Мьнямарын уламжлалт шинэ жилийн баярыг тохиолдуулан цэргийн хунтагийн тэргүүн Мин Аун Хлайн 4893 хоригдлыг өршөөлөөр суллажээ. Тэдний дунд 13 гадаадын иргэн байсан бөгөөд эх орон руу нь буцаав. Хүн амины, хүчингийн болон аюулгүй байдалтай холбоотой зарим ноцтой хэрэг үйлдсэн хоригдлуудаас бусад ялтан үндсэндээ өршөөлд хамрагдсан аж. Энэ хүрээнд 4893-аас гадна өөр олон хоригдлын ялын хугацааг богиносгосон.
Суллагдсан хүн дахин хэрэг үйлдвэл анхны ялын хугацаан дээрээ сүүлийнхийгээ нэмж эдлэх нөхцөлтэй.
Баярын өдрөөр олон хоригдол нэг дор суллах нь Мьянмарт ердийн хэрэг биш. Гэр бүлийн гишүүн, ойр дотны хүнээ суллагдаж гарч ирэхийг хүлээх олон иргэн өнөө өглөө эрт Мьянмарын хойд Янгон мужийн Инсейн шоронгийн төв хаалганы гадаа цугларчээ.
Улс төрийн хоригдлууд 4893 хүний тоонд багтсан эсэх нь тодорхойгүй байна. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр өнгөрсөн Баасан гаригийн байдлаар Аун Сан Су Чи зэрэг 22197 улс төрийн хоригдол хоригдож байжээ. Тэдний олонх нь өдөөн хатгасан гэх зүйл ангиар хоригдож байсан бөгөөд энэ нь ихэвчлэн гурван жил хүртэлх ялтай байдаг.
Мьянмар улс аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдээд удаагүй байгаа тул уламжлалт шинэ жилийн баяр Тингян өргөн дэлгэр болоогүй. Гуравдугаар сарын 28-ны газар хөдлөлт 3725 хүний аминд хүрсэн гэх сүүлийн үеийн тоо байна.
Түүх ч 2025-04-17 202.21.120.62
Аун Сан Су Чи тэгээд яг суллагдсан юм уу. Хоригдож байжээ гэх юм