээ хийх үү яах уу, болих уу гээд их эргэлзсэн. Одоогоор дэлхийд өөр хийсэн хүн байхгүй. 

-НҮДЭЭ БООГООД АГААРТ ЭРГЭХЭД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ?

-Ер нь циркийн үзүүлбэр үзүүлнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэр тусмаа акробат төрлийн жүжигчид бүгд л хэцүү үетэй тулгардаг. Маш их айдас бий болдог. Тийм учраас айдсаа давж, өөрийгөө удирдаж, үзүүлбэрээ дуусгана гэдэг маш их эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг. Цирк бол залуу насны урлаг. Эд залуу 18 настайгаасаа эхлээд 30 нас хүртлээ зүтгэнэ. Түүнээс цааш хэцүү.

Ер нь циркчид үзүүлье гэсэн зүйлээ алдаагүй гүйцэтгээд түүнийхээ араас үзэгчдийн алга ташилт, дуу хоолойноос л урам авч огшдог. Түүндээ улам эрдэх маш гоё мэдрэмж.

No photo description available.

-ОЛОН ЦАГИЙН БЭЛТГЭЛ, АКРОБАТЫН ХҮНД ҮЗҮҮЛБЭРИЙН ДАРАА ШАНТАРЧ БАЙВ УУ?

-Циркийн урлагт алдахгүй байна гэж байхгүй. Бид робот биш учраас алдаа гаргана. Алдаж, шантарч байсан үе зөндөө бий.

-ХҮНД БЭРТЭЛ АВЧ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ ЮУ?

-Зургаан эргэлт хийж байхдаа сээрэн дээрээ унаж байсан. Хүзүүгээ гэмтээж байсан. Газар унаад нуруугаа хүнд гэмтээж нэг жил орчим бэлтгэлдээ орж чадаагүй тохиолдол байдаг.

-ҮЗҮҮЛБЭР ЭХЛЭХИЙН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН БЭЛДДЭГ ВЭ?

-Циркчдийн хувьд жирийн үеийн энгийн бэлтгэл тэмцээнд орохын өмнөх бэлтгэл хоёр ялгаатай. Тэмцээнд орохын өмнөх бэлтгэл бусад тамирчидтай адилхан. Биеийн бэлтгэлээ хангана. Гэхдээ бидний хувьд биеийн бэлтгэл гэхээс илүү сэтгэл санааны бэлтгэл маш сайн хийдэг. Ганцаараа байж төвлөрнө, хийх үзүүлбэрээ нүдэндээ төсөөлнө гэх мэт. Ялангуяа эрсдэлтэй үзүүлбэр үзүүлэх гэж байгаа бол сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх ёстой.

Тэгэхгүй бол үзүүлбэр үзүүлэхийн өмнө маш хэцүү, дарамттай байдаг. Олон хүний нүдэн дээр өөрийнхөө амийг эрсдэлд оруулах зүйл хийж байна шүү дээ.

Мөн тухайн үзүүлбэрийг амжилттай хийх юмсан гэсэн чин хүсэл байгаа учраас, алдахгүй юмсан гэсэн сэтгэлийн түгшүүр мэдрэгддэг. Тэр болгоныг дотроо бариад өөрийгөө маш сайн төвлөрүүлж байж хийх зүйлээ хийнэ дээ. Харин яг үзүүлбэрээ хийх гэж байгаа үедээ өөр юу ч боддоггүй. Зөвхөн хийх гэж байгаа зүйлээ л боддог.

-АНХ ЦИРКИЙН УРЛАГТАЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ

-Би циркийн сургуульд санаандгүй орж байсан. Багадаа дээр үеийн Хятад кино үзэж байгаад хажуу тийшээ эргэх ч юм уу тиймэрхүү зүйлс сурчихсан байсан. Гэхдээ би бүжигт илүү сонирхолтой байсан. Манай ээж бүжигчин хүн. Тийм болохоор ээжийгээ дагаад бүжигчин болно гээд Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангид орох гэж байсан юм. Тухайн үед бүжгийн анги нь элсэлт авах болоогүй гээд ээж маань циркийн ангид оруулж байсан түүхтэй. Тэр болтол би цирк гэдэг зүйлийг мэддэггүй байсан. Өмнө нь огт үзэж байгаагүй юм билээ. Анх удаа шалгуулж тэнцээд л багш нарынхаа гарт орсон. Ерөнхийдөө бага зэрэг шокийн байдалтай байсан. Яваандаа багш нар, дээд үеийн ах, эгч нарынхаа хийж байгаа зүйлийг хараад аан цирк гэж ийм юм байдаг юм байна гэж мэдэж авсан. Яг тэгж харж, ойлгосон цагаасаа циркт илүү их дурласан. Дэлхийд "Нарны цирк" гэж байдаг. Миний хувьд тэндээс л олон гайхалтай үзүүлбэр харж, биширч өссөн дөө.

No photo description available.

-АНХНЫ ТЭМЦЭЭН

-Хамгийн анхны том тэмцээн гэвэл 2015 онд Монгол Улсад "Дэлхийн цирк" тэмцээн одоогоор бол "Аса арена"-д болж байсан. Тэр тэмцээнд хамгийн анх удаа агаарт зургаан эргэлт хийж байсан. Миний хувьд анх удаа гишгэсэн том алхам байсан.

Харин өнөөдрийн тухайд Монголын циркчид дэлхийд маш өндөрт бичигдэж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийд хүчтэй гарч ирсэн. Энэ хүчтэй гарч ирсэн байр суурь нь одоо ч хадгалаастай, эхний гуравт эрэмблэгдэж байна. Уран нугаралт, акробат, шидэх банз гэх мэт төрлүүдийг онцолж болно. Ялангуяа шидэх банзаар дэлхийн чансааг тэргүүлж байна.

-МОНГОЛД ЦИРКИЙН УРЛАГ ХӨГЖӨӨД 80 ГАРУЙ ЖИЛИЙГ АРДАА ОРХИСОН БАЙНА. ЭНЭ УРТ ХУГАЦААНЫ ТҮҮХИЙГ ӨНӨӨДӨР Ч ЦИРКЧИД НЭР ТӨРТЭЙГӨӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВЧ ЯВАА. ГЭТЭЛ ЭДГЭЭР УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ДЭМЖДЭГГҮЙ ГЭХ ШҮҮМЖЛЭЛ БАЙДАГ. ҮҮНД ТА ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙДАГ ВЭ?

-Миний хувьд энэ асуудалд ил тод дуугардаг хүн биш. Гэхдээ дотроо бодож явдаг зүйлс бий. Мэдээж аль болох биднийг дэмжээсэй гэж хүсдэг. Цирк хувьчлагдсанаас хойш хэдэн жил болов гээд харахаар нэгэнт бий болчихсон нөхцөл байдал шүү дээ. Тиймээс бид хувиараа аль чадахаараа болгож, бүтээх гээд л зүтгэдэг. Тэгсээр л өдийг хүрлээ. Бараг дасчихсан. Байгууллага болгоны хаалгыг тогшоод л явж байдаг шүү дээ.

-ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Миний хувьд цаашид шинэ залуу үеэ бэлдэж, өөрийнхөө хийж чадаагүй амжилтыг гаргахыг хүсдэг. Чадал хүрвэл хийхийг хүсдэг зүйлс зөндөө бий. Ялангуяа өөрийнхөө тогтоосон амжилтуудыг ахиулахыг хүсдэг. Хүний шунал гэдэг барагдахгүй шүү дээ.

-ЦИРКИЙН УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭДЭГ, ХИЧЭЭЛЛЭХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Циркэд үнэхээр сонирхолтой, өөрийгөө сорьж үзье гэж байгаа залуучууд циркийн сургуульдаа ороод ном журмаар нь бүх зүйлийг үзэж, харж, сурч, туулаасай л гэж хүсч байна даа.

No photo description available.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Аса 2025-04-18 202.9.46.97

Аса-д үнэгүй өгсөн циркээ төрийн өмчид буцааж авья.

Avatar

Eizy 2025-04-18 202.70.37.32

Монголын бас нэгэн бахархал … Баяр хүргэе! Амжилт хүсэе!

Avatar

Нэргүй 2025-04-18 188.162.254.91

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж